Тагнуулын байгууллагын үүсэл хөгжил
Монголчуудын тагнуулын хөгжил, сэтгэлгээний
түүх нь эдүгээгээс 2200-аад жилийн тэртээд буюу монгол угсааны анхны төрт улс
болох Хүннү улсын үеэс эхлэлтэй.
Хүннү гүрний тагнуулын үйл ажиллагааны арга,
тактикийг дараагийн улсууд нь өвлөн авч улам боловсронгуй болгон хөгжүүлж
байсан байна.
Хүннү, Сяньби нартай түүх, соёлын залгамж
холбоотой, Нирунчуудын үгийн санд “алгинч, харгулсан” зэрэг хэллэг байжээ.
Алгинч гэдэг нь мэдээ авагч, туршуулч, мэдээ чимээг сураглах хүн, тагнуул,
хаймсуур, харуул гэсэн утгатай хэмээн тайлбар толиуд болон Монголын нууц
товчоонд дурдсан байдаг.
Тэмүжин Хамаг Монгол Улсын хаанаар
өргөмжлөгдсөнийхөө дараа тагнуулын ажил эрхлэх “туршуулч” хэмээх тушаалыг буй
болгож, Монголын тулгар төрийн тагнуулын байгууллагын зохион байгуулалтын
суурийг тавьжээ. 1189 оны орчим орчин цагийн Монгол Улсын тусгай албаны
тагнуулын ажилтны эхлэл туршуулч нэртэйгээр тавигдав.
Чингис хаанаас нэгдсэн Монгол Улсыг байгуулах
зорилгоо биелүүлснийхээ дараа засаглалын тогтолцоогоо зохион байгуулахдаа
тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн
гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн
сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогын газарт, эрүүгийн
чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын дээд заргачийн эрх, үүрэгт хамааруулсан
байна.
Тэрхүү тагнуулын тогтолцоог Хубилай хаан 1271
онд өөрчилж, цэргийн болон улс төр, эрүүгийн чиглэлээр зохиох тагнуулын ажил,
үүргийг Нууц бичгийн яаманд төвлөрүүлжээ.
Чингис хаан, түүнийг залгамжлагчид төрийн
аюулгүй байдалд анхаарал тавьж байсны зэрэгцээ гадаад орнууд руу хийсэн аян
дайны амжилт нь байлдах тухайн газар, орны тухай урьдчилсан судалгаа, тухай нутаг
орны ард иргэдийн дунд өөрсдийг нь дэмжих, туслах хүчнийг буй болгох үйл
ажиллагаанаас хамаарч байв. Энэ нь уг ажлыг эрхэлдэг тагнуулын хүчтэй
байгууллага байсныг гэрчилнэ.
XIV зууны II хагасаас XIX зууны үед монголчууд
нь тагнуул, сөрөх тагнуулын ажлыг хэрхэн зохион явуулж байсан нь тодорхойгүй
бөгөөд харин XVII зууны үед Зүүн гарын Ойрадын Галдан бошгот хаан Манж чин
улсын нийслэл Бээжинд 200 орчим хүнтэй суурин тагнуулчдыг ажиллуулж байсан
мэдээ байдаг.
Энэ үед тагнуулын ажлыг цэргийн болон гадаад харилцааны
асуудал эрхэлсэн нэгжээс эрхлэн гүйцэтгэж байжээ.
Олноо өргөгдсөн Монгол Улсын тагнуулын
байгууллага
1911 онд Монголын
нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчний тэмцлийн үр дүнд Манжийн
ноёрхлыг түлхэн унагаснаар үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Олноо өргөгдсөн
Монгол Улсыг тунхаглав. Монголчууд тусгаар тогтнолоо бататгах, гадаад улсуудаар
тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрш зэргэлдээх улс орнууд Монгол Улсыг
хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буйг мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл
олох ажлыг явуулж байжээ.
Олноо өргөгдсөн Монгол
Улсын тусгаар тогтнолын асуудал дээр Хаант Орос хийгээд Чин улсын ашиг
сонирхолын хүрээ давхцаж байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого, сонирхлоо
хэрэгжүүлэхийн тулд дипломат, тагнуулын хийгээд бусад аргыг өргөн ашиглаж
байжээ.
