Tuesday, February 16, 2016

Халх голын дайн



1.      Халхын голын дайны эхлэл
1927 онд Японы эрх баригчид Азид хүч түрэмгийлэх зорилгоо тодорхойлсон “Танакагийн мемарандум” хэмээх баримт бичгий баталсан байна. Японы эрх баригчид Манжуур, Монголын газар нутаг руу санаархаж байсан нь Манжуураар Ази, Европыг холбосон төмөр зам өнгөрдөгийн дээр байгалийн баялаг ихтэй нутаг байсанд оршино.

Ийнхүү Японы цэрэг 1931 оны IX сарын 18-ний өдөр Мүгдэнд довтолж, 1932 онд Манжуурыг эзлэн авч Манж Го-г байгуулснаа зарлан Манж Чин улсын сүүлчийн эзэн хаан Пү И-г эзэн хаанд өргөмжилжээ. Япон давшилтаа үргэлжлүүлэн 1934-1935 оны эхээр БНМАУ-ын дорнод хилд тулж иржээ. Түүгээр ч зогсохгүй хилийн шугамын дагуу цэргийн хүч хуримтлуулах, засмал ба төмөр зам, холбооны шугам тавьж, нисэх онгоцны буудал, цэргийн бэхлэлт барьж эхэлжээ.
Япончууд Монголын хилрүү тасралтгүй халдан довтлох болсон бөгөөд энэхүү довтолгоонууд нь Халхын голын дайн гарах нөхцөл болсноос гадна Япон улсын хувьд Монголыг Орост довтлох түшиц газар болгох зорилготой байжээ.
Халхын сүмийн будлианаас хойш Японы цэрэг БНМАУ-ын хил хязгаарт тасралтгүй халдан довтлох болсон байна.
Япон, Манжийн зүгээс 1935 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө БНМАУ-ын хилийг зөрчин Буландэрсний харуулыг дайрч харуулын 18 цэргийг устгаад гэдрэг ухарчээ.
1935 оны 12 дугаар сарын 18-нд Япон, Манжийн цэрэг Улаан худгийн харуулыг довтолжээ.
1935 оны 12 дугаар сарын сарын 19-нд Япон, Манжийн 300 цэрэг Булан дэрсний харуулыг дайрч манай харуулын 5 цэргийг устгаж, 10 цэргийг шархтуулж, 16 цэргийг олзолн харуулын 3 гэрийг галдан шатааж, дээрэмджээ. Япон, Манжийн цэрэг мөн сарын 24-нд Булан дэрсний харуулаар дахин халдан түрэмгийлсэн байна.
1936 оны 1 дүгээр сарын 22-ны шөнө Япон, Манжийн цэрэг Монгол загасны харуул, Хар нуурын харуул руу, 2 дугаар сарын 12-нд Булан дэрсний харуул руу халдан довтолжээ.
1936 оны 1 дүгээр сарын 28-ны шөнө Япон, Манжийн цэрэг Цагаан ухаа гэдэг газраар хилийн харуул орчмоор халдан довтолжээ. Харуулын үүрэг гүйцэтгэж байсан салааны туслах Ш.Гонгор, цэрэг Базарсад, Очир нар хил зөрчигчидтэй тулгаран байлдаж, нэг хүнийг устгахад бусад нь ухран зайлжээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1936 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Ш. Гонгорыг Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одон тэмдгээр шагнаж, “БНМАУ-ын Баатар” цолыг анх түрүүн хүртээсэн байна.
1936 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Япон, Манжийн 25 машинтай 500 гаруй цэрэг Булан дэрсний харуулаар дайрсан боловч МАХЦ-ийн зүгээс хариу цохилт өгч ухраав.
Япон, Манжийн 100 гаруй морьт цэрэг 1936 оны 3 дугаар сарын 9-нд Баянхоолойн харуулыг, мөн сарын 15-нд мөн сарын 19-нд Баянхоолойн харуулыг, мөн сарын 25-ны өдөр Монгол загасны харуулыг тус тус дайрч, БНМАУ-ын хил хязгаар дотор Халхын сүм, Улаантолгой, Буландэрс зэрэг газарт хилийн харуулаа байрлуулжээ. 
Япон, Манжийн зүгээс 1936 оны 3 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд Адаг дулааны чиглэлээр томоохон хүчээр хил зөрчин орж ирэхэд Бүх цэргийн жанжин маршал Г.Дэмидийн удирдсан МАХЦ-ийн анги салбарууд хариу цохилт өгчээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хурлын тогтоолоор дээрх байлдаанд баатарлаг байлдсан 2 дугаар морьт корпусын Агаарын отрядын штабын дарга нисгэгч Д.Дэмбэрэлд “БНМАУ-ын Агаарын зоригт баатар” цол, Нисэх хүчний нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэнд “Улсын эрхэм нисгэгч” цол шагнаж, Нисэх бригадын сургагч В.А.Судецийг 2 дугаар зэргийн одонгоор шагнасан байна.   Япон, Манжийн цэрэг 1939 оны 1 дүгээр сарын 10, 14, 16, 17, 29, 30, 31-ний өдрүүдэд манай улсын хил хязгаарт халдсан байна. Дайсны зүгээс БНМАУ-ын хил хязгаарт халдан довтлох явдал өдөр ирэх бүр нэмэгдсээр байсан бөгөөд 1939 оны  2, 3дугаар сард Монгол улсын хилд 30 орчим удаа халджээ. Ийнхүү 1930-аад оны дунд үеэс эхэлсэн Японы өдөөн хатгалга шатлан өргөжсөөр Халхын голын дайнд хүргэсэн юм.













