Tuesday, January 13, 2015

Тагнуулын нэр томъёоны асуудалд


Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд
                                             ҮТА-ийн дэд захирал доктор, профессор М.Цогтоо
Аливаа шинжлэх ухаанд дан утгаар хэрэглэгдэж, ямар нэг үзэгдэл, юм, ухагдхууныг  оновчтой нэрлэх үг хэрэгтэй болдог. Тийм үгийг нэр томъёо гэдэг байна. “Нэр томъёо нь хүний мэдлэгийн тодорхой салбарын ухагдхууны тогтолцоон дахь  аль нэг ухагдхуунтай холбоотой үг ( нийлэмж үг) буюу хэлний тэмдэг юм.”  “Аливаа шинжлэх ухааны хойшлуулшгүй зорилтуудын нэг бол нэр томъёогоо төгс бүрдүүлэх явдал . Сайтар боловсруулсан нэр томъёотой байх нь аливаа шинжлэх ухаанд үнэлж баршгүй ач холбогдолтой.”   

Монгол хэлний тагнуулын нэр томъёонууд Монголын нийгэм, төрийн байгууллын янз бүрийн үе  шатанд үүсч, хөгжиж ирсэн байна. Нэрт түүхч, доктор агсан Г.Сүхбаатар Их Нирун улсын байлдах арга тактик, мэхийн тухай “харагулсан” буюу хятад эх сурвалжуудад “тагнах” хэмээх хэллэг байна гэж тэмдэглэсэн  бол хэл шинжлэлийн ухааны доктор Б.Сумъяабаатар тагнах ажил эрхэлдэг хүн буюу “дайсан этгээдээс нарийн мэдээ хулгайлан (хулган) сурвалжлан ирэх хүмүүнийг тагнуулч, гоёдоч хэмээмүй” гэж өгүүлсэн байна.   
Монголын нууц товчоонд тагнуулын үүрэг гүйцэтгэгчийг “алхинч” гэж нэрлэжээ . “Алхинч” гэдэг үгийг Монголын нууц товчоо судлаач манай  Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном гэх зэрэг нэрт эрдэмтэд “туршуулч”, “тагнуул”, “мэдээ чимээ сураглах хүн”, ”харуул”, “ тэргүүн хайгуул”, “хошууч болгон тэргүүнд явуулагч хүн”, “мэдээлэгч” гэх зэргээр өнөөгийн монгол хэлнээ буулгажээ.  Судлаач Н.Нагаанбуу “Алаганчлах, алаг нүдэндээ шингээн тандах, алхинчлах гэвэл... санаат тагнуул заншлаачдыг заамуй”  гэсэн байна. Н. Нагаанбуу гуйан энэхүү тайлбараас үзвэл “алаганчлах” гэдэг нь нүдэн ажиглалт хийж, тагнуулын мэдээ олохыг, харин “алиханчлах” гэвэл үг яриа үүсгэж  буюу үг алдуулах аргаар мэдээ олохыг хэлдэг байна.  “Алхинчлах” хэмээх үгийг  Монгол үгсийн язгуурын тольд “мэдээ занги авагч”  гэсэн утгатай манж гаралтай үг хэмээн тайлбарлажээ .  
Харамсалтай нь “харагулсан”, “заншлаач”,”алхинч”, “гоёдоч” зэрэг үг өнөөгийн монгол хэлний үгсийн сангаас гээгдэж, тэдгээрийн ухагдхууныг  “тагнуул”, “тагнуулч” зэрэг үг илэрхийлэх болжээ. “Тагнуул” гэдэг үгийн утгыг Я.Цэвэл “Тусгай зорилгоор ямар нэгэн юмыг нууц аргаар мэдэх, мэдээлэх явдал”  хэмээн тайлбарлажээ.   
“Тагнуулч”, ”тагнуулч түшмэл”, ”тагнуул тавих,”  “тагнуулч мэдээлэгч”,  “ мэдээ авах”, ”чимээ авах” гэх мэт нэр томъёог Богд хаант Монгол Улсын үед ч хэрэглэж байсан байна .
“Тагнуулын үйл ажиллагаа”, “тагнуул хийх”  гэх  мэт нэр томъёо, тэдгээрийн хуульчилсан тодорхойлолтууд эрх зүйн  талбарт хэрхэн орж ирснийг судалж үзье. “Тагнуул” гэдэг нэр томъёог Ардын хувьсгал ялсны дараахнаас ч манай улсын албан хэрэгт өргөн хэрэглэж ирсэн байна. Жишээлбэл, 1923 онд Сайд нарын Зөвлөл(СнЗ)-ийн тогтоолоор батлагдсан БНМАУ-ын ДХЕГ-ын дүрэмд “гадаадын харъяат нарыг тагнах”(Зургаагийн 6), “эдийн засгийн тагнуул” (18-р зүйл) зэрэг нэр томъёог, 1925.3.17-нд Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газар (ДХГ)-ын үндсэн дүрэм, 1936 онд СнЗ-ийн тогтоолоор батлагдсан БНМАУ-ын Дотоод явдлын яамны дүрэм зэрэг эрх зүйн актуудад “тагнуул”, “нууц тагнуулын ажил”, “эсэргүүцэн тагнах ажил” гэх зэрэг нэр томъёог хэрэглэсэн байна.    
Социализмын үед Улсыг аюулаас хамгаалах байгууллага (УАХБ)-ын үйл ажиллагааны талаарх удирдлагын баримт бичгүүдэд “нууц тагнуулын шуурхай ажил”, “гүйцэтгэх тагнуулын ажил”, “эсэргүүцэн тагнах ажил” гэх мэт нэр томъёог хэрэглэж  байсны  дотор  “тагнуул”, “тагнах” гэх зэрэг үг заавал байсан байна.   Мөн “нууц”, ”нууц аппарат” зэрэг нэр томъёо хэрэглэгдэж байсан нь одоогийн “туслагч” хэмээх нэр томъёотой ижил агуулгатай байжээ.Тэр  үеийн Монголын эрүүгийн хууль тогтоомжуудад дээрх нэр томъёонуудаас мөн л хэрэглэж байсан аж. Тухайлбал, 1926, 1929 оны Шүүх цаазын бичигт  “... тагнах ... тагнуулд туслах “   гэдэг, 1934 оны Шүүх  цаазын бичигт  “...тагнуул үйлдсэн...”   гэдэг нэр томъёог,   1961 оны Эрүүгийн хуульд “тагнуул үйлдэх”  хэмээх нэр томъёог тус тус хэрэглэсэн байна. 