Тухайн үед Монгол Улсад
тагнуулын бие даасан нэгж, байгууллага байгаагүй боловч Гадаад яам, Дотоод яам,
Цэргийн яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайдуудаас өөр өөрсдийн чиглэлээр
тагнуул, сөрөх тагнуулын шинжтэй ажил явуулж байжээ. Тухайлбал, Цэргийн яам
болон Баруун хязгаарын сайдаас хилийн чанадад тагнуулаар хүн явуулж байв. Богд
хааны шууд удирдлагын дор сөрөх тагнуулын болон тагнуулын мэдээлэл, дүн
шинжилгээний ажлыг явуулж байв. Гадаадад зохиох тагнуулын үйл ажиллагааг Богд
хааны дэргэдэх шадар захирагч Баатар хэмээх хүн удирдан зохицуулдаг байжээ.
Олноо өргөгдсөн Монгол
Улсын үед тагнуулын ажлыг хаан эзний мэдэл дор явуулдаг байсан бөгөөд
шаардлагатай үед Улсын дээд хурлаар хэлэлцэж байв.
Гадаад улс оронууд Монгол
Улсыг хэрхэн үзэж, ямар чиг бодлого барьж буй, тэдний зүгээс учирч болох
түрэмгийлэл, аюул заналыг урьдчилан мэдэх зэргээр аюулгүй байдлаа хангах
үүднээс төр, засгийн улс төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ,
мэдээллийг олох зорилгоор тагнуулын ажлыг явуулж байсан байдаг.
Үндэсний эрх чөлөөний
хувьсгал ялсаны дараагаар Монгол орны гадаад, дотоод нөхцөл байдал туйлын хүнд
байсан үед өөрийн засаглалын тогтолцоогоо буй болгохын хамт гадаад орны
тагнуул, туршуул, эдийн засгийг шулан мөлжигчтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулж
байсны дийлэнхийг Монгол орны тусгаар тогтнол, эдийн засагт аюул занал учруулж
байсан хятадын цагаачид, банк, худалдааны байгууллагынхантай хийсэн тэмцэл
эзэлдэг.
Энэ үед гадаад
тагнуулын ажил явуулах гол хэлбэр нь бадарчлан тэнүүчлэн явах, шашны томоохон
хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг гол төлөв
ашигладаг байжээ. Тухайлбал, хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали,
Франц, Энэтхэг, “япон” хэмээх А.Данзан Япон, Хятад, Гандан хийдийн аграмба лам
Н.Хаянхирваа Орос, Халимаг, Турк, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвд, нэрт
түүхч, манжич Б.Буянчуулган “Ар, Өвөрмонголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар
Орос улс ямар бодолтой байгааг мэдэх”-ээр Хаант Орост удаа дараа, чин ван
Л.Дашдэндэв Хятад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон
Шиньжаны нутгуудаар хэдэн жилээр явж байжээ.
Богд хаант Монгол Улсын
үед Хятадын тагнуул, туршуулыг илрүүлэх, хятад иргэдийн гэмт үйлдлийг таслан
зогсооход онцгой анхаарч гадаадын харъяат хүмүүсийг хянах тогтолцоог буй
болгож, хатуу чанд хянан харгалзаж байв. Энэ арга хэмжээний дүнд 1910 онд Халх
Монголд зуун мянгад хүрээд байсан хятад иргэдийн тоо зургаан жилийн дотор гурав
дахин цөөрчээ.
Шинэ үеийн тагнуулын байгууллагын үүсэл хөгжил
ДХГ-ДЯЯ /1922-1936/
1921 оны Үндэсний
ардчилсан хувьсгал ялсаны дараа хувьсгалыг удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатар,
Зөвлөлт Орос Улсын улаан армийн тагнуулын аргыг заалган Хиагт хотноо Ардын түр
Засгийн газрыг байгуулмагц /1921 оны 3 дугаар сарын 21/ Цэргийн Явдлын Яаманд
цэргийн тагнуулын албыг санаачлан байгуулж, өөрөө биечлэн удирдаж байснаас
гадна Богд хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал дээр тулгуурлан
ЗОУ-ын тусгай албаны загвар хэлбэрээр 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн
Засгийн газрын 28-р тогтоолоор шинэ үеийн улс төрийн тагнуулын байгууллагын эх
үүсвэрийг “Дотоодыг хамгаалах газар” нэртэйгээр байгуулсан байдаг. Тус газар
анх байгуулагдахдаа Нууц явдлын хэлтэс бүхий Үргэлж мэдээ хураах тагнуулын,
Гүйцэтгэх, Ерөнхий гэсэн 3 тасаг, 14 ажилтантайгаар, зөвхөн сөрөх тагнуулын
эрх, үүрэгтэй байжээ.