2.      Халхын голын дайны өрнөл
1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы арми БНМАУ-ын зүүн гэнэт довтолсноор халхын голын дайн эхэлсэн бөгөөд энэхүү давшилтыг дэлхийн хоёрдугаар дайны эхлэл болсон гэж үздэг судлаачид бий.
Японы энэхүү довтолгоог гол хүчийг ирэх хүртэл хурандаа П.Чогдонгийн командалсан хилийн застав олон хоногийн турш тогтоон барьжээ.
МАХЦ-ийн удирдлага 1938 оны 12 дугаар сард Тамсагбулагийн 6 дугаар дивизийн 15, 17 дугаар морьт хороодоос сэлэмт салаа хоёр, хүнд пулемётын салаа нэг, хуягт салаа нэгийг сонгон авч “Шигшмэл суман” байгуулж даргаар нь Д.Шарав, улс төрийн удирдагчаар Махцэнд нарыг томилжээ. Энэ суман нь П.Чогдонгийн захирсан хилийн заставт хүч нэмэгдүүлж, хил хязгаараар түрэмгийлэн орж ирсэн дайсанд цохилт өгөх үүрэгтэй байв. Тус суман П.Чогдонгийн удирдсан заставтай хүч хавсран хил хязгаарт халдан ирсэн дайсанд удаа дараа үхлийн цохилт өгсөн байна. Тухайлбал, 1939 оны 4 дүгээр сарын 12-нд Хайлааст голын урд тал Бойтогт манхан орчмоор түрэмгийлэн орж ирсэн Японы 400 шахам морьт цэрэг, 10 гаруй машин явган цэрэгт цохилт өгч хилээс хөөн гаргажээ. Мөн 1939 оны 5 дугаар сарын 15-нд Японы 90 гаруй машин явган цэрэг, 3 морьт хороо бүхий хүч Номон хан, Бүрд овоо, Хайлаастын голын чиглэлээр цөмрөн орж ирэхэд тус суман болон хилийн застав хүч хавсран тосон байлдаж, араас гол хүч иртэл 6 хоногийн турш дайсны хүчийг Халхын голын зүүн талд тогтоон барьж, улмаар гол хүчтэйгээ хамтран дайсны эсрэг давшилтад орсон байна. Монгол, Зөвлөлтийн цэргийн гол хүч Халхын голд ирсний дараа тус суманг татан буулгажээ.
ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Ардын Комиссарын 1939 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Халхын голын районд байсан Зөвлөлтийн армийн 57 дугаар онцгой корпусыг Армийн I бүлэг болгон өөрчилж, командлагчаар нь корпус командлан захирагч Г.К.Жуков, Цэргийн зөвлөлийн гишүүнээр дивизийн комиссар М.С.Никишев, штабын даргаар бригад командлан захирагч М.А.Богданов нарыг томилжээ. Армийн I бүлгийн бүрэлдэхүүнд,
- Зөвлөлтийн армийн буудлагын 2, мотобуудлагын 1 дивиз, танкийн 2, мотохуягт 3, буудлага-пулемётын 1, агаарын десантын 1 бригад,
- МАХЦ-ийн 2 морьт дивиз, 1 морьт хороо бүхий нийтдээ 57 мянга орчим цэрэг дарга, 498 танк, 385 хуягт машин, 542 их буу, миномёт, 2255 пулемёт, 515 онгоц бүхий хүч багтаж байв.
МАХЦ-ийн ангиудын байлдааны ажиллагааг удирдахаар ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогч бөгөөд Жанжин штабын дарга корпус командлан захирагч Ц.Лувсандоной, МАХЦ-ийн ерөнхий зөвлөх Поздняков, Жанжин штабын байлдааны бэлтгэл хэлтсийн дарга хурандаа Рэнцэн нар 1939 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зүүн хязгаарт ирсэн байна. Халхын голын районд буй МАХЦ-ийг удирдаж байсан Ц.Лувсандонойг 7 дугаар сарын эхээр хилс хэрэгт баривчилсан тул түүний оронд Улс төрийн Газрын дарга корпусын комиссар Ж.Лхагвасүрэнг томилсон юм.
Баянцагааны байлдаан. Японы Квантуны армийн штаб 1939 оны 6 дугаар сарын 19-нд Монгол, Зөвлөлтийн цэргийн хориглолтын зүүн жигүүрээр тойрон Халхын голыг гаталж, Баянцагааны нурууг эзлэн цаашид фронтын төв хэсгээр давших, мөн Халхын голын зүүн эрэгт байгаа Монгол, Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ төлөвлөгөөний дагуу Японы цэрэг фронтын төв хэсгээр 7 дугаар сарын 2-ны орой давшилтад орж, шөнө Халхын голыг хөвдөг гүүрээр гатлан 71, 72-р явган хороо, 1 морьт хороо, танк эсэргүүцэх их бууны 17 батарей, 75 мм-ийн их бууны 10 батарей Баянцагааны нуруунд гарч ирсэн байна. Дайсан Халхын голыг гаталж, Баянцагааны нуруунд гарч ирснийг Монгол, Зөвлөлтийн армийн командлал 7 дугаар сарын 3-ны өдөр мэдэж, Г.К.Жуковын тушаалаар 175 болон 185 дугаар их бууны хороо, 11 дүгээр танкийн бригад болон 7 дугаар хуягт бригад, 24-р мото буудлагын хороо болон МАХЦ-ийн анги салбарууд дайсны эсрэг давшилтад орж, дайсанд хүчтэй цохилт өгч давшилтыг нь зогсоон улмаар сөрөг давшилтад орсон байна. Японы тал 7 дугаар сарын 4-ний өглөө 3 цагийн турш их бууны галын бэлтгэл хийсний дараа сөрөг дайралт хийсэн боловч амжилтгүй болж ухарсан байна. Монгол, Зөвлөлтийн цэрэг 7 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө дайсанд шийдвэртэй цохилт өгч Халхын голын зүүн эрэгт шахан гаргасан байна. Японы арми Баянцагааны нуруунд 5 км өргөн, 2 км гүн зурваст 8000 гаруй цэргийн хүчээр хориглон байлдсан боловч ялагдал хүлээсэн юм. Баянцагааны байлдаан бол Японы талаас Халхын голыг гатлан давших гэсэн эхний бөгөөд эцсийн оролдлого байв.