Дээрх нэр томъёонуудаас өнөөгийн эрх зүйн талбарт  ч хэрэглэгдэж байгаа билээ.  1992 онд батлагдсан  Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тухай  хуульд “тагнуулын ажил”, “сөрөх тагнуулын ажил”,”гүйцэтгэх ажил”, “цэргийн тагнуул” гэдэг нэр томъёог хэрэглэсний гадна  эхний хоёр нэр томъёонд оновчгүй тайлбар хийжээ. 1999 онд  батлагдан  тагнуулын үйл ажиллагаатай холбоотой  нэлээд  харилцааг  зохицуулж  байгаа  Тагнуулын байгууллагын тухай  Монгол Улсын хуульд “гадаад тагнуулын ажил”,”сөрөх тагнуулын ажил”, “тусгай алба”, “тагнуулын мэдээ”,”нууц арга хэрэгсэл”, “халхавчлах”, “туслагч”, “туслах ажилтан”,”нууц гүйцэтгэх ажилтан” гэх зэрэг нэр томъёонд тайлбар хийсэн ба “тагнуул”, “тагнуулын ажил” гэдэг нэр томъёоны утгыг тайлбарлаагүй. “Гадаад тагнуулын ажил” гэдэг нэр томъёог “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий тагнуулын мэдээ, баримт олох ажиллагаа” гэж тайлбарлажээ.
Монгол Улсын  2002 оны Эрүүгийн хуульд “тагнуул хийх” гэмт хэргийг “гадаад улсын иргэн буюу харъяалалгүй хүн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, батлан  хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор төрийн нууц, түүнд хамаарах мэдээ, баримт бусад зүйлийг хулгайлсан, цуглуулсан, тэдгээрийг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн”  хэмээн тодорхойлсон байна. 
Дээр дурдсанаа нэгтгэн  эргэцүүлбэл, монгол хэлэнд, Монгол Улсын хууль тогтоомжуудад манай улсын ч, гадаад орнуудын ч  тусгай албадаас  улс орныхоо аюулгүй байдлыг хангах болон бусад  тусгай зорилгоор тагнуулын мэдээ, баримт сэлт  олох, цуглуулах,  ашиглах гэх мэт ихэвчлэн нууцаар явуулж буй үйл ажиллагааны аль алийг нь “тагнуул”, ”тагнуулын үйл ажиллагаа” гэдэг ажээ. Харин англи хэлэнд дээрх үйл ажиллагааг гадаадын тусгай албадаас явуулж буй бол  “Spionage” , өөрийн тусгай албадаас явуулж буй бол “intelligence” гэж өөр өөрөөр нэрлэж байна. Орос хэлэнд гадаадын тусгай албадын дээрх үйл ажиллагааг ихэвчлэн “шпионаж”, “шпионская деятельность,” өөрийн орны тусгай албадынхыг “разведывательная деятельность”хэмээн нэрлэдэг аж.   Гэхдээ монгол хэлний “тагнуул” гэдэг ерөнхий нэрийн утгыг англи хэлэнд  “intelligence” гэдэг үгээр илэрхийлж байна.
Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын  хуульд “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас  ердийн  ба  тусгай, нууц арга хэрэгсэл ашиглан ... мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагаа”-г түүний агуулгыг яв цав илэрхийлсэн “тагнуулын ажил”, “тагнуулын үйл ажиллагаа”  гэдэг нэр томъёогоор биш агуулгыг нь огт илэрхийлээгүй “гүйцэтгэх ажил” гэдэг нэр томъёогоор илэрхийлэхийг оролджээ.  Тагнуулын байгууллагын тухай Монгол Улсын   хуульд  “ тагнуулын ажил” хэмээх нэр томъёоноос гадна “гүйцэтгэх ажил” гэдэг үгийг хэрэглэжээ.  ЦЕГ-ын  Эрүүгийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд удирдлага болгож ирсэн эрх зүйн актад “гүйцэтгэх тагнуулын ажил ”  гэдэг  үгсийг хэрэглэсэн байна.  Манай судлаачид энэ асуудлаар нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Доктор Л.Батдолгор зарим бүтээлдээ “тагнах ажил”, “гүйцэтгэх ажил” гэдэг үгсийг  утгын ялгаагүй хэрэглэж байсан  бол  өөр нэг бүтээлдээ “ Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нууцаар явуулж буй үйл ажиллагааг тагнах үйл ажиллагаа,  эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нууцаар явуулж буй үйл ажиллагааг гүйцэтгэх ажил”  гэж тодорхойлсныг   оновчтой биш гэж зарим судлаач  тэмдэглэсэн  нь үндэслэлтэй юм.  Цэргийн болон  мөрдөн байцаалтын зэрэг  үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн  зарим  ажиллагааг  ч нууцаар явуулах нь цөөнгүй  бөгөөд тэдгээрийг тагнуулын үйл ажиллагаанд хамааруулахгүй нь ойлгомжтой. Өөр  үндэслэлүүдээр ч дээрх тодорхойлолтыг няцааж болох юм.      
Ф.Энгельсийн тэмдэглэсэнчлэн  нэр томъёо нь оноон нэрлэх ёстой ухагдахуунаасаа үүсмэл”(хараат) байдаг . Гэтэл  Гүйцэтгэх ажлын тухай  хуульд хэрэглэсэн “гүйцэтгэх ажил” гэдэг нэр томъёо нь илэрхийлэхийг оролдсон ухагдахуунтайгаа ямар ч холбоо, хамааралгүй болох нь “гүйцэтгэх” гэдэг үгийн утгыг Я.Цэвэл гуай  “гүйцэд  болгох, биелүүлэх”  гэж тайлбарласнаас илэрхий байна. Ер нь манай улсад тагнуулын нэр томъёо зүгшрээгүй, тагнуулын нэг ухагдхууныг янз бүрийн үгээр нэрлэх буюу тэмдэглэхээс эхлээд  сөрөг үзэгдэл  цөөнгүй байна.   Жишээлбэл, тагнуулын үйл ажиллагааг “гүйцэтгэх ажил”,”тагнуулын ажил”, “гүйцэтгэх тагнуулын ажил”, “гүйцэтгэх тагнуулын ажлын үйл ажиллагаа”,”тагнан турших үйл ажиллагаа” гэх мэт 6 янзаар нэрлэж байна. 
Тагнуулын үйл ажиллагааны талаар дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг тодорхойлолт байхгүй.   Барууны цөөнгүй судлаач тагнуулын үйл ажиллагааг “Улс төрчид, цэргийн удирдагчид чухал асуудлаар шийдвэр гаргахдаа ашигладаг мэдлэг, урьдчилан харсан мэдээлэл”, эсвэл  гадаад бодлого боловсруулах, стратегийн шийдвэр гаргахад улс орныхоо удирдлагад шаардлагатай мэдээллүүдийг нууц, ил эх сурвалжуудаас цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, ангилан боловсруулах зэргийг багтаасан, засгийн газрын агентлагуудаас үндсэндээ нууцаар явуулж буй үйлдлүүд болон үндэснийхээ ашиг сонирхлыг хангахын тулд хилийн чанад дахь үйл явдал, нөхцөл байдалд нууцаар нөлөөлөхөөр явуулж буй операци  гэж үзэж байна.    Барууны судлаачид тагнуулын үйл ажиллагааг улс төрийн, эдийн засгийн, шинжлэх ухаан, технологийн, цэргийн, сөрөх тагнуулын, эрүүгийн зэрэг хэлбэрүүдтэй хэмээн үздэг . Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн төв (DCAF)-өөс Тагнуулын тухай хуулийн загвар болохуйц сайн  хууль болсон хэмээн үнэлэгдсэн  “Аргентины үндэсний тагнуулын тухай хууль”-д зааснаар тус улсын тагнуулын байгууллагын тогтолцоонд гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуулын байгууллагаас гадна  Эрүүгийн тагнуулын газрыг  хамааруулсан   нь дээрхийг мөн нотолж байна.   Гэтэл Барууны хууль тогтоомж болон судлаачид тагнуулын үйл ажиллагааг  ихэвчлэн гадаад тагнуулын талаас нь авч үздэг болох нь дээрх тодорхойлолтоос ч ажиглагдаж байна.    
