Хүннү улсын тухайд
МЭӨ I мянган жилийн тэртээгээс Монгол нутагт олон овог аймгууд зэрэгцэн оршиж
ирсэн бөгөөд тэдгээр овог аймгууд Хятадын Хан улс болон Юэчжи зэрэг том
аймгуудаас газар нутаг, хүн ардаа хамгаалахын тулд нэгдэн аймгийн холбооны
зохион байгуулалтанд оршиж байв. МЭӨ 209 онд Хүннү аймгийн холбооны зонхилогч Түмэн шаньюйн хүү
Модун аймгийн холбоогоо өргөжүүлэн тэлж, Төв Азийн түүхэнд нүүдэлчдийн анхны
төрт улсыг байгуулан өөрийгөө Хүннү улсын хаан буюу шаньюйд өргөмжилжээ. МЭӨ III зууны үед Хүннүгийн зүүн талд орших Дунху аймгийн холбоо,
баруун урд орших Юэчжи аймгийн холбоо ихээхэн хүчирхэг байсан ба Хүннү улс
байгуулагдан хүчирхэгжих шинжтэй болсонд ихэд эмээж байв. Хүннү улс Модун
шаньюйн үед ихэд хүчирхэгжин Дунху, Юэчжи аймгийн холбоодыг довтлон доройтуулж,
өнөөгийн Монголын умард хэсэг дэх малчин, цаатан, анчин, гөрөөчин овог
аймгуудыг эзлэн газар нутгаа Байгал нуур хүртэл тэлжээ. Түүнчлэн баруун зүгт
довтолж одоогийн Казахстан улсын газар нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин
малчин Усунь аймаг болон Дорнод, Өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг
байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээлд оруулсан билээ. Хүннү улс нь Монгол, Түрэг,
Манж-Тунгус, Иран /Юэчжи/ зэрэг Урал-Алтай, Энэтхэг-Европын язгуурын янз бүрийн
хэлтэй аймаг овгуудаас бүрэлдэж байв.
МЭӨ 201 онд Модун шаньюй 400 мянган морьт цэрэгтэйгээр
Хятадын хилд цөмрөн орж, өнөөгийн Датун хот хүртэлх нутгийг эзлэн авчээ. МЭӨ
198 онд Хятадын Хан улсын эзэн хаан Лю Бан гэгч Модун шаньюйд элч илгээн найрамдал,
ургийн гэрээ байгуулсан байна. Тэрхүү гэрээ ёсоор Хүннү улс, Хан улс хоёр бие
биесийг тусгаар тогтнож, биеэ даасан, бүрэн эрхт, эн сацуу улсууд гэдгийг
хүлээн зөвшөөрөөд, Хан улсын хаан “Урт цагаан хэрмээс хойших нум барьсан улс
/нүүдэлчид/ шаньюйн цаазыг дагасугай. Урт хэрмээс дотогших дээл малгайт улсыг
/Хятадыг/ би захирсугай” хэмээн хэлж, жил бүр Хүннүгийн хаанд их хэмжээний алт
мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бүтээгдэхүүн, тариа будаагаар алба
өгч байх үүрэг хүлээж, 50 гаруй жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Хүннү нар МЭӨ I зууны үед Дорнод Туркестаны нутгийг бүрмөсөн эзэлснээр Их
торгоны замд ноёрхсон хүчирхэг гүрэн болсон юм. Гэвч МЭ 48 онд язгууртан нарын засгийн эрхийн төлөөх
тэмцэл, Хан улсын хагалан бутаргах бодлогын улмаас Хүннү улс өмнөд, умард хоёр
хэсэгт хуваагдан бие биесийн эсрэг дайтан тэмцэх болжээ. Өмнөд Хүннү улс Хан
улсад дагаар орж өнөөгийн Өвөр Монголын Ордос, Түмэдийн нутаг, Хятадын Шаньси,
Шэньси мужийн хойд хэсэгт нутаглах болов. Өмнөд Хүннү, Хан улсын цэргүүдийн
олон удаагийн довтолгооноос шалтгаалан Умард Хүннүгийн хүч ихээхэн суларч
байлаа. Умард Хүннүгийн сулран доройтож буйг Хан улс дахин ашиглан цэргээ
бэлтгэж, 93 онд өмнөд хүннү, сяньби нартай хамтран довтолсноор Төв Ази дахь
нүүдэлчдийн Умард Хүннү улс мөхсөн юм.
