Monday, February 16, 2015

Жамсраны Цэвээн ба Монголын Судар бичгийн хүрээлэн

С.Чулуун [1] ( Монгол улс )
Жамсраны Цэвээн ба Монголын Судар бичгийн хүрээлэн [2]
( 1921-1932 он )
Удиртгал

ХХ зууны Монголын түүхэнд хийгдсэн хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг нь шинжлэх ухааны өвийг буй болгож чадсан явдал юм. Анх 1921 оны намрын эцсээр бичгийн хүмүүс болон түшмэл Жамсраны Цэвээн нар Богд Жибзундамбад “Бичиг судрын хүрээлэн” байгуулахыг мэдүүлсний хариуд “мэдэв” хэмээн зөвшөөрүүлснээр эрдэм судлалын анхны байгууллагын шанг татаж, бүтээн босгох их үйлсэд зорьсон юм. Мэдээж шинжлэх ухааны үйл ажиллагааг орчин цагийн хандлагад нийцүүлэн тусгай нэгэн байгууллага байгуулж, түүнийг системтэй босгоно гэдэг тухайн цаг үедээ нэн бэрх ажил байсан нь тодорхой. Гэвч үүнийг өрнөдийн чиг хандлагатай, цэвэр эрдэм судлалын их айл болгоход тухайн үедээ өндөр боловсролыг эзэмшиж, эрдэм судлалын нэртэй эрдэмтдийн сургааль ном сонссон, эрдмийн үйл ажиллагааг нэгэнтээ таньж мэдсэн Жамсраны Цэвээн ихээхэн үүрэг гүйцэтгэснийг бид бүхэн сайтар мэднэ.
Харин түүний Монголын Судар бичгийн хүрээлэнг байгуулах цагаас эхлэн хожим 1932 онд Ленинградын Дорно дахины хүрээлэнд шилжин явах хүртэлх 10-аад жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг архивын баримт материалд түшиглэн нарийвчилсан судалгааг өнөө хир эрдэмтэд нэгэнтээ бүрэн гүйцэд хийгээгүй байсаар байна.
Түүний эрдэм шинжилгээний болоод эрдмийн байгууллагыг зохион байгуулах үйл ажиллагааг судлахдаа их төлөв монгол болоод оросын эрдэмтэд өөр, өөрийн байр сууринаас “өмчлөх маягтай” хандаж ирсэн байдгийг анзаарах хэрэгтэй. Жамсраны Цэвээн нь аль улсын ямар гарал үүсэлтэйгээс үл хамааран түүний хийж гүйцэтгэсэн ажил үйлсийг архивын баримтад л түшиглэн тов тодорхой өгүүлэх нь чухалтайгаас бус түүнийг бид тодорхой өнгө аясаар, тухай тухайн цагийн үзэл баримтлалаар удирдах эрхгүй. Жамсраны Цэвээн тухайн үеийнхээ л бүтээгдэхүүн. Түүний зорилго нь нэгэнтээ Монголчуудын голомт болж үлдсэн Монгол улсад эрдэм судлалын нэгэн чухал төвийг өөрийн хүч бололцооны хирээр үүсгэн байгуулахыг л чухалчилсан нь туйлын үнэн. Мэдээж эрдэм судлалын байгууллага, түүний өвийг буй болгох гэдэг бол маш тодорхой нарийн зохион байгуулалт, төлөвлөлт, тасралтгүй үйл ажиллагаа, системтэй зохион байгуулалт хийхээс ихээхэн хамаарах бөгөөд тухайн цаг үеийн улс төр, нийгмийн өөрчлөлт, байр байдлыг анхааралтай анзаарч зохицлыг олохоос эхлээд амар хялбар ажил биш нь нэгэнт ойлгомжтой.
Би энэ удаад түүний Монгол улсад эрдэм судлалын байгууллагыг зохион байгуулах ажлыг хэрхэн гүйцэтгэсэн болоод ямар үйл ажиллагааг явуулсныг зөвхөн Монгол улсын архивын баримтад их зонхидоо тулгуурлан өөрийн саналыг дэвшүүлэхийг зорьсон болно.