Долдугаар сарын байлдаан. МАХЦ-ийн 6, 8 дугаар морьт дивиз, Зөвлөлтийн армийн анги салбарын хамт 1939 оны долдугаар сард Халхын голын зүүн эрэгт Японы армийн эсрэг хэд хэдэн удаа ширүүн байлдаан явуулжээ. Тухайлбал, наймдугаар морьт дивиз 7 дугаар сарын  6, 7-ны өдөр Зөвлөлтийн армийн 603-р буудлагын хорооны нэг батальоны хамт дайсантай байлджээ. Фронтын энэ хэсгээр дайсан 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 8 дугаар морьт дивиз рүү хэд хэдэн удаа дайрчээ. Командлалын тушаалаар 8 дугаар морьт дивиз 7 дугаар сарын 19-21-нд дайсны түшиц газар болох Нуурын овоог эзлэн авахын төлөө байлдааныг явуулж, тэрхүү өндөрлөгийг эзлэн авсан байна. Фронтын зүүн жигүүрт байсан 6 дугаар морьт дивиз 7 дугаар сарын 24-ний өдөр Хорго өндөрлөг, Гөлөгт манханы орчим хориглосон дайсны хүч хэрэгслийг тодотгох зорилгоор байлдан тагнах ажиллагаа явуулжээ.
Японы тал 7 дугаар сарын 23-ны өглөө бүтэн гурван цаг их бууны галын бэлтгэл хийж, агаараас цохилт өгөн давшилт явуулсан боловч амжилт олоогүй учир 7 дугаар сарын 25-ны өдөр давшилтаа зогсоож хориглолтод шилжсэн байна.
Монгол, Зөвлөлтийн цэргийн наймдугаар сарын давших операци. Халхын голын дайны сүүлчийн шийдвэрлэх давшилт. Монгол, Зөвлөлтийн цэргийн командлал Японы цэргийг бүрмөсөн бутцохих ерөнхий давшилтын төлөвлөгөөг 1939 оны 7 дугаар сарын сүүлчээр боловсруулсан байна. Энэ давших операцийн гол зорилго нь дайсны хоёр жигүүрээс нэгэн зэрэг хүчтэй цохилт өгч, Халхын гол болон улсын хилийн хооронд бүслэн авч устгахад оршиж байв. Давших операцийг 8 дугаар сарын 20-нд хийхээр төлөвлөж, бүх цэргийг “Өмнөд”, “Төв”, “Хойд” гэсэн 3 бүлэг болгожээ. Дайсны эсрэг гол цохилтыг хойт бүлгийн цэрэг хийж, дайсны хориглолтыг сэтлэн Номон хан, Бүрд овооны чиглэлд давшиж дайсны бүлэглэлийн ард гарах, дараа нь төвийн бүлэглэлийн цэрэгтэй нягт харилцан ажиллаж гаднах болон доторх фронтыг үүсгэн бүслэлтийн цагирагыг битүүлэхээр төлөвлөжээ.
            Монгол, Зөвлөлтийн цэрэг 1939 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 5 цаг 45 минутад их бууны бөөгнөрүүлсэн гал, 150 бөмбөгдөгч онгоцоор дайсанд гэнэтийн цохилт өгч, өглөөний  9 цагт Монгол, Зөвлөлтийн цэрэг шийдвэрлэх давшилтад орж, 8 дугаар сарын 24 гэхэд Халхын гол, улсын хилийн хооронд дайсныг бүрэн бүслэн авсан байна. Улмаар дайсныг хэсэгчлэн цохиж, 8 дугаар сарын 27-ны өдөр Хайлаастын голын өмнөд эрэг дэх дайсны түшиц газрыг устган, маргааш нь Ремизовын өндөрлөгийг эзэлж, 8 дугаар сарын 29, 30-нд Хайлаастын голын хойт эрэгт үлдсэн дайсны үлдэгдлийг устгах байлдаан болсон байна. Ийнхүү Халхын голын районоор БНМАУ-ын хилд халдан довтолсон Японы Квантуны арми ялагдал хүлээсэн түүхтэй.  