Баруун зүгт нүүдэллэсэн хүннү нар:
Энэхүү довтолгооны дараа Монгол нутагт 100 мянган өрх
буюу 5-6 зуун мянган умард хүннү нар үлдэж Сяньби улсын бүрэлдэхүүнд орсон бол
бусад 100 мянга гаруй өрх нь баруун зүгт Казахстан, Барабын хээр талын зүг
нүүдэллэн оджээ. Умард Хүннүгийн дотроос Хуйянь тэргүүтэй хэсэг овог, аймгууд баруун
зүгт нүүдэллэн гарч, Түрэг, Перс, Угро хэлтнүүдтэй зэрэгцэн амьдрах болжээ.
Тухайн цаг үед Кавказын нурууны ар талаар Перс-Иран хэлт аланчууд амьдарч, Уралын
нурууны орчимд Угро-Чуваш хэлт овог аймгууд оршиж байв. Умард Хүннүгээс
гарагсдын дийлэнх хэсэг нь Түрэг, Угро хэлтэн аймгуудын нутагт амьдарч 200
гаруй жил болох зуур хэл яриа, удам угсааны хувьд нэлээд уусаж, Хүннү гарвалт, Түрэг-Угро
хэлт Хүнн угсаатан хэмээх овог, аймгууд үүссэн байна. Тэдгээр овог аймгууд цаг
хугацааны явцад сэргэн мандаж 350 оны үед хүчирхэг аланчуудыг байлдан эзэлжээ.
370-аад оны үед Хүнн нар Дон мөрнийг гаталж, остготуудыг
/итальчуудын дээд өвөг/ цохин баруун зүгт зугтаалгаснаар Европ дахь улсуудын их
нүүдлийг эхлүүлэв. Уг нүүдлийн үр дүнд Европ тивийн улсууд өнөөгийн газар
нутагтаа суурьших үндэс тавигдсан билээ. Хүнн угсаат овог, аймгууд нэгдэн нийлж
Хүнн хэмээх улсаа байгуулан, улмаар 396-397 онд Сири, Месопотамийг дайран
өнгөрч, 420 оны үест одоогийн Унгар улс дахь Паннонийн хээр талд очиж суужээ.
Баруун зүгт нүүдэллэсэн умард хүннү нарын нэг хэсэг нь
Юэбань хэмээх жижиг улсыг байгуулан V зуун хүртэл оршиж байсан бол өөр нэг хэсэг нь Согд
/өнөөгийн Тажикстан/, Бактри газар очиж улмаар Афганистан, Пакистан, Энэтхэгийн
баруун хойд хилд очин суурьшиж, нутгийн бусад овог аймгуудтай ижилсэн ууссан
байна. Угсаа нэгт Умард Хүннү улсаа Хятадын Хан улстай хамтран мөхөөсөн өмнөд
хүннү нар V зууныг
хүртэл Хятад угсааны улсуудад захирагдаж, хүч нөлөө нь ихэссэн үедээ захирч
явсаар аажмаар уусан мөхжээ.
Аттила
Үндэснийхээ зорилгыг өөрийнхөө зорилготой адил чухал
үздэг болсон цагт бид үндэстнийхээ хувьд агуу их хэргийг бүтээж чадна.
“Atila, Flagelum Dei” /Атила, Тэнгэрийн ташуур/ гэсэн бичиг бүхий тэмдэг. Сэргэн мандалтын үе. |
V зууны үеийн зүүн болон баруун
ромчуудын хувьд Аттила бол бурхны гэсгээлийг хүртээгч, ташуур мэт хатуу, ширүүн
гай зовлонг түгээгч байсан юм. Тийм ч учраас түүнийг Flagelum
Dei буюу Тэнгэр бурханы ташуур хэмээн нэрлэж байлаа.