Оросын судлаачдынхаар “Гадаадын тусгай албадын тагнуулын үйл ажиллагаа гэж тухайн байгууллагаас улс орныхоо аюулгүй байдлыг хангах, гадаад улс, гадаадын байгууллага, этгээдийн нууц  бодлого, төлөвлөгөө, санаархал, эрмэлзэл, бодит ба болзошгүй нөөц бололцооны тухай мэдээ олох, шалгах, боловсруулах, мэдээлэл бэлтгэх, төрөөсөө явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор тусгай хүч, арга, хэрэгслийг ашиглан явуулж буй үйл ажиллагааг хэлнэ”  гэсэн нь  агуулгаараа Барууны судлаачдын тодорхойлолттой үндсэндээ адил байна.       
Тагнуулын үйл ажиллагааны тодорхойлолт нь уг үйл ажиллагааны мөн чанар, агуулга, элементүүдээс урган гарах учиртай. Юмс, үзэгдлийн мөн чанар нь “... дотоод тогтвортой гол цогц чанар”  байдаг. Аливаа юмс, үзэгдлийн агуулга нь тэдгээрийн элемент, онцлог шинжүүдийн нэгдмэл цогц бөгөөд оршин тогтнохуйн дотоод үндэс юм.  Тагнуулын үйл ажиллагааны агуулгад уг үйл ажилагааны элементүүдийн бүрэлдэхүүн хэсэг болох түүний зорилго хамаарна. Гүйцэтгэх ажлын тухай хуульд гүйцэтгэх буюу тагнуулын ажил  нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал(ҮАБ), хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилготой гэжээ. 
Нууц хүч, арга, хэрэгслийг ашиглан ҮАБ-д далдуур аюул, занал учруулах нь цөөнгүй. Тийм аюулыг юуны өмнө холбогдох гадаад улсын тусгай албад, тэдгээрийн тагнуулч, туршуул, үндэстэн дамнасан болон бусад гадаадын гэмт байгууллага, тэдгээртэй холбоо бүхий этгээдүүд учруулна. Гүйцэтгэх ажлын тухай  хуульд “гүйцэтгэх ажил” гэж нэрлэсэн тагнуулын  ажлын үндэсний аюулгүй байдал(ҮАБ)-ыг хангах чиглэлийн зорилгыг “ҮАБ-ыг ... гэмт халдлагаас хамгаалах” (Тодруулгыг .М.Ц)  гэж тодорхойлсон нь оновчгүй юм. Учир нь тагнуулын албадын тэмцвэл зохих бидний дээр өгүүлсэн янз бүрийн эх сурвалжлаас  үүсэх  олон төрлийн  аюулыг “гэмт халдлага” гэж ойлгож болохгүй юм. Орос хэлний тайлбар тольд “халдлага” гэдэг үгийн утгыг “эрх чөлөөнд халдах, өмчид халдах гэх мэт хууль бус буюу ямар нэг буруу үйлдэл хийхээр оролдох” хэмээн тайлбарласан нь үүнийг нотолж байна.  (Монгол хэл дээрх хуулийн болон бусад толь бичигт дээрх үгийн тайлбар байхгүй.) 
Монгол Улсын ҮАБ-ын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль зэрэг ҮАБ-ыг хангахтай  холбоотой харилцааг зохицуулсан хуулиудад  “аюулгүй байдлыг хангах”  гэдэг нэр  томъёог  улс орны нийгэм, төр болон иргэдийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, монгол соёл, иргэншил зэрэг үндэсний аюулгүй байдал, түүний бүрэлдэхүүн хэсэг гэх мэт илүү өргөн цар хүрээтэй асуудалд хэрэглэж байна. “Хамгаалах” гэдэг үг нь “сэргийлж сахих”, “харгалзан сахих”   гэсэн утгатай тул аюулгүй байдлыг хангах цогц олон арга хэмжээний  зөвхөн  идэвхгүй  нэг  хэсгийг л  илэрхийлдэг  учир ҮАБ-ыг хамгаалах гэж ярьж, бичих нь оновчгүй юм. 
Бидний дээр өгүүлснээс дүгнэхэд тагнуулын  үйл ажиллагааны нийтлэг нэг зорилго нь эрх хэмжээнийхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангахад оршиж байна. 
Гүйцэтгэх ажлын  тухай  хуульд  зааснаар бол гүйцэтгэх гэх  ажлын өөр нэг зорилго нь “Хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах”  явдал гэжээ. Гүйцэтгэх ажлын тухай  болон холбогдох бусад хуульд хүний эрх, эрх чөлөөг чухам  ямар гэмт  халдлагаас  хамгаалахад  гүйцэтгэх  гэх буюу  тагнуулын  ажлыг хэрхэн ашиглахыг тодорхой заагаагүй байна. Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн үүргийг авч үзвэл ТЕГ нь Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар “...хуулиар харъяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх...” , Гүйцэтгэх ажлын тухай  хуульд зааснаар гүйцэтгэх гэх ажил эрхэлдэг цагдаагийн байгууллага нь ТЕГ-т хуулиар харъяалуулснаас бусад “... далд аргаар үйлдэгдсэн, эсхүл  тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, түүнчлэн сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон прокурор, шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум, хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт  болон бусад зүйлийг эрж олох...” , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Гүйцэтгэх алба “..хоригдол оргох, үймээн гаргах, бусдыг барьцаанд авах, хорлон сүйтгэх зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдгээрийн урьд үйлдсэн  болон хорих анги дотор гарсан гэмт хэргийг илрүүлэх, түүнчлэн оргосон хоригдлыг баривчлах...”  зорилгоор, Авлигатай тэмцэх газар “... авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох...”  зорилгоор гүйцэтгэх  гэх буюу тагнуулын ажил явуулахаар тус тус заажээ.
Хуулийн  дээрх заалтуудад дурдсан гүйцэтгэх гэх байгууллагуудын үйл ажиллагааг Гүйцэтгэх ажлын тухай хуульд тодорхойлсон “... хүний  эрх, эрх  чөлөөг гэмт халдлагаас хамгаалах” зорилгыг хэрэгжүүлэхээр явуулж буй үйл ажиллагаа гэж ойлгож болно. 