Үргэлж мэдээ хураах
тагнуулын тасаг нь тагнуулын мэдээг хураан ялгаж салгах, мэдээний хэргийг
мөрдөн мөшгих, нууц зарлага эрхлэх, Гүйцэтгэх тасаг нь дагнан мөрдөн байцаалт
эрхлэх, Ерөнхий тасаг нь сэмхэн нэвтрүүлэх бараа зүйлийг илрүүлэх, хязгаар
нэвтэрч орж, гарагсдын зам явах бичиг олгох, захидал бичгийг хянан байцаах, тус
газрын бичиг хэргийг хөтлөх үүрэгтэй байжээ.
Дотоодыг Хамгаалах
Газрын анхны даргаар нь Дашийн Балдандорж, хэлтсийн даргаар К.К.Баторун нар
томилогдон ажиллажээ.
Дотоодыг Хамгаалах
Газрыг байгуулахаас өмнө улс төрийн тагнуулын зарим ажил, үүргийг Цэргийн
тагнуулын хэлтэс, хотын комендант, Засгийн газрын төлөөний түшмэл, хязгаарын
сайдуудаас тус тусын чиглэлээр эрхлэн гүйцэтгэж иржээ.
1924 онд ДХГ-ыг Засгийн
газрын харъяанд шилжүүлж, 1926 онд “Гадаад хэлтэс”-ийг байгуулж, тус газарт
тагнуулын ажил явуулах эрх, үүргийг буй болгон, орон нутаг, хилд өөрсдийн
салбар, нэгжүүдийг байгуулан өргөтгөн бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг
хангах чиг үүрэг бүхий тагнуулын байгууллага сонгодог утгаараа үйл ажиллагаагаа
явуулах нөхцөл бүрдсэн билээ. Өөрөөр хэлбэл төвдөө 4 хэлтэс, орон нутагт 5
анги, хилд 6 ангитай болж, үйл ажиллагаа нь өргөжсөн юм.
Улс орны аюулгүй
байдлыг хангах үүднээс гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, гамин бароны
цэрэгт алба хааж, дайсагнасан ажиллагаа явуулж байсан хүмүүсийг бүртгэн хянах,
үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, гадаадын иргэдэд хяналт тавьж паспорт виз
олгох, буу зэвсэг, дарь, тэсрэх, дэлбэрэх зүйл, хар тамхи худалдах, дээрэм,
мөрийтэй тоглоом, албан тушаалын ба улсын хөрөнгө идэж ашиглах, үрэгдүүлэх
зэрэг ноцтой гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож байв.
Тухайлбал: 1922 онд
Монгол орны баруун хязгаар нутгийг салгаж тусгаарлах гэсэн Дамбийжанцангийн
хэрэг, 1923 онд Манжуураас нууцаар орж ирж цагааны цэргийн үлдэгдлийг цуглуулан
төрийн эргэлт хийх гэсэн Очиров, Туванов нарын хэрэг, 923 онд Японоос цэрэг,
зэвсгийн тусламж авч Ардын төрийг устгахаар санаархсан Цэрэнпил нарын хэрэг
зэргийг дурдаж болохоор байна.
Түүнчлэн хөрш орнуудын
байдал, тэдний тусгай албадаас манай орны эсрэг чиглүүлж буй үйл ажиллагааны
тухай мэдээлэл авахад чиглүүлж, хувьсгалын дараагаар Хятад руу нилээд олон
хүнийг янз бүрийн халхавчаар мэдээлэл олох зорилгоор Ц.Ширнэндамдин,
Ц.Дамбадорж, Д.Балдандорж, Н.Насанбат зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүдийг явуулж
байжээ. Мөн гадаад тагнуулын чиглэлээр бусад байгууллагын халхавчин дор
гадаадад гарган ажилласан олон шилдэг тагнуулчдын үйл ажиллагаа тагнуулын
байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.
1932 онд тус газарт
Цагдан сэргийлэх байгууллагыг харъяалуулж, 1933 оноос улсын хилийн хамгаалалтыг
хариуцуулав.