Эртний
Ромын түүхч Приск “Атилла хааны гадаад төрхийг дүрслэн хэлбэл өөрийн өвөг
дээдсийн адил намхан нуруу, өргөн цээж, том толгой, жижиг нүдтэй, навтгар
хамар, бор арьстай” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Баруун Европын Хүнн улсын домогт хаан Аттила нь 395 оны
орчим Ижил мөрний адагт Хүнн улсын хааны дүү Мунзукын хүү болон мэндэлжээ. Түүнийг
бага байхад эцэг нь нас барж, авга ах нар болох Хүнн улсын хаан Ругила, Октар
нар балчир Аттилаг Ром руу барьцаанд илгээжээ. Тэрээр барьцаанд байсан хэдий ч бусад
овог, аймгуудын хан хөвгүүдийн адил суралцан, улс төр, цэрэг, дайны хэрэгт
суралцахын зэрэгцээ урлаг, соёл, түүхийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшив. Залуу
ханхүү Ромын барьцаанаас суллагдан Хүнн улсдаа эргэн ирмэгц аялалд гарч хүннү
нарын уугуул нутаг Алтайн уулсаас Цагаан хэрэм, улмаар Кавказыг даван өмнө зүгт
явж, Сири, хоёр мөрний урсгал хүртэл аялсан байна. Энэхүү аялал нь түүний
нүдийг нээн, дэлхий ертөнцийг танин мэдэх хүслийг улам бадрааж, цаашдын үйл
хэрэг, үзэл хандлага нь төлөвшин тогтоход чухал нөлөө үзүүлжээ. Дэлхийн тэн
хагасыг туулан Хүнн улсдаа ирэх үед авга ах Ругила нас барж, 434 онд Аттила
өөрийн ах Бледагийн хамтаар Хүнн улсын хаан суув. Энэ үед нэг улсыг хоёр хаан
хамтран захирах явдал нэлээд байсан ба нэг нь иргэний ажил хэргийг удирдан
явуулж, нөгөө нь цэргийн хэргийг удирддаг байжээ. Аттила Хүнн улсын цэргийн
хэргийг удирддаг байв. Тэд хамтдаа Хүнн улсаа удирдан, нүүдэлчин овог аймгуудыг
эзэлж, тухайн үеийн дэлхийн хүчирхэг гүрнүүд болох Баруун ба Зүүн Ромтой дайтан
тулалдаж байлаа. Гэвч 443 онд Бледа хаан нас барснаар Аттилад бүх эрх мэдэл
шилжин, улсыг ганцаар захирах болжээ. Тэрээр Дунай мөрний эрэг дагуух нүүдэлчин
овог аймгуудыг улсдаа нэгтгэн, улам хүчирхэгжүүлж байв. Аттила хаан 443, 447
онуудад Зүүн Ромын эзэнт улс руу хоёр удаа довтолгоон хийж Доод Мизи, Фрак,
Иллири зэрэг мужууд, Балканы хойгийг эзэлж, нийслэл Константинополь хотод тулан
очжээ. Зүүн Ромын эзэнт гүрний II Феодосий хаан халдан түрэмгийлэгчдийн довтолгооныг хааж
дийлэхгүй гэдгээ ойлгож хүнн нарт жил бүр 2100 фунт алт татварт өгч, Дунай
мөрний доод хэсэгт орших Даки мужийг бэлэглэнэ хэмээн тохиролцсоны эцэст Аттила
довтолгооноо зогсоож гэнэ. II Феодосий хааныг нас барсны дараа Зүүн Ромын хатан хаан
хүнн нарт татвар төлөхөөс татгалзан, цэргүүдээ байлдаанд бэлтгэж эхэлжээ. Аттила
хаан Баруун Ромын эзэнт улс руу анхаарлаа хандуулж байсан тул энэ удаад зүүн