ТЕГ-т Эрүүгийн байцаан шийтгэх(ЭБШ) хуулиар харъяалуулсан 23 гэмт хэргийн  11 нь Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд. Харин үлдсэн 12 гэмт хэргийн  нэг нь л иргэдийн  эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт , бусад  нь  тээврийн хэрэгслийн   хөдөлгөөний  аюулгүй байдал,  нийгмийн  аюулгүй  байдал,  хүн төрөлхтний аюулгүй  байдал,  энх тайвны  эсрэг  гэмт хэрэгт хамаарч байна. Эдгээрээс үзвэл хуулиар  харъяалуулсан  гэмт хэрэгтэй  тэмцэх чиглэлээр ТЕГ-аас зохиох тагнуулын ажил нь зөвхөн “...хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах” зорилготой биш,түүнээс өргөн агуулгатай  болох нь харагдаж байна. 
ЭБШ хуульд зааснаар  цагдаагийн байгууллагын харъяаллынх боловч Эрүүгийн хуульд заасан, хүний эрх, эрх чөлөөний эсрэг  гэмт хэрэгт  үл хамаарах, ердийн арга, хэрэгслээр илрүүлэх боломжгүй өөр олон төрлийн гэмт хэргүүд байна. Жишээлбэл, Татвар төлөхөөс зайлсхийх, Банкны тухай хууль тогтоомж  зөрчих гэх мэт аж ахуйн эсрэг гэмт хэрэг; Зохион  байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох, Галт зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлдэх, хадгалах, авч явах, борлуулах, үйлдвэрлэх, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч  дэлбэрэх  бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх гэх  мэт  нийгмийн  аюулгүй байдлын  эсрэг гэмт хэргүүд, Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах, Нянтай программ зохион бүтээх, ашиглах тараах гэх  мэт мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэх мэт цөөнгүй гэмт хэргийг нэрлэж болно.  Гэтэл тэдгээрийг иргэдийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг биш гэдэг үндэслэлээр илрүүлэх, таслан зогсооход гүйцэтгэх буюу тагнуулын ажлыг хэрэглэхгүй байх учиргүй. 
Эдгээрээс дүгнэлт хийхэд гүйцэтгэх гэх буюу тагнуулын үйл ажиллагааны гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн зорилго нь зөвхөн иргэдийн эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахад биш харин хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд оршдог ажээ. 
Ингэхлээр гүйцэтгэх  гэх буюу тагнуулын ажлын нийтлэг зорилго нь ҮАБ-ыг хангах, хуульд заасан гэмт хэрэгтэй тэмцэх явдал болж таарч байна. 
Бид дээрх судалгаа, дүгнэлтдээ тулгуурлавал: ”Монгол Улсын тусгай албадын тагнуулын үйл ажиллагаа  гэж ҮАБ-ыг хангах, хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд нууц ба ердийн хүч, арга, хэрэгслийг ашиглан мэдээ, баримт сэлт олох, цуглуулах, шалгах, ашиглах үйл ажиллагааг хэлнэ” хэмээн тодорхойлж болох юм. Тийнхүү Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулдаг гадаад тагнуул,  цэргийн тагнуул, хилийн тагнуулын үйл ажиллагаа ч, үндэсний аюулгүй байдлыг хангах, хуульд заасан тодорхой төрлийн  гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой сөрөх тагнуулын үйл ажиллагаа ч,  хуульд  заасан эрүүгийн нийтлэг гэмт хэргүүдтэй тэмцэх зорилго бүхий  Авилгатай тэмцэх газар, ШШГЕГ-ын Гүйцэтгэх албад болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын үйл ажиллагаа ч тагнуулын үйл ажиллагаа болох нь тодорхой байна. Энэ нь бид өмнө тэмдэглэж байсанчлан   Барууны судлаачид тагнуулын үйл ажиллагааг гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуул,  эрүүгийн тагнуул гэх мэт хэлбэрүүдтэй  гэсэнтэй  тохирч байна.
Тагнуулын үйл ажиллагаанд  “сөрөх тагнуул” хэмээх нэр томъёо маш өргөн хэрэглэгддэг.  Уг нэр томъёо  нь тагнуулыг сөрөх, эсэргүүцэх гэсэн агуулгатай болох нь  түүний бүтцээс бараг тодорхой байдаг. Гэвч энэ нэр томъёоны тухайд бид басл нэгдсэн зөв ойлголтод хүрээгүй байна. Холбогдох хуульд  “Сөрөх тагнуулын ажил гэж Монгол Улсын эсрэг гадаадын тусгай алба, байгууллага, иргэдээс явуулж буй тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа болон ТЕГ-т хуулиар харъяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаа”  хэмээн тайлбарлажээ.  Энэ тодорхойлолтод сөрөх тагнуулын ажилд тагнах, хорлон сүйтгэх үйл ажиллагаа болон ТЕГ-т харъяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг аль алийг нь хамааруулжээ. Гэтэл мөн хуулийн 10.7-д ТЕГ-ын чиг үүргийг тодорхойлохдоо хуулиар харъяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг сөрөх тагнуулын үйл ажиллагаанд хамааруулаагүй нь сөрөх тагнуулын ажлын тухай дээрх тодорхойлолтыг будлиантуулж, хоёрдмол утгатай болгожээ. Өөрөөр хэлбэл, тухайн хуульд эхний тохиолдолд сөрөх тагнуулын ажлыг ТЕГ-аас гадаадын тусгай албад, байгууллага, этгээдийн тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа болон ТЕГ-т хуулиар харъяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа  гэж тодорхойлсон атлаа, дараачийнхад нь зөвхөн гадаадын тусгай алба, байгууллага, этгээдийн тагнах болон бусад үйл ажиллагаатай тэмцэх үйл ажиллагаа хэмээн ойлгогдохоор тусгасан байна. ТЕГ-ын Сөрөх тагнуулын ажлын заавар  зэрэг эрх зүйн нууц баримт бичгүүдэд  дээрх ойлголт давтагдсан байна. 
Сөрөх тагнуулын үйл ажиллагааг АНУ-ын хууль тогтоомжид “Гадаад улсын засгийн газар, тагнуулын алба, гадаадын байгууллага, этгээд, тэдгээрийн  төлөөний  этгээдийн тагнуул хийх болон бусад үйл ажиллагаа, хорлон саатуулалт, түүнчлэн олон улсын террорист үйл ажиллагаанаас  хамгаалах зорилгоор мэдээлэл цуглуулах үндсэн дээр явуулж буй цогц  үйл ажиллагаа”   гэсэн бол ОХУ-ын хуульд “Сөрөх тагнуулын үйл ажиллагаа гэж гадаад  улсын тусгай алба, байгууллагын тагнах болон бусад үйл ажиллагаа, түүнчлэн ямар нэг этгээдээс ОХУ-ын аюулгүй байдалд хор хохирол учруулахад чиглэсэн үйл ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Холбооны  Аюулгүй  байдлын  албанаас эрх хэмжээнийхээ хүрээнд явуулж буй үйл ажиллагааг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.   Их Британий Аюулгүй байдлын албаны тухай хуульд зааснаар Их Британий сөрөх тагнуулын байгууллагын үйл ажиллагаа нь “... гадаад улс гүрнүүдийн тагнах, ажил саатуулах, хорлон бусниулах болон террорист үйл ажиллагаа, түүнчлэн парламентын ардчиллыг улс төр, эдийн засаг, хүчирхийллийн аргаар устгахад чиглэсэн үйлдлийн аюул заналаас хамгаалах, ... эзэн хаант улсын эд баялгийг гадны аюулаас хамгаалах зэргээр ...” үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэдэг байна.  