Зүүнтний хэт хувьсгалч,
алдаатай бодлого, үйл ажиллагаа нөгөөтэйгүүр гадаадаас явуулж байсан нөлөөлөл
зэрэг нь ард олны зарим хэсэг нам, засгийн бодлогыг эсэргүүцэх, оргох, дүрвэн
нүүхэд хүргэв. Нам засгийн бодлогыг эсэргүүцсэнээр эхэлж, улмаар аллага,
хүчирхийлэл болж хувирсан бослогыг дарах, дүрвэгсдийн хөдөлгөөнийг зогсооход
ДХГ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Улс орны гадаад, дотоод
улс төрийн нөхцөл байдалд нийцүүлэн СнЗ-ийн 1933 оны 21 дүгээр хурлаар ДХГ-ын
дүрмийг шинэчлэн баталж, “Дотоодыг Хамгаалах Ерөнхий Газар” гэж нэрлэн СнЗ-ийн
дэргэд яамны эрхтэй байж, ерөнхий газрын даргыг Улсын Бага Хурлаас сонгох,
орлогч дарга нарыг мөнхүү хурлаас томилох, албан хаагчид нь цэргийн байх,
мөрдөн байцаалтын ажилд нь прокуророос хяналт тавихаар болгожээ.
ДХЕГ нь улс орны
тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хөрш орны зүгээс
манай улсын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээ олох,
гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, төр, засгийн эсрэг хуйвалдааныг
илрүүлэх, таслан зогсооход тагнуул, сөрөх тагнуулын ажлыг чиглүүлж, гүйцэтгэх
ажлын тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байв. Гэвч ДХЕГ-ыг намын
улс төрийн байгууллага болгон хувиргаж, Зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын эрх
мэдэл хэтэрч, тус газрыг удирдан чиглүүлэх болсноор төрийн албан хаагч, жирийн
ардууд, лам нарыг хэлмэгдүүлэхэд тус байгууллагыг татан оролцуулах болжээ.
ДЯЯ-Ц ба НАХЯ /1936-1955/
Монгол Улсын
дорнод хил түгшүүртэй болж, японы түрэмгийлэгчдээс тус улсын эсрэг өдөөн
хатгалга нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд
нарын Зөвлөлийн 1936 оны 15 дугаар хурлын тогтоолоор ДХЕГ-ыг Дотоод Явдлын яам
болгон өргөтгөж, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газар,
Хил хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газар, Улсын цагдан сэргийлэх
газар, Засан хүмүүжүүлэх лагерь хийгээд гяндангуудыг удирдах газар, захиргаа аж
ахуйн хэрэг эрхлэх газар, Санхүүгийн хэрэг эрхлэх газартай болгожээ. Эдгээр
байгууллагуудыг нэгэн удирдлагад төвлөрүүлснээр нийгмийн аюулгүй байдлыг
сахиулах байгууллагуудын нэгдсэн систем бүрдсэн байна.
Тус яамны Улсыг Аюулаас
Сахиж Хамгаалах Хэргийг Удирдах Ерөнхий Газар /УАСХХУЕГ/ нь тагнуулын ажлын
зарим амжилт, үр дүнг удаан үргэлжлүүлж чадсангүй, иргэдийг үй олноор
баривчлах, хорих зэргээр хэлмэгдүүлэлтийн ажилд татагдан оржээ. Улмаар
1937-1939 онд тагнуулын байгууллага нь хэлмэгдүүлэлтийн үндсэн зэвсэг болж,
зөвлөлтийн сургагч нарын бүрэн хяналтад орсон байв.
Сөрөх тагнуулын үйл
ажиллагаанд гүйцэтгэх ажлын арга орхигдож, баривчлах, мөрдөн байцаах, хүчээр
хэрэг тулган хүлээлгэх хүчирхийллийн арга давамгайлах болсон байна.
Хэлмэгдүүлэлт, хууль ёсыг завхруулж буй явдлыг шүүмжилсэн, эсэргүүцсэн, үүний
эсрэг тэмцсэн албан хаагчид байсан ч тэд өөрсдөө энэхүү хэлмэгдүүлэлтийн золиос
болсон юм.