ромчуудтай байлдсангүй. 451 онд Аттила хаан Паннони мужаас өрнө зүгт аян дайн
хийж, өнөөгийн Герман улсын нутгийг эзлэн Рейн мөрнийг гатлан Галл нутагт
иржээ. Олон хот, цайзыг булаан эзлэн Орлеан хотыг бүслэхээр ирэх үед Баруун
Ромын III
Валентиан хааны жанжин Аетиус болон вестготууд /испаниудын
дээд өвөг/ Орлеан хотынхонд
туслан байлдахаар болов. Ийнхүү 451 онд Каталауны өргөн талд дэлхийн түүхнээ
тэмдэглэгдэн үлдсэн алдарт тулалдаан болсон юм. Холбоотны цэргийн хуяг, дуулга
нь хүнн нарын зэвсгээс найдвартай хамгаалж байсан төдийгүй, холбоотны цэрэг
явган цэргийн тактик ашигласан нь хүнн нарт хүнд байдлыг бий болгосон. Аттила
хаан цэрэг, морины ихээхэн хохирол амссанаар аргагүйдэн ухарч, Паннонийн хээр
талдаа буцжээ. Холбоотны тал ч ялагдал хүлээхээс эмээн тэдний хойноос
хөөсөнгүй.
/Аттилагийн
эзэнт гүрэн. Түүхийн атлас. Уиллиам Шеферд, Нью Йорк хот, 1923/
Аттилагийн удирдсан хүнн нар дараа жил нь дахин Баруун
Ромын эзэнт улс руу аян дайн хийн, хилийн шугамыг нь сэтэлж, умард Италийг
түйвээн худалдаа арилжааны төв болсон Милан хотыг эзлэн, Ром хотод тулж иржээ. Ийм
богино хугацаанд эргээд ирнэ гэж төсөөлөөгүй байсан ромчууд цэрэг дайны
хангалттай бэлтгэлгүй байлаа. Хүнн нарын арми энэ удаад байлдааны арга барилаа
өөрчлөн, илүү туршлагатай, илүү сайн зэвсэгтэй болсон байв. Аттила хаан хотыг
бүслэн бууж өгөхийг тулган шаардаж байсан ба Баруун Ромын III Валентиан хаан, Ромын Пап I Лео нар Аттилатай хэлэлцээр хийн Ромоос гарч явбал Хүнн
улсад их хэмжээний татвар төлж байя хэмээн тохиролцжээ.
Аттила, Ромын Пап хоёрын уулзалтыг дүрсэлсэн зураг хөрөг
олонтаа байдаг. Түүхэнд тэмдэглэгдсэнээр Ромын Пап Аттилаг Умард Италид цөмрөн
ирж, түйвээж байх үед нь тосож очжээ. Аттила уг элч төлөөлөлөгчдийг Мантовагийн
/өнөөгийн хойд Италийн Ломбард дахь Мантова мужийн төв/ орчим Гарда нуур, По
голын завсрын Минчио хэмээх жижиг гол дээр хүлээн авч уулзсан гэдэг.
“The Meeting between Leo the Great and
Attila” /Их Лео ба Аттилагийн уулзалт/ Рафэел. 1514. Ватикан,
Апостолын ордон. 500 см х 750 см.
Хэлэлцээр ёсоор Аттила
Ромыг орхин Паннони нутагтаа буцан ирэв. Аттила хаан нутагтаа ирж суурьшаад
Ильдико нэрт үзэсгэлэнт бүсгүйг хатан болгон авч их найр хурим хийжээ. Хуримын
найр цэнгэл өндөрлөн Аттила хаан өргөөндөө орж унтсан боловч архи хэтрүүлэн
хэрэглэснээр хууч өвчин нь сэдэрч цус алдан нас барсан харамсалтай үйл явдал
болсон юм. Энэ бүхэн 453 онд өрнөсөн билээ. Түүний оршуулга хуримнаас нь ч илүү
сүр дуулиантай нүсэр болж, шарилыг нь Тисса голд нутаглуулсан гэдэг.