Шинжлэх ухааны айл босгохуй
Үндэсний хувьсгалын дараахан 1921 оны 11 сарын 22-ны өдөр сайд * Жамъян, гүн Дашням, зайсан Бат-очир нарын хамт Ж.Цэвээн нар зөвлөлдөж есөн зүйл бүхий анхны хурлын тогтоолоо боловсруулан цаашдын зорилго, чиглэлээ үндсэндээ тодорхойлов. Анхны хурлын тогтоолоор үндсэндээ тус байгууллагын бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн эрх үүрэг, чиглэлүүдийг тодорхойлсон байна. Монгол хэлээ эрхэм болгож, Түвэд, манж зэрэг орны гүн ухааны ном судруудыг эх хэлнээ хөрвүүлэх, гадаад бусад улс орны түүх зэргийг орчуулах, юуны өмнө Хүрээ, Маймаа зэрэг газруудад хуучин судар номыг эрж хайх, цуглуулах, хятад хэлнээс орчуулга хийх, ням гараг бүрт 10 цагт хуралдаж байхаар зааж эхний хурлын тогтоол гарчээ [3] . Тус хурлаас Судар бичгийн хүрээлэн байгуулах тухай айлтгалаа Богд хаанд өргөн мэдүүлэх төслийг боловсруулжээ. Энэхүү айлтгалд
“...нийслэл хүрээний газар номын хүрээлэн байгуулж олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдийг аль чухал хэрэглэгдэхийг нь өөрийнхөө хэл бичигт орчуулж олон ардыг сурган боловсруулж оюуныг судлуулан нэвтэрүүлэхээр тогтож энэ тухай эрхлэх хэргийг эрхлэх түшмэл Жамсраногаас бодолхийлэн зааварлаж тусгай түшмэлийг томилон авч энэ арван сарын арванаас үүсгэн шийтгэхээр тогтсон бөлгөө” [4]
гэжээ. Үүнээс үзвээс шинэ Монгол улсад шинжлэх ухааны байгууллагыг үүсэн буй болох анхны саналыг Монголын бичгийн мэргэдэд анх гаргасан хүн бол гарцаагүй Жамсраны Цэвээн болно.
Тиймээс ч Ж.Цэвээнийг тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар сонгожээ. Богд хааны таалалаар шинэ засгийн газрын тэргүүн Д.Бодоогийн дэмжлэгээр байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн сайд, гүн Жамъян 1921 оны 12 сарын 2-нд “судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд”-ын модон тамгаа хүлээн авчээ [5] . Судар бичгийн хүрээлэнгийнхэн өөрсдийн төлөвлөсөн ажилдаа шуудран орж дээрх зорилгуудыг хийж гүйцэтгэж чадах, эрдэм мэдлэгтэй хүмүүсийг бүрдүүлэх болж, зүг бүрт анхаарлаа хандуулав. Тухайн цагийн бичгийн мэргэд болох бурханы шашны олон ухаанд нэвтэрхий мэргэшсэн Зава Дамдин, бичиг эрдмийг дээдлэгч, Богд хаант засгийн үед Ж.Цэвээний ажиллаж байсан яамны дэд сайд асан Далай Чойнхор ван Цэдэнсоном зэрэг хүмүүст захидал илгээн “ Монгол үндэстэнд тустай зүйлийг харилцан санаа нэвтэрэлцэн хэлэлцэх болбоос их л завшаан бөгөөд үнэхээрийн эрмэлзэн хүснэм” хэмээн элч довтолгожээ.