Хэдийгээр үндсэн чиг
үүргээсээ хазайсан, хэлмэгдүүлэлтэд өөрөө өртсөн боловч УАХХУЕГ нь Халхын голын
байлдааны ялалтыг хангахад боломжоороо үүрэг гүйцэтгэн оролцжээ. Дэлхийн II
дайны жилүүдэд тус байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Японы зүгээс
БНМАУ-ын эсрэг явуулж байгаа цэрэг-дайны бэлтгэлийг судлах, тагнуул, хорлон
сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах ажиллагааг илрүүлэх, хилчидтэй
хамтран таслан зогсоох, эх орноосоо урвагчдыг баривчлах, байлдааны үед цэргийн
командлалыг мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэж байв.
1945 оны чөлөөлөх дайны
өмнө гүйцэтгэх ажлын нөхцөл байдлын судлах арга хэмжээ авсан бөгөөд Сүхбаатар,
Дорноговь аймгийн чиглэлээр хилийн цаана судалгаа хийх 2 группийг гаргаснаас
гадна мөн оны 8 дугаар сараас Улаанцав, Батхаалга, Шилийн гол, Баруун сөнөд,
Долнуур, Манжуур, Хайлаарын чиглэлд 4 тусгай группүүдийг гаргаж, сураггүй
болсон тагнуулч нараа эрэн сурвалжлах, халхын дүрвэгсдийг буцаан авчрах,
цэрэг-армийн давшилтийн аюулгүй байдлыг хангах, дайсагнасан бүлэглэлийг устгах,
нуугдан үлдсэн урвагчдыг олж илрүүлэх, ард олны санаа бодлыг судлах, ухуулга
сурталчилгаа явуулах зэрэг ажлыг хийж иржээ.
Тус газар нь 1940-өөд
оны дунд үеэс баруун хязгаарт бөөгнөрсөн гоминдааны цэрэг, тагнуулын ажиллагааг
илрүүлэх, таслан зогсоох, түүнчлэн гоминдааны хятадын эсрэг Шиньжан мужид
өрнөсөн олон ястны эрх чөлөөний төлөө тэмцлийг дэмжих, босогчидтой холбоо
тогтоох, улмаар манай улсын баруун хязгаарт ард олныг түйвээх болсон И.Оспаныг
баривчлах, устгах зорилгоор гүйцэтгэх ажлын арга хэмжээг зохион байгуулж байв.
Үүний зэрэгцээ Өвөр
Монгол дахь Хятадын ардын чөлөөлөх армийн командлал, Өвөр Монголын өөртөө засах
ардчилсан түр засгийн болон орон нутгийн зарим байгууллагатай холбоо тогтоон
ажиллахын тулд радио холбоо бүхий хэд хэдэн бүлгийг Өвөр Монгол, Манжуурт
тусгай халхавчаар суулгах болжээ.
1949 оны 10 дугаар сард
БНХАУ байгуулагдсанаар төв Хятад, Манжуур, Өвөр Монголд зохиож байсан
цэрэг-тагнуулын ажлыг зогсоосон юм.
Улмаар хязгаарын
цэргийг ихээхэн цомхотгож, 1950 онд Гадаад тагнуулын газрыг татан буулгасан
байна.
Дэлхийн II дайны дараа
БНМАУ энхийн бүтээн байгуулалтад шилжихэд УАСХХУЕГ нь улс ардын аж ахуй соёлыг
хөгжүүлэх төр, засгийн бодлогод гүйцэтгэх ажлыг уялдуулан зохицуулж, хууль ёсыг
гажуудуулж байсан явдлыг шалгах, дотоодын хяналтыг дээшлүүлэх, тооноос чанарт
шилжихэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.
МАХН-ын Төв Хороо, Засгийн
газраас УАХБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, аппаратыг цомхотгох, ажлын
арга барилыг сайжруулахад чиглэсэн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байв.
Удирдах ажилтны зөвлөгөөн тогтмолжиж, ажлын зохион байгуулалт, арга барилыг
өөрчлөн шинэчлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж, түүний биелэлтийг төв,
орон нутагт шалган дүгнэх болсон байна.
Энэ үед УАХБ-ын
эсэргүүцэн тагнах ажил нь гадаадын тусгай албадын тагнан турших үйл ажиллагааг
илрүүлэх, улс хоршоолол, олон нийтийн өмчийг хамгаалах, хөдөлмөрчдийн санал
сэтгэл, зан байдлыг судалж, нам, засгийн удирдлагыг улс төрийн мэдээллээр
хангахад чиглэгдэж байв.
