Хүннү улсын тухайд
МЭӨ I мянган жилийн тэртээгээс Монгол нутагт олон овог аймгууд зэрэгцэн оршиж
ирсэн бөгөөд тэдгээр овог аймгууд Хятадын Хан улс болон Юэчжи зэрэг том
аймгуудаас газар нутаг, хүн ардаа хамгаалахын тулд нэгдэн аймгийн холбооны
зохион байгуулалтанд оршиж байв. МЭӨ 209 онд Хүннү аймгийн холбооны зонхилогч Түмэн шаньюйн хүү
Модун аймгийн холбоогоо өргөжүүлэн тэлж, Төв Азийн түүхэнд нүүдэлчдийн анхны
төрт улсыг байгуулан өөрийгөө Хүннү улсын хаан буюу шаньюйд өргөмжилжээ. МЭӨ III зууны үед Хүннүгийн зүүн талд орших Дунху аймгийн холбоо,
баруун урд орших Юэчжи аймгийн холбоо ихээхэн хүчирхэг байсан ба Хүннү улс
байгуулагдан хүчирхэгжих шинжтэй болсонд ихэд эмээж байв. Хүннү улс Модун
шаньюйн үед ихэд хүчирхэгжин Дунху, Юэчжи аймгийн холбоодыг довтлон доройтуулж,
өнөөгийн Монголын умард хэсэг дэх малчин, цаатан, анчин, гөрөөчин овог
аймгуудыг эзлэн газар нутгаа Байгал нуур хүртэл тэлжээ. Түүнчлэн баруун зүгт
довтолж одоогийн Казахстан улсын газар нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин
малчин Усунь аймаг болон Дорнод, Өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг
байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээлд оруулсан билээ. Хүннү улс нь Монгол, Түрэг,
Манж-Тунгус, Иран /Юэчжи/ зэрэг Урал-Алтай, Энэтхэг-Европын язгуурын янз бүрийн
хэлтэй аймаг овгуудаас бүрэлдэж байв.