Аттила
хааныг оршуулах ёслол дээр түүний үнэнч цэргүүд хаандаа зориулан дуу зохион
дуулсан гэдэг.
Мунзук
эцгийн хөвгүүн
Мандсан
төрийн тэргүүн
Хүнн
улсын хаан Аттила та
Хүчирхэг
Ромын гүрэн,
Сармат,
Герман болоод
Харь
улс түмнийг эрхшээсэн
Хамгаас
хүчирхэг хаан билээ
Олон
хотыг эзлэн чичрүүлэв
Олныг ч
өршөөн хэлтрүүлэв
Олсон
олз омгоо тарааж
Олон
хүнн нараа баярлуулав та
Энэ их
үйлсийг бүтээгээд
Эгэл
бие шаналалгүй
Элдэв
урвалт шарвалтгүй
Энгүй
амьдрал чинь дуурсав
Анд
нөхөдтэйгөө найрлаж
Аз
жаргалын дээдээр бялхаж
Алт
эрдэнэс амттан шимттэнийг
Амталж
эдэлж явсаар
Хаан
хүний ёсоор үрэгдэв та
Өнгөрсөн
хүнийг яриад яах вэ
Өшөө
хорслын тухай ч бүү дурс.
Аттила хааны тухай эртний Герман, Мажар /Унгар/, Франц, Испани,
Кимри /Уэльсийн Кельт үндэстэн/ болон бусад улс орны тууль, домгуудад нэлээд
дурдагддаг.
Нибелунгуудын дуулал: Энэхүү туульсын бүтээл нь 437 онд
Бургундын вант улсыг Аттила хааны удирдсан хүнн цэргүүд мөхөөсөн түүхэн үйл явдлын тухай эртний Германы домог хууч
дээр үндэслэгдэн 1200 онд зохиогджээ. Уг тууль нь 39 дуулал, 10000 мөр шүлгээс бүрддэг
бөгөөд Кримхильд гэх бүсгүй өөрийн нөхөр Зигфридийн хилс хэргээр амь үрэгдсэний
өшөөг авахаар тухайн цагийн хүчирхэг хаан Эцэл /Аттила/-тэй гэрлэж Алдариус
нэрт хөвгүүн төрүүлсэн тухай өгүүлдэг. Туульд гарч буй эсрэг талын дүр Эцэл
хаан нь Хүнн улсын хаан Аттила мөн бөгөөд Ижил мөрний хөвөөнд төрснийх нь учир эртний
герман ард түмэн Эцэл хэмээн нэрлэдэг байж. Харин туулийн гол дүрийн эмэгтэй
болох Кримхильд гэх бүсгүйг хааны залуу хатан Ильдико мөн хэмээн үздэг.
/Нибелунгуудын
дуулал туулийн гар бичмэлийн эхний хуудас. 2009 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн оюуны
өвд бүртгэгдсэн./
/
Аттила хааныг дүрсэлсэн сийлбэр. Бадисчес Ландс музей, Карлсруэ хот, Герман. /\
Аттила хааныг нас барсны дараа хөвгүүдийнх нь хооронд
хаан ширээний төлөөх тэмцэл өрнөн, дотоодын тэмцэл сөргөлдөөн хурцадмал байдалд
шилжсэнээр арав гаруйхан жилийн дотор Хүнн улс мөхсөн юм. Гэвч хүнн нар цаашдаа
ч байсан хэвээр, тухайн үеийн соёлт ард түмний хувьд аль хэдийнээ алдагдаж үгүй
болсон цэрэг дайны өвөрмөц ур чадвар, эрч хүчийнхээ ачаар хэдэн зууныг туулан
амьдарсан байна.