Дээр дурдсанаас үзвэл гадаадын аль ч орны сөрөх тагнуулын төв  байгууллагын үйл ажиллагаа нь гадаадын тусгай алба, байгууллага, этгээдийн тагнах, хорлон сүйтгэх болон  бусад  гэмт үйл ажиллагаа зэрэг үндэсний  аюулгүй байдалд улс орны гаднаас болон т дотоодоос учирч  буй  ба учирч болзошгүй аюултай тэмцэхэд чиглэдэг ажээ. Гадаадын судлаачид ч энэ талаар санал нэг байна. Тийм ч учраас Их Британи, ОХУ зэрэг нэлээд улс орон сөрөх тагнуулын үндсэн байгууллагаа  “Аюулгүй байдлын алба”, ХБНГУ “Үндсэн хуулийг хамгаалах газар” хэмээн нэрлэдэг аж.
Сөрөх тагнуулын албад, тэдгээрийн  үйл ажиллагааг бүхэлд нь  “НАТО”-гийн орнууд англиар  “counterintelligence” , ОХУ-д ”контрразведка”, германаар  “spionageabwehr” гэх мэт ерөнхий нэрээр нэрлэж  байна. Харин тэдгээр үйл ажиллагааны дотроос зөвхөн гадаадын тусгай албадын тагнуул хийх гэх мэт гэмт үйл ажиллагаатай тэмцэх тэрхүү хэсгийг гадаад орнуудад  арай өөрөөр  тухайлбал, англи хэлтэн орнуудад  “counterspionage”,  герман хэлтэн орнуудад  “gegenspjonag” гэх зэргээр нэрлэж байна.  ОХУ болон Монгол Улсад  ингэж зааглаагүй байна.  Энэ нь манай улсад сөрөх тагнуулын үйл ажиллагааг оновчгүй тодорхойлоход  нөлөөлсөн  байж  болох юм.   
Эдгээр байдлыг харгалзан  гадаадын тусгай алба, байгууллага, этгээдийн тагнах, хорлон бусниулах болон  дотоодоос ҮАБ-д аюул, занал учруулах  гэмт үйл ажиллагаатай тэмцэх манай сөрөх тагнуулын байгуулагуудын үйл ажиллагааг  бүхэлд нь “Сөрөх тагнуулын үйл ажиллагаа”, харин тэрхүү үйл ажиллагаанаас зөвхөн гадаадын тусгай албадын тагнуул хийх гэх мэт гэмт  үйл ажиллагаатай тэмцэх хэсгийг “эсэргүүцэн тагнах үйл ажиллагаа” гэж тус тус ялган нэрлэх нь зүйтэй .    
Тагнуулын байгуулагын тухай хуулийн сөрөх тагнуулын үйл ажиллагаатай холбоотой заалтуудад эргэлзээтэй зүйл нэг бус байна. Жишээлбэл, уг хуульд зааснаар ТЕГ-ын хоёр дахь үүрэг нь “...тагнан турших, хорлон сүйтгэх үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох” , дөрөв дэх үүрэг нь “...хуулиар харъяалуулсан гэмт хэргийг илрүүлэх...”  явдал ажээ. Тэгвэл ЭБШ хуульд ТЕГ-т харъяалуулсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлд заасан Тагнуул хийх, 84 дүгээр зүйлд заасан Хорлон сүйтгэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа нь дээрх хоёр үүргийн алинд нь хамаарах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуулт мөн хуулийн сөрөх тагнуулын ажлын тодорхойлолт дахь “...тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа  болон ... хуулиар харъяалуулсан гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх”  гэдэг хэсэгт ч тавигдана. Тагнуул хийх, хорлон сүйтгэх гэмт хэрэг ч ТЕГ-т хуулиар харъяалуулсан гэмт хэрэгт хамаарах нь ойлгомжтой учраас энд хууль тогтоогч  төөрөлдсөн бололтой.
Зарим ном, сэтгүүлд “хорлон сүйтгэх,” “хорлон бусниулах” гэдэг нэр томъёог ижилхэн утгатай мэтээр ойлгож хэрэглэх тохиолдол байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд  тодорхойлсноор хорлон сүйтгэх нь эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон  хүн, мал, ургамалын гоц халдварт өвчин тараах, олон хүнийг хордуулах гэх мэт аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм.  Харин  хорлон бусниулах үйл ажиллагаанд тусгай хүч, арга, хэрэгслийг ашиглан террор болон хорлон сүйтгэх, эх орноос нь урвуулах гэх мэт нууц ба хүчирхийллийн ажиллагаа явуулах замаар улс орны батлан хамгаалах болон эдийн засгийн хүчин чадал, ард түмний эв нэгдэл, засаг төрийг бусниулан доройтуулахад чиглэсэн ажиллагаанууд хамаарна .  Үүнээс үзэхэд хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь хорлон бусниулах үйл ажиллагааны нэг төрөл бөгөөд  түүнээс явцуу утгатай ажээ. 
Тагнуулын үйл ажиллагаа нь  мэдээллийн ажлын өвөрмөц  төрөл билээ.  Гэтэл төрийн нууц мэдээг  янз бүрээр, түүний дотор зөвхөн Монгол Улсын Эрүүгийн хуульд 2 өөрөөр нэрлэсэн байна.  ”Эх орноос урвах” гэмт хэргийн диспозицид “...төрийн нууцыг ...”, ”Тагнуул хийх ” гэмт хэргийн диспозицид “... төрийн нууц,  түүнд хамаарах мэдээ, баримт,  бусад зүйлсийг ...” гэх мэтээр янз бүрээр нэрлэжээ.
Тагнуулын байгууллагын тухай хуульд “Тагнуулын мэдээ гэж тусгай алба үндсэн үүрэг, зорилтынхоо дагуу нууц арга, хэрэгслээ ашиглан олж буй мэдээ, баримт сэлт”  хэмээн тодорхойлоод “мэдээ баримт сэлт олох”, “гаргуулан авах”,”мэдээлэл боловруулж ,...байгууллага, албан тушаалтанд танилцуулах” гэх мэт нэр томъёог хэрэглэсэн бол Гүйцэтгэх ажлын тухай хуульд “мэдээ , мэдээлэл , баримт бичиг олох”, ”удирдлагыг мэдээллээр хангах”, ”мэдээ баримтыг гаргуулж авах“, ”... мэдээллийг үндэслэн”, “мэдээллийн систем ” гэх мэт үг хэллэг хэрэглэсний дотор “мэдээ, мэдээлэл, баримт бичиг” гэдэг нэр томъёо зонхилж байна. 