            Есдүгээр сарын байлдаан. Халхын голд 1939 оны 8 дугаар сарын 20-нд эхэлсэн Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтарсан шийдвэрлэх давшилт амжилттай болж, Японы арми ялагдал хүлээсэн хэдий ч дайсан дахин өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулахыг санаархаж байв. Японы тал 1939 оны 9 дүгээр сарын эхний хагаст 6 удаа агаарын байлдаан явуулжээ. Дайсан фронтын шугамаас хол газраар манай улсын хилд цөмрөн орж бэхжихийг санаархаж байв. Тухайлбал, Японы тал 8 дугаар сарын 26-нд Мана уулыг эзлэн авсан бөгөөд Монгол, Зөвлөлтийн цэрэг 9 дүгээр сарын 2, 3, 9-ний өдөр Нөмрөгийн голыг гатлан дайсныг довтолсон боловч үр дүнд хүрэлгүй Мана уулын баруун бэлд хоригложээ. Японы тал 9 дүгээр сарын 8, 9-нд Эрс уулыг эзлэн авахын төлөө байлдаан явуулж, мөн сарын 11-нд Мана уулын орчим хориглосон МАХЦ-ийн 22 дугаар морьт хорооны эсрэг цохилт өгч, 22 дугаар морьт хороо дайсны давуу хүчинд автан ухарчээ.  Ийнхүү 1939 оны 9 дүгээр сард Нөмрөгийн гол, Мана уул, Эрс уулын районд хоёр талын хооронд томоохон байлдаан болсон байна.