Эртний
түүхчид хүнн нарын тухайд:
Хүнн
нарын тухай анх бичсэн хүн бол Ромын түүхч Аммиан Марцелинн бөгөөд IV зууны сүүл үед амьдарч байсан
тэрбээр хүнн нарын тухай “Тэд ой гутам, зэвүү хүрмээр муухай царайтай, хоёр
хөлтэй зэрлэг амьтнууд. Гэвч тэд хүн төрхтэй, хатуу ширүүн амьдралтай, хоол
хүнсэндээ гал болон халуун ногоо хэрэглэдэггүй. Мөн зэрлэг ургамлын үндсийг хагас
боловсруулсан махтай холин, морины нуруу болон гуяны ташаанд зүүж бүлээсгэн
хэрэглэдэг” хэмээн бичсэн байдаг. Клермонт сүмийн хамба лам Сидониус
Аполминориус /433-479/ нэгэн илтгэлдээ “Хүнн нарын царай нь хүртэл дөнгөж
төрсөн хүүхэд мэт айж сүрдмээр. Хавтгай нүүрэндээ зохимжгүй навтгар хамартай
бөгөөд түүнийгээ ороож боон төмөр дуулга, унжлага зүүнэ” гэж дурьджээ.
Прискийн
тэмдэглэл:
/Приск Аттилагийн ордонд. 1870он/
Эртний
түүхч Приск 449 онд Зүүн Ромын элчтэй хамт Аттила хааны ордонд очиж байжээ. Тэрээр
“Византын түүх” нэртэй найман боть ном хэвлүүлсэн бөгөөд тэрхүү номондоо хүнн
нарын тухай олон сонирхолтой зүйлийг өгүүлсэн байдаг. Тэрээр энэхүү айлчлалын
талаар “Аттилагийн ордон нэгэн бяцхан довцог дээр байрлаж байсан бөгөөд түүнийг
тойруулан хашаа хэрэм барьсан байв. Бүх барилгаа модоор хийсэн байсан. Мөн Аттила
олон эхнэртэй ба тэд нар нь тус тусдаа ордонтой байв. Тэрхүү орднууд нь өнгөт хивсээр
чимэглэгдсэн байжээ. Аттила хаан өөрийн хамаатан садангууд болон дээдсийн
хүрээлэнгийн ноёд түшмэдийнхээ дунд урт модон сандал дээр сууж байв. Хааны урд
талын ширээнд сууж байхдаа түүний сандлын ард хөшгөөр халхлан нууцалсан юм
чухам юу байсныг би мэдсэнгүй. Элчинг хүлээн авах ёслолын энэхүү арга хэмжээнд хоол
ундыг алтан сав суулганд хийсэн байв. Тэнд байсан бүх хүмүүсийн хувцас нь алт,
мөнгө, үнэт эдлэлээр чимэглэгдсэн байв. Аттила иймэрхүү ёслол, хүлээн авалтанд их
дуртай гэдэг. Харин өөрийнх нь өмсөж байсан хувцас, аяга таваг нь ямар ч
чимэглэлгүй их энгийн байсан. Хааны ордон маш нарийн ёс журам, дэг жаягтай нь
ажиглагдаж байв” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Унгар Хүннүтэй холбогдох нь:
VI зууны эхээр унгарчуудын өвөг дээдэс нь хүнн нарын хамт
Крымийн Керч хотыг захиран суугч Гурдас, Муагерис хэмээх ах дүү хаадын
захиргаанд оршиж байжээ. Түүхэнд Унгарын хаадын анхны ураг Арпад овгийг Аттила
хаанаас язгууртай гэж үздэг. Ах дүү хоёр
хааны нэг Муагерисийн нэрийг Унгарын эрдэмтэд Мажар нэрийн эртний хэлбэр хэмээн
үздэг. Түүнчлэн Унгарын аман түүхийн мэдээгээр Гурдас /Хунор/ нь хүнн нарын
өвөг дээдэс байсан бол Муагерис /Мажар/ нь унгар мажаруудын өвөг дээдэс байсан
хэмээн үздэг.
No comments:
Post a Comment