Удалгүй дөрөвдүгээр хурлаараа харъяат хүрээлэнгийн гишүүн гүн Дашнямыг Үзэмчин, Оннигууд, Цахарын зэрэг газарт хуучин Монгол үсгийн Ганжур, Данжуур, Юань улсын түүх зэргийг эрэн сурвалжлуулахаар 3 сарын хугацаагаар томилж анхны томилолтоо илгээв. Ж.Цэвээн ч анхны томилолтоо авч өөрийн сайн мэдэх Орос улсын харъяат Үд, Эрхүү, Чита хотын зэрэг газраас хүрээлэнд хэрэглэгдэх чухал бичгүүдийг олж ирэхээр 2 сарын томилолтыг 1922 оны зургадугаар сарын 25-ны хурлаас шийдвэрлэжээ [6] . Ж.Цэвээн хоёр сарын томилолтоор ажиллаж ирсний дараа Судар бичгийн хүрээлэнгээс ээлжит хурлаа найман сарын 11-нд хийжээ. Тус хурал дээр Ж.Цэвээнээс өөрийн урьд цуглуулсан номноос орос, хятад хэлнээс монгол үсгээр орчуулсан, зохиосон олон дэвтэр номуудыг хүрээлэнд шилжүүлэн өгөхөөр шийдвэр гаргаснаа танилцуулав. Гагцхүү хэдэн жил “хатуужин оролдсон сүйдэл [7] -ийг бодож 2200 зуун янчаан болгоно уу хэмээн өргөдөл гаргасныг “ хянаваас хэдэн жилийн эцэс хүртэл зовох зүдэхээс бэрхшээсэнгүй үнэн сэтгэлээр хөрөнгийг сүйтгэсэн учир” хэмээгээд өргөдлийн дагуу 2200 янчааныг нэгэнтээ олгохоор тогтсон байна. Судар бичгийн хүрээлэнгийн анхны зорилт бол эрдэм судлалын хожмын тусыг бодож ном материал, эх хэрэглэгдэхүүн цуглуулахыг нэн чухалчилж, идэвхийлэн ажиллаж байв. Энэ нь мэдээж өрнөдийн боловсролтой Ж.Цэвээн, дорнын уламжлалт сэтгэлгээтэй Жамъян гүн нарын хамгийн сайн нийлж байсан сонирхол байсан болов уу. Үнэн хэрэгтээ хамгийн сайн судалгааны газрын аль ч үед үнэлэгдэх хэмжүүр бол сайн судлаач эрдэмтэн, сайн судалгааны эх хэрэглэгдэхүүн хоёр байдаг гэдэгтэй маргах хүн үгүй буй за. Судар бичгийн хүрээлэнгийн удирдлагын зүгээс ч эрдэмтэн судлаачдыг бэлтгэхийг зорьж 1922 оны найман сарын 23-ны хурлаараа Орос орчуулагч буриад Доржид гурван сарын цалинг нь урьдчилан өгч Петрград хотноо илгээж Оросын Дорно дахины хэлэнд боловсруулах, Монгол, Төвд зэрэг улсын соёл эрдэмд мэргэжсэн Л.В.Котвич, Б.Я.Владимирцов зэрэг багшийг шүтүүлж боловсон орчуулагч болгоход бэлтгэхээр тогтжээ [8] . Мэдээж энэ харилцааг үүсгэхэд тус сургуульд суралцаж төгссөн Ж.Цэвээний нөлөө чухал байсан төдийгүй түүний нэгэн үеийн номын нөхөд, багш нар ихээхэн дэмжлэг үзүүлж эхэлсэн юм.