БНМАУ, ЗХУ-ын Засгийн
газрын хооронд хэлэлцэн тохиролцсоноор тус оронд ажиллах хүчний хэрэгцээ
байгааг харгалзан японы олзлогдсон 12 мянган цэрэг, офицерыг БНМАУ-д шилжүүлэн
ажиллуулахад УАСХХУЕГ нь олзлогдогсдын асуудал эрхлэх газартай хамтран энэхүү
ажлыг зохион байгуулах, тэдгээрийн дунд гүйцэтгэх ажил зохиох үүрэг, зорилтыг
хэрэгжүүлж ажиллажээ.
УАСХХУЕГ-ын дотоодод
гүйцэтгэх ажил зохиож байсан Тусгай төлөөлөгчийн аппаратын үйл ажиллагааг
зогсоосон байна. Түүнчлэн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургахад ихээхэн
анхаарал тавьж, тэдний нийгмийн асуудлыг боломжийн хэрээр шийдвэрлэж, чиглэлийн
ажилтнуудад англи, хятад, япон хэл заах болжээ.
Ц ба НАХХЭЯ-НАХЯ /1955-1959/
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1955
оны 7 дугаар сарын 5-ны 161 дүгээр тогтоолоор Цэрэг ба ДЯЯ-ыг нэгтгэж, Цэрэг ба
Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яам байгуулсан нь 1959 оны 6 дугаар сар
хүртэл ажиллав.
Улсыг Аюулаас Хамгаалах
Газрын бүтэц, орон тоог цомхотгож 8 хэлтэс, 2 тасаг, комендатуртай байхаар
зохион байгуулав. Орон нутагт аймгийн хэлтсийн орон тоог ихээхэн хорогдуулж,
хэсгийн төлөөлөгчдийг татан буулгажээ. ДЯЯ-ны дэргэд байсан Тусгай комисс,
түүний үйл ажиллагаа нь Үндсэн хуульд харшилж байсан тул 1955 онд татан
буулгав.
ЗХУ-д нэг хүнийг тахин
шүтэх явдлыг буруушаан Дорнод европын зарим оронд гарсан ардчиллын хөдөлгөөн
БНМАУ-д нөлөөлж байв. 1956 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн
Товчоо “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” тогтоолыг
гаргаж, уг асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахыг Улсыг Аюулаас Сахиж
Хамгаалах Хэргийг Удирдах Ерөнхий Газарт үүрэг болгосон байна.
Нийгмийг ардчилах
талаар санал бодлоо илэрхийлсэн сэхээтнүүдийн талаар авч хэрэгжүүлсэн энэхүү
арга хэмжээ нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй энэхүү
байгууллагыг эрх баригч намын үзэл суртлыг хамгаалах байгууллага болгох
эхлэлийг тавьжээ.
1957 оны 10 дугаар
сарын 19-ний өдөр НТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 729
дүгээр тогтоолоор Улсын хянан шалгах яамны орлогч сайд Ж.Жамъян тэргүүтэй
хүмүүс Ц ба НАХХЭЯ-ны үйл ажиллагааг шалгажээ. Шалгалтын дүнд 1958 оны 6 дугаар
сард дахин цомхотгол хийгдэж, аймгууд дахь аюулаас хамгаалах тасгийг татан
буулган УАХБ-ын орон тоог дахин ихээхэн хорогдуулсан байна.
Төсөв хэмнэж, цомхотгох
явдлыг удирдлага болгон зарчмын ялгаатай чиг үүрэг бүхий Цэргийн болон Нийгмийг
Аюулаас Хамгаалах Байгууллагуудыг нэгтгэсэн нь тэдгээрийн үйл ажиллагаанд
хүндрэл учруулж байв.
НАХЯ-УАБХЕГ /1959-1990/
1950-аад онд
БНХАУ-ын зүгээс социалист орнуудын эсрэг дайсагнах болсонтой холбогдуулан
үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх,
батлан хамгаалах чадавхиа нэмэгдүүлэх зорилгод нийцүүлэн БНМАУ-ын Сайд нарын
Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1959 оны хамтарсан хурлын
170/160 тоот нууц тогтоолоор мөн оны 6 дугаар сарын 23-нд Цэрэг ба Нийгмийг
Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яамыг Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яам, Нийгмийг
Аюулаас Хамгаалах Яам болгосон байна. НАХЯ-ыг бүтцийн хувьд Улсыг аюулаас
хамгаалах газар /УАХГ/, Улсын цагдан сэргийлэх газар /УЦСГ/, Засан хүмүүжүүлэх
ерөнхий хэлтэс, Хамгаалах тусгай батальон, Хилийн байцаан өнгөрүүлэх ангиудтай
байхаар тогтоожээ.