Манай орны бичгийн болон ярианы хэлэнд “мэдээ”, ”мэдээлэл ” гэдэг үгс л өргөн хэрэглэгдэж байгаа ч тэдгээрийн утгын нарийн зааг, ялгааны талаар нэгдсэн ойлголт алга. Жишээлбэл, Монголын нэвтэрхий тольд “Мэдээ гэж шинэ зүйлийг... мэдээлэх зорилгоор баримттай, товч бичдэг бичлэгийн төрөл зүйлийн нэр”, “Мэдээлэл гэж ам, бичгээр юмуу өөр аргаар ...бие биедээ дамжуулдаг мэдээний нэр ” гэж тус тус тодорхойлсон байна. Энэ 2 тодорхойлолтыг эргэцүүлбэл мэдээлэл нь баримттай, товч бичдэг бичлэгийн төрөл зүйлийн нэгнийх нь нэр буюу мэдээний нэр төрлийн нэр болж таарч байна. Манай хэл судлалын нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нар монгол хэлний мэдээ, мэдээлэл гэдэг үгстэй ойролцоо утгатай , орос хэлний “информация ” гэдэг үгийг “мэдээлэл, мэдээ”,” данные” гэдэг үгийг “мэдээ баримт ”, “сведение” гэдэг үгийг “мэдээ, сураг, мэдээ тайлан, мэдэгдэх”, “сообщение” гэдэг үгийг “сонсгох, мэдэгдэх, мэдээ, мэдээлэл” гэж тус тус орчуулсан байна.   Манай нэрт эрдэмтэн С.Нарангэрэл, Б.Чимэд гэх мэт хуульчид “информация” гэдэг  үгийг “мэдээлэл”, ”данные” гэдэг үгийг “баримт сэлт , мэдээлэл”, “сведение” гэдэг үгийг “мэдээ”, “сообщение” гэдэг үгийг “мэдээ, мэдээлэл” гэж тус тус тайлбарлах буюу орчуулжээ. 
Оросын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар ”данные” хэмээх үгийн агуулга нь факт буюу үйл баримтаас үндэслэлтэй. Жишээлбэл, статистикийн мэдээ баримт, аж ахуйн нэгжийн мэдээ /сведение/ гэх мэт.   “Информация ” гэдэг үг нь янз бүрийн мэдээ баримт (данные)-аас сонгон боловсруулж задлан шинжилж  гарган авсан, тэдгээрийн нийлбэр цогцсыг илэрхийлдэг байна.   К. Шеноны  мэдээллийн онолын сонгодог тодорхойлолтоор “информация” нь авагдахаасаа өмнөх үеийн тодорхой бус байдлыг бүрэн буюу аль нэг хэмжээгээр багасгаж байдаг  мэдээ баримт (данные), мэдээнүүд (сведения)-ийн нийлбэр цогцос ажээ.   Энэ бүхэнд тулгуурлаад бид “информация” гэдэг үгийг “мэдээлэл”, ”данные” гэдэг үгийг “мэдээ баримт”, “сведение”, “сообщение” хэмээх үгсийг “мэдээ ” гэж тус тус орчуулан дээр дурдсан утгаар хэрэглэж хэвшихийг санал болгож байна. “Мэдээ” гэдэг үг нь мэдэгдэх зүйл, ямар нэг зүйлийн тухай мэдлэг болох зүйл хэмээх нийтлэг утгатай.  Тиймээс мэдээ, мэдээлэл, мэдээ баримт гэдэг үгсийн оронд тэрхүү нийтлэг утгаар нь “мэдээ” гэдэг үгийг хэрэглэх нь цөөнгүй байдаг байна. 
ОХУ болон Барууны  нэлээд оронд тагнуул судлал сайн хөгжсөн учраас тагнуулын нэр томъёо ч оновчтой, нэлээд сайн зүгширч тогтсон байна. ОХУ-д “Орос хэлний тагнуулын үгсийн сан” буюу “Лексика русской разведки”   гэдэг ном ч хэвлэгдсэн байна. Түүнд орос хэлний тагнуулын зарим нийтлэг нэр томъёонуудын үүсэл,  хөгжлийг Оросын төрийн байгуулалтын янз бүрийн үе шаттай холбон авч үзсэн байх юм.  Оросын судлаач, шинжлэх ухааны доктор А.Ю. Шумилов  “Оперативно-розыскная энциклопедия”  бүтээлдээ тагнуулын цөөнгүй нэр томъёог тайлбарласан байна. 
“НАТО-гийн нэр томъёо ба тодорхойлолтынтайлбар толь”-д тагнуулын нэлээд  нэр томъёог тайлбарлажээ . 
Манай орны тухайд  бид орос хэлний тагнуулын нэлээд нэр томъёог янз бүрийн эх сурвалжаас олж цуглуулан монгол хэлнээ орчуулан ном болгох анхны  оролдлого хийж, 2005 онд “Тагнуулын орос-монгол толь”  гаргасан билээ. 2000 онд хэвлүүлсэн “Тагнуулын ажлын толь”-д  тагнуулын нэлээд олон нэр томъёог тайлбарлах оролдлого хийсэн болно. 
Тагнуулын үйл ажиллагааны суурь ойлголт(категори) болох  “тагнуул”, “тагнуулын ажил” гэдэг үгийн оронд болон түүнтэй адил утгаар хэрэглэгдэх болсон “гүйцэтгэх ажил” гэдэг  оновчгүй нэр томъёо Монголын эрх зүйн талбарт хэрхэн орж ирснийг судлан тогтоох нь тагнуул судлал, хууль зүйн салбарын нэр томъёог оновчтой сонгон хэрэглэх болон  цаашид гарч болох алдаанаас сэргийлэхэд ач холбогдолтой юм. 1961 онд гарсан “НАХЯ-ны УАХГ-ын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлын 4 дүгээр тогтоолд “гүйцэтгэх ажлын техник”, “гүйцэтгэх ажлын шугамаар”, “гүйцэтгэх ажлын арга хэмжээ”  зэрэг нэр томъёог хэрэглэж эхэлсэн нь ЗХУ-аас эхтэй ажээ. 1958 онд ЗХУ-д ЗСБНХУ-ын болон Холбооны улсуудын “Эрүүгийн шүүн таслах ажиллагааны үндэс”,  тэдгээрийн дараа батлагдсан Холбооны улсуудын ЭБШ хуулиудад хэрэг бүртгэх байгууллагууд  “шуурхай эрэн сурвалжлах арга хэмжээ зохиох” үүрэгтэй болох тухай заалт орсон нь (ЗСХОУ-ын ЭБШ хуулийн 118 дугаар зүйл) өмнө нь ЗХУ-ын ДЯЯ, түүний харъяа байгууллагуудын эрх зүйн актууд болон тусгай (нууц) ном, хэвлэлд хэрэглэгдэж байсан эрүүгийн эрэн сурвалжлах ажил (уголовно-розыскная работа), хүн эх сурвалжтай шуурхай тагнуулын ажил(агентурно-оперативная работа) гэх мэт нэр томъёоны оронд “шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа” гэдэг нэр томъёог аажмаар хэрэглэхэд хүргэжээ.  Тэр үед энэ нэр томъёо Оросын аюулаас хамгаалах болон цэргийн тагнуулын байгууллагуудад өргөн хэрэглэдэггүй байсан байна. Гэвч уг нэр томъёо аажмаар дэлгэрч, улмаар манай улсын тусгай албадын үйл ажиллагааг зохицуулсан зарим эрх зүйн актад 1960-аад оноос хэрэглэгдэж эхэлсэн байна.  