Ж.Цэвээн нар Судар бичгийн хүрээлэндээ олон зүйлийн ном судар цуглуулан хураахаас гадна өөрсдөө бүтээл хэвлүүлэх, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэл Хүрээнд байсан Оросын элчингийн хэвлэлийн газартай гэрээ байгуулж хэвлэлийн үйл ажиллагааг 1923 оны 2 сарын 28-ны гэрээгээр хэлэлцэн тогтсноор зарим эрдэм судлалын бүтээлүүдийг эх орондоо хэвлэн нийтлэх ажлын эхлэлтийг тавьжээ [9] . Ж.Цэвээний хувьд энэ асуудалд ихээхэн туршлагатайг бид сайн мэднэ. 1914 оноос Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй анхны Монгол сонины 20 дугаарыг өөрөө эрхлэн Монгол улсдаа хэвлүүлж, монгол түмнийг соён гэгээрүүлэх ажлыг хийж байв. Тэдний Монгол улсдаа хэвлэн нийтлэх ажлын үр дүн ч төд удалгүй гарч эхэлсэн юм. Ж.Цэвээний тэргүүлэн эмхэтгэсэн Монгол улсын Үндсэн хуулийн анхны эх хувилбар болох “Улсын эрх”, “Ардын ариун ёс” [10] зэрэг эмхэтгэлүүдийг тус бүр 1500 хувь хэвлэн нийтлүүлсэн төдийгүй 1923 оны 10 сарын 15-нд Ховдын хязгаарын төлөөний сайдаас Судар бичгийн хүрээлэнд ирүүлсэн бичигт “ Эдүгээ харъяат хүрээлэнд хэвлэсэн судар бичгийн зүйлээс манай Ховдын харъяат Дөрвөд, Өөлд, Захчин, Мянгад, Урианхай нарын зэрэг газар зохихыг үзэж тавин олгох судар бичиг үлэмжхэнийг тавин олгуулбаас болох ажааму” [11] хэмээн хүсэлт тавьжээ. Олон газрын сургуулиудад ч үзэх “Цаасан шувуу”, “Бэгэрмижид хааны тууж”, “Ард түмний ариун ёсноос”, “Шидэт хүүр”, “Цэцэн ханы түүхээс [12] зэрэг дэвтэр номуудыг олноор нийтлүүлж олон сургуулиуд захиалан авч эхэлсэн нь орчин үеийн Монголын залууст эрдэм мэдлэгийг эрчимтэй түгээх нэгэн чухал үйл болжээ. Бас нөгөө талаараа шинэ байгуулагдсан судалгааны газрын өөрийгөө тэжээх хөрөнгийн эх үүсвэрийг түүнээс олж байсан нь дамжиггүй. Судар бичгийн Хүрээлэнгээс анхны тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд ихээхэн идэвх зүтгэлийг гаргаж энэ 3-4 жилийн дотор судалгааны эх хэрэглэгдэхүүнийг тасралтгүй цуглуулж, олон газар оронд судлаачдыг томлон эрэл хайгуул хийлгэж, зохих ном хэвлэлийг хэвлэн нийтлүүлж, судлаачдыг судалгааны арга барилд дадлыг олгуулж, өөрийн орон байртай болж, гадна дотны олонд өөрсдийгөө нэгэнтээ бага боловч таниулж чадсан нь эрхэлсэн сайд О.Жамъян, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн нарын шургуу үйл ажиллагаа үр дүн мөн юм.
Харин 1924 оноос Судар бичгийн хүрээлэнгийн өнгөрсөн цөөн боловч эрчимтэй ажилласан хэдэн жилийн байдалдаа тулгуурлан цаашдын зорилтыг маш нарийвчлан “Монгол улсын Судар бичгийн Хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо”-ноос ирээдүйн зорилгыг дараах байдлаар онцложээ.
