Monday, January 12, 2015

Монголчуудын байлдан дагуулал дахь байгал цаг уурын нөлөө

Өөрийн баклаврын дипломны ажлын хэсгээс сонирхуулж байна. Энхүү ажлаараа түүхийн сурвалжийг орчин үеийн байгалийн шинжлэх ухааны ололт амжилтуудтай хослуулахыг зорьсон болно.

Аливаа улс орны хөгжилд байгаль цаг уур орчин нөхцөл, газарзүйн байрлал зэрэг хүчин зүйлс нөлөөлсөөр ирсэн билээ. Гэвч цаг уурын өөрчлөлтийг тэр бүрчлэн сурвалжийн мэдээнд тулгуурлан гаргах бололцоогүй бөгөөд зарим нэг томоохон байгаль цаг уурын гамшгийн талаар л дурдсан байдаг. Иймээс байгаль цаг уурын өөрчлөлтийг тодруулан гаргаж энэхүү өөрчлөлт нь түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв гэдгийг тодруулахын тулд орчин үеийн байгалийн шинжлэх ухааны ололт амжилтуудад тулгуурлан судлах бүрэн боломж бололцоо нээгдэж байна.

Монголчуудын байлдан дагуулал эхлэх болсон шалтгаануудын нэг нь байгаль цаг уурын нөлөө байсан тухай П. Рачневский дурдсан байдаг. Тэрээр “эрх мэдлийн төлөө тэмцэл ба магадгүй цаг агаарын нөлөө уугуул нутаг дахь мал сүргийг нь ноцтойгоор хорогдуулсан тул түүнийг нөхөх хэрэгтэй байжээ. Энэ нь Тангудын гүрэн лүү хийсэн Монголчуудын анхны довтолгооны цорын ганц зорилго байсан агаад их хэмжээний мал цуглуулмагцаа л монголчууд эл орноос буцаж байсан юм” гэжээ.[1] Тэгвэл монголчуудын байлдан дагуулал эхлэхийн өмнөх, монголчуудын байлдан дагуулал явагдах үеийн улмаар монголын эзэнт гүрэн задрах үеийн байгаль цаг уур ямар байв гэдгийг тодруулан судлах шаардлага гарч байгаа юм. Газарзүйн детерминизмийн онол нь түүхэн газарзүй, түүхэн газар усны нэр судлал зэргийг тодруулан судалдаг. Гэвч энэ удаад нарны идэвжлийн судалгаа, модны цагирагын судалгаа зэрэгт тулгуурлан монголчуудын байлдан дагууллын үеийн монгол орны байгаль цаг уурын нөхцөл, өөрчлөлт түүний нөлөөллийг тодруулан гаргахыг зорьлоо.

1.1. Нарны идэвхжил
Наран дээр толбо, дөл, дүрсхийлт гэх мэт хоорондоо уялдаа холбоотой физикийн нарийн нийлмэл үзэгдлүүд явагддаг байна. Нарны бүлэг толбуудын тоо, тэдгээрийн эзлэх талбайн хэмжээг өдөр, жил дараалан тэмдэглэж ажигласны дүнд толбонуудын ихсэлт, багасалт нь огт тохиолдлын бус аажимдаа давтагдан үелэх чанартайг тогтоосон байдаг. Нарны идэвхжил нь “манай гарагийн нэг эст нян, хүн амьтан ургамал, түүний толгой, үржил хөгжил, өвчин тахал, ган, зуд хямрал цэцэглэлтэнд нөлөөлдөг” хэмээн оросын физикч түүхч А.Л. Чижевский үзсэн байдаг.[2] Тэрээр нарны идэвхжил байгаль, нийгэмд яаж нөлөөлдөгийг судлан, гелиобиологи буюу нарны биологи хэмээх шинжлэх ухааныг үндэслэсэн байна. Энэ шинжлэх ухаан астрономи, түүх, биологи, анагаах ухаан, ургамал судлалтай холбогдож, тэдгээрийн зүй тогтлыг нэгтгэн дүгнэх, холбох байдлаар үүсчээ.
Монголын эрдэмтэн Л. Энхбаатарын нийгэм судлаачдын дүгнэлтэнд үндэслэн үзсэнээр аливаа түүхэн үйл явдал нь тодорхой нэгэн давтамж хэмнэлтэйгээр явагддаг бөгөөд түүхэн хөгжлийн нэг том үе нь 144 жил үргэлжилдэг бөгөөд дотроо тодорхой шинж чанар бүхий дөрвөн үед хуваагддаг гэж үзжээ.[3] Ингэхдээ 36 жилийн үечлэлтэйгээр
-          Суурь үе буюу эрчим хүч хуримтлагдах үе;
-          Түүхэн замнал эрчимтэй хөгжиж албадлагын хөшүүрэг гарч ирэх бөгөөд энэ үед түүхэн гарамгай хүмүүс тодрон гарч ирдэг үе;
-          Төрийн хөгжил дээд цэгтээ хүрдэг үед
-          Ард түмэн чөлөөтэй хөгжиж эхэлдэг үе гэж ангилжээ.
Энэхүү үе шатууд нь нарны нөлөөгөөр явагддаг байна. Л. Энхбаатар монголын түүхэн нэг том хэмнэлийн үеийг 1133-1277 оныг гэж үзсэн бөгөөд нэгдүгээр үе нь 1133-1169 он, хоёрдугаар үе нь 1169-1206 он, гуравдугаар үе нь 1206-1241 он, дөрөвдүгээр үе нь 1241-1277 он гэж үзжээ.[4] Үүнээс үзвэл монголчуудын гадагшаа чиглэсэн аян дайн нь гуравдугаар үед тохиож байгаа юм. Хоёрдугаар үе буюу 1169-1180 он нарны идэвхжлийн өндөр үе байсан бол 1181-1192 онд нарны идэвжлийн нам үе, 1193-1204 онд нарны идэвхжлийн өндөр үе, 1205-1216 онд нарны идэвхжлийн нам үе тус тус тохиосон байжээ. Нарны идэвхжил нь 11.5 жилийн давтамжтайгаар явагддаг ажээ. Ингэхдээ дөрвөн үед хуваагдах бөгөөд
- Бага цочролын үе - 3 жил
- Сэргэлтийн үе - 2 жил
- Оргил үе - 3 жил
- Шувтаргын үе - 3 жил  байдаг ажээ.
Эдгээр ангилал монголын байлдан дагуулалтай хэрхэн уялдахыг авч үзье.
Энэхүү давтамжийн нөлөөгөөр нарны идэвхжил өндөр үед Европт бослого хөдөлгөөн, хувьсгалууд ихээр гарсан бол нарны идэвхжил нам үед Төв Азид  гарсан ажээ.[5] Мөн түүнчлэн Их Монгол улсыг байгуулсан 1206 он, 1224 онд Хорезм улсыг байлдан дагуулсан, Тангуд улсыг дагуулсан, 1231-1232 он Алтан улсыг мөхөөсөн, Хүлэгү хаан 1256 онд Ил хаант улсаа байгуулсан, 1299 онд монголчууд Вади аль-Казнадард мамлюкуудыг ялсан зэрэг нь цөм нарны идэвхжлийн нам үед тохиосон байна. Нарны идэвхжлийн нам үед монголд цаг уур таатай байхын дээр улс төр нийгмийн томоохон үйл явдлууд тохиолдсон нь тодорхой байна.