1960-аад оны эхэн үеийн
тагнуулын байгууллагын гол зорилтыг “империалист гүрний тагнуул, туршуул,
түүний гар хөл болох дотоод дахь хувьсгалын эсэргүү этгээдийг илрүүлэн тэмцэх
явдал” гэж үзэж байжээ. Үүнтэй холбоотойгоор улсын чухал объектыг
“дайсны” хорлолоос сэргийлэхэд ихээхэн хүч анхаарал тавьж байв.
1960-1989 онд УАХБ нь
сүшиг бишрэлээр нөлөөлөгчдийг орон нутгийн намын байгууллагатай хамтран
ухамсарлуулах арга хэмжээ зохиож байжээ.
Хятадад “соёлын
хувьсгал” дэгдсэн жараад оны сүүлчийн хагасаас Монгол, Хятадын харилцаа эрс
муудсан юм. Уг нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын зүгээс зохиож байгаа тагнуул,
үзэл суртлын хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг
хугацаа алдалгүй илрүүлэх, гэмт үйлдэл, зорилгыг таслан зогсоох талаар нэлээд
арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон юм.
УАХБ-ын үйл ажиллагааг
боловронгуй болгох талаар авсан нэг чухал арга хэмжээ бол тус байгууллагын үйл
ажиллагааны чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх арга, технологийг сайжруулахын тулд
урьд мөрдөж байсан гүйцэтгэх ажлын дүрэм, заавруудыг шинэчлэх, заримыг нь
шинээр гаргах, ялгаж ангилах, системчлах байдлаар 10 гаруй зааврыг батлан
гаргасан НАХЯ-ны сайдын 1982 оны 01 тоот тушаал юм.
НАХЯ-ны УАХЕГ-аас ЗХУ
ба социалист хамтын нөхөрлөлийн бусад орнуудын тусгай албадтай тогтоосон хамтын
ажиллагаа хөгжин бэхжив.
Энэ хугацаанд тус
байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтэц нь 1982-1985
онуудад өргөтгөн томорсон, 1987-1990 онд цомхотгогдон багассан өөр өөр
онцлогтой байжээ.
1980-аад оны сүүл 1990
оны эхээр социалист системийн задрал эхэлж, Монгол Улсын баримталж байсан онол
мухардалд орсон нь нийгэм, улс төр, эдийн засгийн хямралд хүргэж, Монгол оронд
ардчилсан хөдөлгөөн өрнөх нөхцөл бүрэлдсэн юм.
УАБХЕГ-ТЕГ /1990-/
1989 оны дунд үеэс
НАХЯ, түүний УАХБ-ын нэр дээр шүүмжлэл газар сайгүй өрнөж нийгэмд шинээр гарч
ирсэн улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагын зүгээс үзүүлэх дарамт шахалт
ихсэж, УАХБ-ын нэр хүнд нь унаж, хэвлэл мэдээлэл, жагсаал цуглаан, иргэдийн
санал гомдлын гол “бай” болон ганхаж эхэлсэн үед МАХН-ын Төв Хороо, яамны
удирдлагуудаас УАХБ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг эргэн харж,
зарим чиглэлийн үүргээс нь татгалзуулж, орон тоо, бүтцийг эрс цөөрүүлэх арга
хэмжээг авч эхлэв.
Өөрчлөлт, шинэчлэлтийн
энэ үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 191 дүгээр тогтоолоор НАХЯ татан
буулган, УАХЕГ, Хилийн ба ДЦУЕГ-уудыг нэгтгэн Улсын Аюулгүй Байдлыг Хангах
Ерөнхий Газрыг байгуулж, орон нутаг дахь НАХ газар, хэлтсийг мөн оны 4 дүгээр
сарын 1-ний өдрөөр тасалбар болгон үйл ажиллагааг нь зогсоон, бүх аймгуудад
Цагдан сэргийлэх хэлтэс байгуулан ЦЕГ-ын мэдэлд шилжүүлэв.