Уг зорилгод :
“Шинжлэх ухааны алс зорилт нь болбоос хүний эрдэм соёлыг мандуулан амь биеийг хорлох аюулаас хамгаалан хүн төрөлхтөний ухаан ба эдийн боловсролд саад бологч харш нөхцөлүүдийг урьдаас арилган тустай нөхцөлүүдийг бүртгэх нь болой. Тус улсад шинжлэх ухааныг дэлгэрүүлэн аливаа шинжлэгдэхүүн зүйлийг шинжлэн магадлаж элдэвийн соёл эрдэмийн явдлыг удирдан жолоодхын тулд эрхбиш шинжлэх ухааны гол газар байх хэрэгтэй бөгөөд олон улсад ерөнхий ухаан бүгдийг бүртгэсэн тус улсын академи хэмээхийг нээсээр хэд хэдэн зууныг өнгөрчээ. Монгол улсад мөнхүү энэ мэт шинжлэх ухааны гол газар байгуулбаас зохимуй. Санаваас эдүгээ бүхий манай судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хураан цогцолсон академи болж чадах буй за” [13]
хэмээгээд цаашид Монгол улсад дан ганц хүн ардын түүх соёл, хэлний шинжлэл төдийгүй уул уурхай, газар зүй, хөрс ургамлын судалгаа, байгаль, экологи, байгалын баялаг, ан амьтан, эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийхээр 6 зүйлээр тодорхойлон тэмдэглэжээ. Энэхүү тодорхойлолт бол хэд хэдэн хүчин зүйлтэй байсныг үгүйсгэж болохгүй. Учир нь Судар бичгийн хүрээлэнгээс дан ганц түүх, судар бичгийн судалгааг хийх бус бусад байгаль, нийгмийн шинжлэх ухааныг монголд дэлгэрүүлэх санаачилгыг мэдээж Ж.Цэвээнээс дэвшүүлсэн нь тодорхой төдийгүй дээр тодорхойлсон зорилгыг харахад Зөвлөлтийн шинжлэх ухааны арга хэлбэрийг ихээхэн хуулбарлан авсан болох нь илт юм. Мэдээж энэ нь тухайн үедээ Монголын судар бичгийн хүрээлэнгээс цаашдаа түшиглэх гол байгууллага болох Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн чиглэл, арга зүйд таацуулан хөгжүүлэх нь зүйн хэрэг байв. Түүнээс биш түүнийг гажиж, хэт өөрийнхөө эсвэл өрнөдийн бусад орнуудын судалгааны хандлага чиглэлийг даган баримтлах боломж нэгэнтээ байхгүй байсан юм. Мэдээж тэдгээр орны нөхцөл байдлыг ч нарийн мэдэх мэргэжилтэн Ж.Цэвээнээс өөр байгаагүй. Судар бичгийн хүрээлэнгээс дан ганц Зөвлөлт улсын шинжлэх ухааныг шүтэн дагах тухай зүйл ч нэн бага байсан. Монгол ба гадаад улсын эрдэмтэн мэргэдийн зохиол зүйлүүдийг Монгол ба европ, ази дахь гадаад олон улсын хэл дээр хэвлэлцэн дэлхий дахинаа нийгэм эрдэм авалцан нэвтэрвээс зохино [14] хэмээн бичснээс бид ерөнхий чиглэлийг ойлгож болно. Судар бичгийн хүрээлэнгээс энэ цаг үеэс хойш зөвхөн Монгол туургатны хэмжээнд бус дэлхийн бусад улс орнуудтай харилцах, тэдгээр орнуудын эрдэм судлалын ухаанаас хүртэн дэлгэрүүлэхийг хичээх болжээ. Энэ тухай хойно тодорхой өгүүлэх болно.
Дээрх зорилтоо хэрэгжүүлэх хөрс боломж нэгэнтээ буй болсон тухай хийгээд өнгөрсөн хугацаанд хийсэн эрдэм судлалын ажил болоод үйл ажиллагааныхаа цаашдын зорилтын талаар Судар бичгийн хүрээлэнгийн удирдлагууд(Эрхэлсэн сайд О.