            Монгол, Манжгийн хил. Халхын голын дайн дууссаны дараа Зөвлөлт-Монгол, Япон-Манжийн холимог комиссын хурал 1940 оны найм, 1941 оны 5, 6 дугаар сард Чита хотноо болжээ. Энэ бол 1935 онд эхэлсэн Монгол, Манжийн Бага хурлын үргэлжлэл байсан юм. Эдгээр хурлаар Монгол, Манжийн хилийн тухай хэлэлцэж, улмаар 1940 оны намар, 1941 оны хавар Монгол, Манжийн хилийг газар дээр нь тодотгон тогтоож, БНМАУ, Манжийн бүрэн эрхт төлөөлөгчид 1941 оны 10 дугаар сарын 15-нд хилийн тухай протоколд Харбин хотод гарын үсэг зурсан байна. Үүгээр Халхын голын дайнаар үүссэн хилийн шугамын маргаантай асуудлыг албан ёсоор дуусгаж, дайтагч талуудын (Зөвлөлт-Монгол болон Япон-Манж)-ын хоорондын дайны байдал зогсжээ. 

Халхын голын дайны хохирол. Дайны үед алагдсан болон шархадсан, сураггүй болсон хүний тоо. Дайтагч талуудын нийт хохирол 65 мянга, үүнээс буцалтгүй хохирол 27 мянга орчим хүн болсон гэсэн тооцоог судлаачид гаргасан байна. Үүнд, Зөвлөлтийн талын буцалтгүй хохирол 9831, эмнэлгийн хохирол 15952, нийт 24883 хүн, Япон, Баргын цэргээс алагдсан 18115, шархадсан, сураггүй алга болсон 30534, нийт 48649 хүн болсон байна. Харин МАХЦ-ээс 895 хүн алагдаж, шархдан, сураггүй болсон байна.