Энэ үед УАХБ-ын үйл
ажиллагаа хуульчлагдаагүй, нийгмийн зүгээс хандах хандлага эрс өөрчлөгдсөн,
орон тоог цомхотгон 100 гаруй ажилтныг цагдаагийн байгууллагад шилжүүлэх,
эрэгтэй 20, эмэгтэй 15 жилээс дээш ажилласан олон арван ажилтныг цэргийн
тэтгэвэрт хамруулан ажлаас чөлөөлөх, 1988-1992 онд ОХУ-ын Аюулаас хамгаалах
академи болон тус байгууллагын нэр дээр дотоод гадаадын их, дээд сургууль
төгссөн залуу ажилтнууд ажлын байргүй болсон зэрэг нь тус байгууллагын албан
хаагчдын сэтгэл зүйд ихээхэн хэмжээгээр нөлөөлж, ажиллах итгэл, сонирхолыг
бууруулж, төрийн тусгай албаны ажлын уламжлал шинэчлэл алдагдаж, дотоодын
хяналт, дэглэм сахилга хариуцлага буурсан байв.
УАХБ-ын тагнуул, сөрөх
тагнуулын үйл ажиллагааг АИХТ-ийн 1990 оны нууц 73 дугаар зарлигаар зохицуулах
болсон нь 1992 онд “Улсын аюулгүй байдлыг хангах тухай” хууль батлагдах эрх
зүйн тулгуур баримт бичиг болж байв.
1992 онд шинэ үндсэн
хууль гарсантай холбогдуулан УАХБ-ын эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай
болсон бөгөөд 1992 онд “Улсын аюулгүй байдлыг хангах тухай” Монгол Улсын хууль
батлуулагдсан нь тагнуулын байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан анхны хууль
байлаа.
1993 онд УАБХЕГ-ын
бүрэлдэхүүнээс Хилийн цэргийг гаргаж, 1994 онд УАБХЕГ-ыг Тагнуулын Төв Газар
болгож, 1996 онд ТТГ-ыг татан буулгаж Улсын Аюулгүй Байдлыг Хангах Газрыг
байгуулсан байна.
Өөрчлөлт, шинэчлэл улам
гүнзгийрэх, эрх зүйн орчин боловсронгуй болохын хэрээр Улсын аюулгүй байдлыг
хангах тухай хуулийн зарим заалт шинэ нөхцөл байдалд нийцэхгүй болсноос
үүдэн 1998 онд Гүйцэтгэх ажлын тухай, 1999 онд Тагнуулын байгууллагын
тухай хуулиуд батлагдав.
Тагнуулын байгууллагын
тухай хуулийг батлуулан гаргасантай холбогдуулан 2000 онд УАБХГ-ыг Тагнуулын
Ерөнхий Газар болгон нэрийг өөрчилсөн байна.
Ийнхүү УАХБ-ыг
бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өөрчлөн шинэчлэх талаар төр, засаг, Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлөөс байнга анхаарч, тагнуул, сөрөх тагнуулын үйл
ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1990 оноос хойших
хугацаанд 6 хууль батлан гаргав. Түүнчлэн ТЕГ-ын бүтэц, орон тоо, албан
хаагчдын эрх зүй, нийгмийн баталгаа, техник хэрэгсэл, эд хөрөнгийн талаар
Засгийн газраас 20 гаруй тогтоол, шийдвэр гаргасныг хэрэгжүүлж иржээ.
Сүүлийн үед терроризмын
аюул заналаас сэргийлэх, түүнтэй тэмцэх зэрэг зарим чиг үүрэг тагнуулын
байгууллагад нэмэгдэж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай уялдуулан “Тагнуулын
байгууллагын тухай” болон холбогдох бусад хуулинд нэмэлт өөрчлөлт
оруулан, “Төрийн нууцын тухай” хуулийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж
байгаагаас гадна хүний нөөцийг чанаржуулах, давтан сургалтын шинэлэг тогтолцоог
бий болгох, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутаг
дахь албадаа бэхжүүлэх, олон нийттэй байнга харилцаж, хамтран ажиллах, тэдэнд
өгөх мэдээллээ нэмэгдүүлэх, байгууллагаа сурталчлахад ихээхэн анхаарч байна.
No comments:
Post a Comment