Хятадын яруу найрагч Бо Цю-и монгол гэрийг магтан шүлэглэсэн нь.
Сувдан цагаан мяндаснаас
Сул асгарсан бэлзэг
Сухай улаан зандангаас
Сугарч ургасан суварга
Урьд дэлгэр цагт
Умрын цэнхэр нутагт
Огторгуй тулан өндийсөн
Оосор бүчгүй өргөө
Хурмастын салхинд гандаагүй
Хурын чийгэнд гундаагүй
Наран бөмбөрцөгийн хэлбэртэй
Насан хутагтын өлзийтэй
Гэр гэмээ нь гэр билээ
Гэрэлт талын гэгээ билээ
Саранд тольдсон гэгээ билээ
Сансарт тэмүүлсэн багана билээ
Өвлийн хүйтэнд илчтэй
Үдийн халуунд сүүдэртэй
Торгон цагаан дээвэртэй
Тодхон улаан халзтай
Хоймор талд нь гэвэл
Хуур цоорын эгшигтэй
Хоёрхон утсанд шингэсэн
Хосгүй ялдам уянгатай
Хулсан урцанд өвөлжсөн
Хувьгүй ядуус эвий
Хуучин хийдээ сахисан
Хувраг лам хөөрхий
Үрийн заяа тэтгэсэн
Үүлэн талын лянхуа
Үүрийн цолмонд өргөсөн
Үлгэрийн баатрын өлгий
Дээдэс хаадын шилтгээн
Дэргэд чинь гэрлээ бөхөөнө
Түшмэд сайдын харшаар
Тэнгэрлэг гэрийг солихгүй
No comments:
Post a Comment