1.2.Модны цагирагын судалгаа (Дендрохронологи)
Монгол орны ойн эртний түүхэн хөгжлийн судалгаа бүрэн гүйцэд хийгдээгүй боловч одоогоос 12000 жилийн өмнө Монгол орны умард хэсэгт зонхилж байсан мөстлөг хайлж Хангай, Хэнтийн нурууны захаар шилмүүст мод бүхий ойт хээр зонхилж байсан байна. Ийм ойт хээр 8000 жилийн өмнө үе хүртэл зонхилж байснаа 8000-4000 жилийн хооронд ус чийг нэмэгдэж хүйтсүү тайгын хэмжээ аажим нэмэгдэж 4000-2600 жилийн үед оргилдоо хүрсэн ба энэ үед гацуур, хуш одоогийнхоос хавьгүй их байсан байна.
2600 жилийн тэртээгээс чийг багасаж хуурайшил, дулаарал эхэлснээр гацуур, хушин ойн хэмжээ багасжээ. Одоогоор хушин ой хүйтэн газраар томоохон нуруудын оройгоор (Хэнтийд 1900 м, Хангайд 2200 м-ээс дээш) гацууран ой голын татмын цэвдэг бүхий газраар тархан үлдсэн байна.[6]
Сүүлийн мянган жилд тохиосон хамгийн дулаан үе нь XX зуун байсан бол IX-XIV зууны хооронд дулаан, хүйтэн үеүүд аль аль нь тохиосон хэмээн үздэг. Үүнээс үзвэл судлан буй үед цаг уурын өөрчлөлт хэлбэлзэл ихтэй байсан бололтой. Модны цагирагын судалгаа хийх явцад монгол орны цаг уурын таатай үе нь 200 жилийн давтамжтайгаар явагддаг болох нь тогтоогдсон бөгөөд 2010 онд Хэнтий аймагт явуулсан судалгаагаар Монголчуудын гадашгаа чиглэсэн аян дайн эхлэх үед монгол орны цаг уур ихээхэн таатай байсан нь тогтоогджээ.[7]
Модны цагирагын судалгаагаар авч үзэхэд 1211-1230 он монголд байгаль цаг уур таатай байсан нь харагдаж байна. Нарны идэвхжлийн судалгаагаар 1205-1216 он нам үед нь тохиосон байна. Үүнээс үзвэл уг хоёр судалгаанд давхцан дурдагдсан 1211-1216 он нь монголчуудын байлдан дагуулал эхлэх цаг үетэй тохиох буюу цаг уурын энгийн үеэс таатай үе болох нь тодорхой байна. Иймээс Тангуд, Алтан улсруу хийсэн удаа дараагийн аян дайнууд харьцангуй амжилттай байсныг үүгээр тайлбарлаж бас болох юм. 1216 оноос хойшхи үе нь нарны идэвхжлийн өндөр үед хамаарах боловч тухайн үед монголчууд гадагшаа олон жилээр байлдахаар байсан тул монгол орны байгаль цаг уур таатай бус байсан ч монгол цэргүүдэд нөлөө үзүүлээгүй бололтой. Харин модны цагирагын судалгаагаар цаг уурын таатай  жилүүд үргэлжилсээр байсан байна.



[1] П. Рачневский, 2006: 117.
[2] Энхбаатар Л, Түүхэн хэмнэл нарны идэвхжил, 2005:5.
[3] Мөн тэнд., 2005:7.
[4] Мөн тэнд., 2005: 9-10.
[5] Д. Освятский, А.Л. Чижевский, А.А. Путилов нарын судалгааг Энхбаатар Л, 2005:183-184-с үзнэ үү.
[6] N. Baatarbileg, R. Mijiddorj and Ch. Dugarjav, 1738 year of Mongolian Temperature variability, МУИС-ЭШБ-Биологи, Улаанбаатар, 2000:14.
[7] Мөн тэнд., 2000:14. 

1 comment: