"Өнөөдөр" сонин 2014.09.09 №208 (5302)
Судлаач Б.Эрдэнэбилэг
Түүний амьдралын түүхийн нэгээхэн хэсгээс товчхон өгүүлэхэд тэрээр 1885 онд одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Цэнхэрийн гол хэмээх газар Богд гэгээний шавийн урианхайд отгийн ард Намжилын гэр бүлд төржээ. Арваад настайгаас эцгээс өнчирч, эх Пагма, дүү нарын хамт мал маллан амьдарч байгаад хүрээнд суух хамаатан лам Самданг бараадан ирж, хүрээ хийдийн газар ном сурахын зэрэгцээ сүм хийдийн аж ахуйн газар ойр зуурын ажил хийж ам бүлээ тэжээж байсан бөгөөд 1900 оны орчим орос орныг зорьж, Халимагийн нэгэн хийдэд гурван жил орчим шавилан суужээ. Эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндсээ аврахын төлөөхалуун амиа зориулсан эх орончдын нэг нь Их Хүрээний гавж лам, хожим нь улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах Дотоодыг Хамгаалах газрын даргаар ажиллаж, их гүрний түрэмгий бодлогыг эсэргүүцэж, түүнийхээ золиос болон хэлмэгдсэн Намжилын Хаянхирваа билээ.
Тэндээс буцаж ирмэгцээ Их Хүрээнд Чойрын ном хэдэн жил үзэж байгаад дахин Халимаг нутагт очиж амьдарч байтал тэнд үймээн самуун болсон учир түүнээс дайжсан танил нөхдийн хамт Турк улсын нийслэл Стамбулд 1913-1914 оны үед очоод 5 жил болохдоо ажлын хүнд бэрхийг үл хайхран хөдөлмөрлөхийн хамт эсперанто хэлний 1 жилийн курст суралцаж төгсчээ.
Энэ тухай нэрт эрдэмтэн Бямбын Ренчин дурдатгалдаа: “Би Хаянхирваагаар багшлуулж эсперато хэл сурсан. Хаянхирваа өөрөө энэ хэлийг сурсан тухайгаа ярихдаа: “Бадарчлан явж, оросын халимаг ястнаар явсан. Тэгэхэд Монголын Богдын шавь хэмээн маш их хүндэтгэдэг байсан. Хуралд нь хурж, шавилан сууж байтал дайн үймээн болж, олон лам нар дайжин Английн цэргийн усан онгоцонд сууж Стамбул орсон. Нэгэн турк хүнтэй танилцаж, дагаж ажил хийж мөнгө олж байсан. Тэр хүн дагуулж, эсперанто хэлний 1 жилийн сургуульд суралцуулсан. Тэгээд эсперанто хэлтэй жуулчид буудалладаг буудлын газар ачаа буулгах, ачих, үйлчлэх ажилд орж ажиллаж байсан гэж ярьдаг байсан” хэмээн өгүүлжээ.
Тухайн үед эсперанто хэлээр гарч байсан сониноос олон улсын тухай мэдээлэл авч,“феодалын монголд хувьсгал болж, малчин ардууд эрх чөлөөгөө олсон тухай болон шинэ Монгол Улсын элчин Москвад ирж суув” гэсэн мэдээг уншжээ. Сонин хэвлэлийн эдгээр мэдээг сонссоноос хойш хүч тавин хөөцөлдсөөр танил нөхөд, эсперантогийн байгууллагын дэмжлэгийн ачаар Москвад ирж, Монголын Элчин төлөөлөгчийн газар шууданч, зарлага зэргийн ойр зуурын ажил хийж байгаад элчин төлөөлөгч гүн Даваагийн хамт эх нутагтаа иржээ.
Олноо Өргөгдсөний үед гадаадад тусгай үүрэг гүйцэтгэж байсан тухайд тэрээр 1934 оны 5 дугаар сарын 24-нд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Олноо Өргөгдсөний 2 дугаар оноос эхлэн эзэн хаан Жавзандамба, шанзав Бадамдорж, чин ван Дашдэндэв нар сүм хийдийн дотор зохион байгуулалт хийж, да амбан Магсар бээс харчуудын дотор тагнуулын ажил зохион байгуулж байхад Богдын дэргэд шадар байсан Баатар захирагч гадаадын тухай мэдээг нэгтгэн Богдод өгдөг байсан” хэмээн мэдүүлжээ. Үүнээс үзэхэд хаан төрийн энэ нууц ажлыг тодорхой мэддэг байсан нь өөрийн биеэр энэ ажилд оролцож байсантай холбон үзэх үндэстэй.
Тэрээр Монгол эх орондоо ирмэгц улс төрийн амьдралд оролцож, МХЗЭ-ийн Төв Хороонд Зохиолын хэлтсийн дарга болж, 1924 оны 10 дугаар сард намын гишүүнд элсэж,мөн онд хуралдсан МАХН-ын 3 дугаар Их хурлаас Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Улсын Анхдугаар Их хурлаас Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 1925 оны 5 дугаар сард Намын сургуулийн захирлаар томилогджээ.
Тэрээр 1926 оноос Дотоодыг Хамгаалах газрын даргааражиллах хугацаандаа улс орны гадаад, дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах чухал үүрэгтэй тус газрын үйл ажиллагаанд Зөвлөлтийн зөвлөх, сургагч нарын заавар, чиглэл давамгайлах хандлагатай болж, их гүрний бодлогыг хэрэгжүүлж, монголын улс төрийн зарим зарим зүтгэлтэн сэхээтнийг хэлмэгдүүлж, тус улсын аливаа бүх ажилд шууд хутгалдан оролцох болсныг хязгаарлах, таслан зогсоох арга хэмжээг авч, Дотоодыг Хамгаалах газарт ажиллаж байсан Зөвлөлтийн зөвлөх, сургагч нарынтушаалыг хэрэгжүүлэх, зөрчигчдийг цээрлүүлэн шийтгэх арга хэмжээг удаа дараа авч байсан бөгөөд ДХГ-ын даргын 1927 онд 39 тоот тушаалаар Цэргийн бөгөөд хязгаарын хэлтсийн байцаагч Александр Золтукин албан үүргээ хөнгөнд үзэж, тушаал зөрчин хариуцлагагүй ажилласны учир 7 хоног сахилгын гянданд хорьж шийтгэхээр бусдад дохио санамж болгон тушааж байсан ба сургагч Я.Г.Блюмкины үйлдийн тухай Засгийн газарт тодорхой танилцуулж, 1927 оны 11 дүгээр сарын 23-нд 67 тоот тушаалаар Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тус газрын ерөнхий сургагч Блюмкиныг уул албанаас халж, тус улсын хязгаараас үлдэн хөөн гаргасан байна.
ДХГ-ын ажлыг орос зөвлөх, сургагч мэргэжилтний ая талыг харж, тэдний үзэл баримтлалаар явуулахын эсрэг тэмцэж байсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй уг албанаас шахагдан гарч, дараа дараалан тушаал буурсаар эцэст хэлмэгдэн хохирчээ.
1929 оноос Латин үсэг сургах комиссын дарга, Хэвлэлийн хорооны ерөнхий хянагч, Багшийн сургуулийн багш, Эрүүлийг хамгаалах газрын дарга, Хий судлалын больницын даргаар ажиллаж байгаад 1933 онд “Ж.Лхүмбээр толгойлуулсан хувьсгалын эсэргүү хэрэг” гэгчид холбогдон баривчлагджээ.
Н.Хаянхирвааг хэзээ ямар материалыг үндэслэн баривчилсан тухай мөрдөн байцаалтын хэрэггүй бөгөөд хэн бичсэн нь тодорхойгүй нэгэн баримтад “ДХГ-ын дарга байсан Хаянхирваа нь Мархаев Цэвээн, Жамбын Лхүмбэ, Содном-Иш нарын 11 хүний мэдүүлгээр японы тагнуулын байгууллагын удирдагч гишүүнээр ажиллаж байгаа тухай нэр илэрсэн” гэж дурдсаныг үндэслэн баривчилсан бололтой.
Түүний хэрэгт ялын төлөвлөгөө байхгүй бөгөөд 1934 оны 6 дугаар сарын 25-нд Тусгай комиссын 6 дугаар тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялаар шийтгэгдсэний маргааш буюу 27-ны өдөр хорих газар нас баржээ. Энэ асуудлыг шалган тогтоохоор ДХГ,Зөвлөлтийн сургагч, эмч нарын хамтарсан комисс цогцост үзлэг хийж, 7 дугаар сарын 27-нд гаргасан актад бичсэнээр: “Нас барагчийн давсагны баруун хэсэгт өргөн 5-6 см, гүн нь 1,5 см, гэдэсний зүүн доод хэсэгт өргөн 6-7 см, гүн нь 1,5 см шархтай байсан ба үүнээс цус алдалт болж, биеийн байдал эрс суларснаар нас барахад хүргэсэн шалтгаан болжээ” гээд “тэрээр өөрийгөө хорлон алсан” гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэтэл хоригдож байсан 16, 20 дугаар тасалгаанд буюу өмсөж байсан хувцас зэрэгт ямар нэг хутга мэсний зүйл байхгүй байсныг үзлэгийн тогтоолд дурьдсан байна. Үүнээс үзэхэд түүний нас барсан шалтгаан үнэн зөв дүгнэлтгүй сэжиглэлтэй хэвээр үлдсэн байна.
Н.Хаянхирваагийн хилс хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн1968 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Бүгд хурлын 017 дугаар тогтоолоор хүчингүй болгон цагаатгажээ.
No comments:
Post a Comment