Манай улсын хууль тогтоогчид тагнуулын үйл ажиллагаатай холбоотой нийтлэг харилцааг зохицуулсан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ-ын ДЯЯ-ны эрдэмтэд төслийг нь зонхилон боловсруулж, 1992 онд Төрийн Думаар анх баталсан ОХУ-ын тусгай алба (ТА)-дын үйл ажиллагаатай холбоотой нийтлэг харилцааг зохицуулсан “Закон об оперативно- розыскной деятельности” гэдэг хуулийн нэр томъёо, үзэл санааг ашиглахдаа “оперативно- розыскная деятельность” гэдэг нэр томъёог “гүйцэтгэх ажил” гэж оновчгүй  орчуулан хэрэглэснээр “Гүйцэтгэх ажлын тухай” гэдэг нэртэй Монгол Улсын хууль төрөхөд хүргэсэн байна. 
Зөвхөн манай улсад ч биш социалист тогтолцооноос дөнгөж гарч, улс орныхоо улс төр, нийгэм, эдийн засгийн салбарын бүхий л харилцааг шинээр зохицуулах анхны хуулиудыг боловсруулахыг эрмэлзэж байсан хуучин социалист гэгдэгч Украин, Белорусь, Казахстан, Латви, Литов, Молдав зэрэг бараг бүх оронд 1992-1993 онд ОХУ-ын дээрх хуулийг үлгэр загвар болгон түүнтэй яг адилхан буюу маш ойролцоо нэртэй, агуулгын хувьд ч зарчмын ялгаагүй шахам хуулиудыг баталж гаргасан байна.    
Бид “гүйцэтгэх ажил” гэж орчуулан хэрэглэж буй “оперативно-розыскная деятельность” гэдэг нэр томъёо, түүний агуулгын тухайд Оросын судлаачид нэгдмэл ойлголтод хүрээгүй, маргаантай хэвээр байна.  ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны цөөнгүй эрдэмтэн, судлаачид “оперативно-розыскная деятельность” буюу “шуурхай эрэн сурвалжлах үйл ажиллагаа” гэдэг нэр томъёог оновчтой бус бөгөөд эрүүгийн нийтлэг гэмт хэрэг үйлдэгч гэмт бүлэглэл, этгээдүүдтэй тэмцэх ажиллагаанд л хамаарна гэж үзэж байна . ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын  албаны Академийн профессор П.С.Дмитриев  зэрэг судлаачдын үзэж байгаагаар дээрх оновчгүй нэр томъёо нь “Шуурхай эрэн сурвалжлах үйл ажиллагааны тухай” ОХУ-ын хуулийн төслийг ОХУ-ын Дотоод явдлын яамны төлөөлөл боловсруулсантай холбоотой аж. 
Дүгнэлт. Манай улсад тагнуулын зарим нэр томъёо оновчгүй,  илэрхийлэх гэсэн ухагдхуунаа  оноон нэрлэж чадаагүй, нэг ухагдхууныг  өөр өөр нэр томъёогоор илэрхийлэхийг оролдсон, заримынх  нь хуульчилсан тайлбар  дэлхийн ихэнх оронд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг ухагдхуунтай зөрчилдсөн гэх  зэрэг байдал ажиглагдаж байна. Тиймээс одоо хэрэглэгдэж байгаа тагнуулын нэр томъёонуудыг тагнуул судлалын болон хэл шинжлэлийн мэрэгжилтнүүдийн оролцоотойгоор  судалж,  ухагдхуунаа оновчтой зөв илэрхийлж байгааг нь баталгаажуулах, оновчгүйг нь оновчтой болгох, оновчтой нэр оноогоогүй байгаа тагнуулын үйл ажиллагаатай холбоотой  ухагдхууныг  илэрхийлж  болох  үг, хэллэгүүдийг  мэдээлэл зүй, хууль зүй  болон “тандалт”, “эрэл”, “хайгуул” гэх мэт нэр томъёо хэрэглэдэг археологи, геологи   гэх мэт мэдлэгийн янз бүрийн салбарын нэр томъёоноос олж цуглуулан тагнуулын нэр томъёоны үндэс болохуйц хэсгийг нь түүвэрлэн  авах, тагнуул судлал сайн хөгжсөн орнуудын тагнуулын нэр томъёонуудыг  оновчтой орчуулан  судлах   замаар нэр томъёо боловсруулахад ашиглах гэх зэрэг ажил зохион байгуулж,  тагнуулын нэр томъёог оновчтой, нэг мөр болгон цэгцлэх, баяжуулах  шаардлага зүй ёсоор тавигдаж байна.  Энэ нь тагнуул судлалыг хөгжүүлэх, тухайн салбарын үнэн зөв мэдээлэл, мэдлэгийн  үндсийг бүрдүүлэхэд  багагүй ач  холбогдолтой  ажил болохсон билээ. 

1  Климовицкий Я.А. Некоторые вопросы развития и методологии терминологических работ в СССР. М, 1967, с 34. 
2 Д.Дашдаваа, Э.Равдан. Нэр томъёоны тухай. УБ,1980, 9-р тал
3 Г.Сүхбаатар. Монгол Нирун улс. УБ, 1992, 108-р тал
4 Б.Сумъяабаатар. Гучин зургаат тайлбар толь. УБ, 2005, 290-р тал, 4458 дахь үе
5 Монголын нууц товчооны 208, 247, 257, 273, 276, 281 -р зүйл гэх мэт.  
6 Бэсүдэй Н.Нагаанбуу. Монголын түүх соёлын нэр томъёоны  гаргалгаа. УБ, 2005, 19-ртал
7 Монгол үгсийн язгуурын толь. Өвөр Монголын хэвлэлийн хороо. 1998, 101-р тал
8 Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ, 1966, 514-р тал
9 Д.Тод. Монгол Улсын УАБХБ-ын үйл ажиллагааны эхэн үеийн түүхийн асуудалд. Түүхийн ухааны дэд докторын зэрэг горилсон диссертаци.УБ,1999,18-р тал
10 НАХЯ-ны УАХБ-ын ажлын тухай М АХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны хурлын тогтоол №3, 1963 он, БНМАУ-ын НАХЯ-ны дүрэм. 1962 он
11  Д.Адъяабазар. Монгол Улсын 1921 оноос хойшхи хууль тогтоомж ( I дэвтэр ). УБ,1998, 16-р тал
12 Мөн тэнд. 79-р тал
13 “Төрийн мэдээлэл” 1992, №3
14 Монгол Улсын Эрүүгийн хууль. УБ, 2002, 80-р зүйл
15 The world book dictionary.Volume one A-K.  Edited by: Robert K.Barnhart. 1995.page 1096
16 Тагнуулын байгууллагын тухай Монгол Улсын хууль. УБ, 1999
17 Цагдаагийн байгууллагын Гүйцэтгэх тагнуулын ажлын заавар. (2003.04.07-нд ТЕГ, ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан)
18 Л.Батдолгор. Тагнах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт. УБ, 2010,13, 37, 71, 75, 88, 89, 155, 166-р тал. 