Энэ дайнд МАХЦ-ийн 6, 8 дугаар морьт дивизээс гадна МАХЦ-ийн нисэх хүчин, холбооны тусгай хорооны зарим салбар, цэргийн хүн эмнэлгийн байгууллагууд оролцсон байна.  МАХЦ-ийн дарга цэргүүд Зөвлөлтийн армийн дайчидтай мөр зэрэгцэн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь хайргүй, баатарлаг тулалдаж, МАХЦ эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах гол хүч гэдгээ харуулсан төдийгүй орчин үеийн байлдаанд үүрэг гүйцэтгэх чадвартай зэвсэгт хүчин болон хөгжиж чадсаныг нотолсон юм.
Халхын голын дайн нь МАХЦ уламжлалт морин цэргээс орчин үеийн моторжсон, механикжсан цэрэг болох шилжилтийн үед болсон юм. Энэ дайн морин цэрэг зардал хямдтай, маневр сайтай, газар орны ямарч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай зэрэг давуу талтай боловч галын хүч, цохилтын чадвар сул, орчин үеийн нисэх онгоц, хуягт танкийн техник, автомат зэвсгээр зэвсэглэсэн дайсантай тэмцэх боломж муутай болохыг нотлов. МАХЦ-ийг орчин үеийн мото механикжсан цэрэг болгон өөрчлөн шинэчлэх шаардлагатайг Халхын голын дайн харуулсан юм. Ийм ч учраас дайны дараа БНМАУ-ын төр засаг, МАХЦ-ийн удирдлагын зүгээс Халхын голын дайнд дүн шинжилгээ хийж, МАХЦ-ийг хөгжүүлэн бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм.







Халхын голын дайн дэлхийн хоёрдугаар дайны эхлэл болсон бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны өрнөлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Учир нь Зөвлөлт Холбоот улс Японыг Халхын голд бут цохисноор алс дорнодод аюулгүй байдлаа бэхжүүлсэн юм. Халхын голын дайн бага газар нутаг ихээхэн хэмжээний хүчийг хуралдуулсан төдийгүй дэлхийн дайны түүхэн хамгийн томоохон агаарын тулалдаан болсон юм.
Зөвлөлтийн армийн гэрээ ёсоор монгол улсын хил хязгаарыг сахин хамгаалахад зохих хувь нэмрээ оруулсан билээ. Түүнчлэн халхын голын тулалдаанд орос, монголын олон баатар төрөн гарчээ.













Хавсралт: Халхын голын дайнаас төрсөн баатрууд
-          Ш. Гонгор
-          Д. Гуулин
-          Л. Гэлэгбаатар
-          Л. Дандар
-          Ч. Дугаржав
-          Д. Дэмбэрэл
-          Н. Жамба
-          Б. Цог
-          Ц. Олзвой
-          Д. Самдан
-          С. Төмөрбаатар
-          Д. Хаянхярваа
-          П. Чогдон
-          Ч. Шагдарсүрэн
-          Э. Шийлэг
-          М. Экей
-           













Ном зүй
-        
-       Монгол улсын түүх V боть, Улаанбаатар, 2002: 213.
-       Монгол улсын түүх. V боть. УБ., 2004.
-       Монгол цэргийн түүхийн товчоон /1911-1990/. Дэд дэвтэр. УБ., 1996.
-       Мягмарсамбуу Г. Монгол улсын цэрэг, цэргийн жанжид. УБ., 2012.
-       Самдангэлэг Ц. Монгол ардын арми үүсэн байгуулагдсан түүх. УБ., 1980.
-       Хорьдугаар зууны монгол цэрэг. УБ., 2001.
-       Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь. II боть. УБ. Москва, 1986.
-       Цэргийн холбооны түүхийн тойм. УБ., 2001.

No comments:

Post a Comment