19 Л.Батдолгор. Тагнах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онол, практикийн асуудал.(“Гүйцэтгэх ажлын эрх зүйн зохицуулалт” сэдэвт онол, практикийн хулын эмхтгэл. УБ, 2010, 22-р тал) 
20 Т.Оюунчимэг. Гэмт хэрэгтэй тэмцэх тагнах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын зарим асуудал.”Ардчилсан нийгэм ба тагнуулын байгууллага” эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл. УБ,2001, 173-р тал 
21 К.Маркс Ф.Энгельс. Соб. Сочинений. том-20, с 609
22 Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ, 1966, 165-р  тал
23 Фред Шреер.Трансформирование разведывательных служб. Вена-Женев, 2009, с 28
24 Фред Шреер.Трансформирование разведывательных служб. Вена-Женев, 2009, с 28
25 Мөн тэнд. 29-р тал
26  Аргентиний тагнуулын эрх зүйн шинэчлэлийн тухай. “Тусгаар тогтнол” сэтгүүл. 2012 №1(12)
27 А.А. Котенёв, С.В. Лекарев. Современный энциклопедический словарь по безопасности. Москва, 2001, с  352-353.
28 Губский.Е.Ф, Караблева.Г.В. Философский энциклопедический словарь. Москва, 1999. с 444
29 Е.Ф.Чубский, Г.В.Кораблёва идр. Философский энциклопедический словарь. Москва. 1999. с 422
30 Гүйцэтгэх ажлын тухай хууль.1997, 2 дугаар зүйл
31 Ожегов.С.И, Шведова.Э.Ю. Толковый словарь русского языка. Москва, 2001 с 571
32 Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ, 1966, 655-р тал
33 С.В.Котенёв,С.В.Лекарев.Современный энциклопедический словарь по безопасности. Москва, 2001, с-249
Гүйцэтгэх ажлын тухай хууль. 1997, 2 дугаар зүйл (“Төрийн мэдээлэл” сэтгүүл. 1997, №  )
34 Тагнуулын байгууллагын тухай  хууль.10.7.3
35 Гүйцэтгэх ажлын тухай хууль. 9.1.3
36 Гүйцэтгэх ажлын тухай хууль. 9.1.4     
37 Авлигын эсрэг хууль. 1996,18.4.5 (“Төрийн мэдээлэл” сэтгүүл, 1996, №6)
38 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль. 2002. 27.1
39 Монгол Улсын Эрүүгийн хууль. 2002.133 дугаар зүйл
40 Монгол Улсын Эрүүгийн хууль. 2002, Зургадугаар хэсэг 91-144-р зүйл
41 Тагнуулын байгууллагын тухай хууль. 3.1.2
42 Сөрөх тагнуулын ажлын шинэчилсэн заавар (ТЕГ-ын даргын 2009.01.06-ны өдрийн мн/08 тоот тушаалаар батлагдсан)
43 “АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны тухай” АНУ-ын ерөнхийлөгчийн гүйцэтгэх тушаал №12333
44 Федеральный закон о Федеральной службе безопасности Росийской Федерации. ст 9 
45 Трошкин.Е.З, Чогитидзе.А.С. Секреты Британской контрразведки. Москва, 2002, с 107 
46 Paul J.Redmond. The Challenges of Counterintelligence. National Security Intelligence. Oxford University, Press, 2010,  pages 537-554 
47  Do D Dictionary of Military and Associated Terms. 2010, NATO Glossary of Terms and Definitions. 2010. Page 96
48 Тагнуулын байгууллагын тухай хууль. 11.1.2
49 Мөн хуулийн 11.1.4
50 Мөн хуулийн 3.1.2 
51 Монгол Улсын Эрүүгийн хууль. 2002, 84 дүгээр зүйл
52 Правовое регулирование деятельности федеральной службы безопасности по обеспечению национальной безопасности Российской Федерации. Под общей редакцией В.Н. Ушакова. Москва, 2006, С 68.
53 Тагнуулын байгууллагын тухай хууль. 3.6.1  “Төрийн мэдээлэл” сэтгүүл. 1999, №35 (114)
54  Мөн тэнд
55 Гүйцэтгэх ажлын тухай хууль. 2.1, 9.1.4, ”Төрийн мэдээлэл” сэтгүүл.1997, №86 (251)
56 Монголын нэвтэрхий толь. Ерөнхий редактор академич Б.Чадраа. УБ, 2000,102-р тал
57 Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв. Орос-монгол толь. УВ,1983, 197, 202, 631, 663-р  тал
58 С.Нарангэрэл. Эрх зүйн эх толь бичиг.УБ, 2008, 285-р тал, Д.Дариймаа, Д.Дашдондог, Б.Чимид. Улсын нэр томьёоны комиссын мэдээ (Хууль зүйн нэр томьёо).УБ, 1978, 81, 43, 214, 229-р тал
59 И. Доронин. Бизнес- разведка. 4-ое издание. Москва, 2007, с 20
60 Мөн тэнд.
61 Мөн тэнд.
62 Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ, 1966, 354-р тал.
63 М.Алексеев. Лексика русской разведки. Москва, ”Международные отношения”,1996
64  А.Ю.Шумилов. Оперативно-розыскная энциклопедия. Москва, 2004, с 64
65  Do D Dictionary of Military and Associated Terms. 2010, NATO Glossary of Terms and Definitions. 2010. 
66 М.Цогтоо,Б.Оюунчулуун. Тагнуулын орос-монгол толь. УБ, 2005
67 М.Цогтоо. Тагнуулын ажлын толь. УБ ,2002
68 А.Ю.Шумилов. Оперативно-розыскная энциклопедия. Москва, 2004, с 64
69 Оперативно-розыскная деятельность. Учебник. Редакторы К.К.Горяинов и др. Москва, 2001. сс-48-49
70 ФСБ России. Правое регулирование деятельности ФСБ по обеспечению национальной безопасности Росийской Федерации. Общий редактор Ушаков.В.Н. Москва, 2006 с 70
 71 ФСБ России. Правовое регулирование деятельности Федеральной службы безопасности по обеспечению национальной безопасности Российский федерации. Редактор В.Н.Ушаков, Москва, 2006. сс 70-71

No comments:

Post a Comment