Жамъян, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн) 1924 оны 10 сард Улсын Анхдугаар Их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тус илтгэлд нийт арван есөн зүйл бүрээр тайланг тавьжээ. Юуны өмнө Монгол улсын номын санг байгуулж, судлаач оюутан нарыг үзэж судлахад дөхөм болгож, дотоод гадаадад нийтлэгдсэн ном зохиолуудыг цугларуулан хураасаар бүрдүүлсэн байна. Номын санг байгуулахад хөрөнгө их орох төдийгүй зүйл бүрийн хэл мэдэх мэргэжилтэнүүд нэн хэрэгтэй байсан ба энэ хугацаанд нийтдээ гадаад хэлээрх ном 2400 орчим, монгол хэлний ном судар 700, төвд үсгийн ном 250, хятад манж, япон зэрэг хэлний ном 1400 орчмыг нийт 3000 лан мөнгөөр хураан цуглуулж чаджээ. Аймаг хошуудын газрын зургуудыг мөн цуглуулах, мэргэжилтэнээр зуруулах ажлуудыг сэдсэн нь хожмын Монголын Үндэсний Номын сан, Үндэсний Архивт хадгалагдаж буй Монголын хуучин газрын зургийн ховор нандин санг үүсгэх чухал ажлыг тавьжээ. Ном судраас гадна байгаль орчны ховор сонин олдворууд, ургамал, амьтаны зүйлс, археологийн хайгуул болоод малтлагаар илэрч олдсон эд хэрэглэгдэхүүн зэргийг цуглуулсан нь хожмын Монголын Үндэсний музейн сан хөмрөг бүрдүүлэх анхны шан байлаа. Тодруулбал Судар бичгийн хүрээлэнгийн анх эхэлж хийсэн ажлууд бол хожмын Монголын судлалын эх үндэс болох номын сангийн гар бичмэлийн хөмрөг, Үндэсний музейн эд хэрэглэгдэхүүн зэргийг үүсгэн байгуулсанд оршино. Судар бичгийн хүрээлэнгээс сургуульд үзэх сурах бичгүүдийг өөрсдийн хүчээр зохиож, хэвлэн нийтлэх, хуучны дуу аялгууг хураагуурт хураан авах, гэрэ зургийн сан хөмрөг байгуулах, одон орон судлалын төв байгуулах, орчуулгын салбар байгуулах, нэр томёъоны салбарыг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг ирээдүйд чиглэсэн алсын хараатай ажлуудыг сэдэж санаачилж өөрийн боломжоор эхлүүлэхийг чармайжээ. Мэргэжилтэн бэлтгэхийн хэцүү бэрхийг тэмдэглэхдээ:
“Монгол дотроос шинэ европ ёсны эрдэм ухаанд боловсорсон хүн үгүй учир эрх биш монгол хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй. Үүнд дундыг барьж бодвоос бага, дунд, дээд их сургуульд явж туулан гархуйд 14, 15 жил хэрэгтэй цаашид эрдэмтэн нэрд хүртэл тав аравнаас дорогш бус жил хэрэгтэй. Иймийн тул их л зовлон буй бөгөөд энэ удаа хойч өдөр Монгол эрдэмтэн гарахын янар [ялдамд] гадаадын хүмүүсийг хэрэглэж суурь тавин байгаа нь даруй судар бичгийн хүрээлэн болно” [15] гэжээ.
Мэдээж энэ бүгдэд түмэн бэрхшээл байсан нь лавтай. Харин энэхүү зорилгоо биелүүлэх үүднээс гадаадын шинжлэн судлах ажил өндөр хөгжсөн Орос, Герман, Америк, Франц зэрэг орны эрдэмтэдтэй харилцаж зөвлөгөө авах, санал солилцох, өөрсдийн ажлыг танилцуулах, хамтын судалгааг монгол улсад явуулах ажлыг хийж эхэлсэн билээ. Энэ илтгэлд сонирхолтой нэгэн санал бол Судар бичгийн хүрээлэнг нээхээс эхлээд Ерөнхий сайд Бодоогийн үед эрчимтэй дэмжиж тэтгэж байгаад түүний дараанаас намын хурлуудын зүгээс яамны хэлтэс болгож, гишүүдийн тоог хасаж танаж ажлыг нэлээд боогдуулсаны дараа 1923 оноос “ шинжлэх ухаан хэрэгтэй [16] хэмээн шинжээчид, сурагчдын тоог нэмж өгснийг дурджээ. Эдүгээ цагт ч улс төрийн хэнээтэй эрдэм судлалын ажлыг амар хялбар хэмээн ойлгох ухвар мөчид хүмүүс ч хэдий нэгэн зууны тэртээх үеийн хэт улс төрчдийн алдаат энэ бодлогыг давтан үйлдэгчид оршсоор байгаа нь нэн харамсалтай. Хожим түүхийн хуудас тэдний ул мөрийг энэ мэт сөхөх болохыг анзааран хойчид нэр төртэй үйлдэл хийгээд шийдлийг гаргаж байхыг санаваас зохино.
Мөн энд дамшрамд тэмдэглэхэд Ардын Засгийн Газрын анхны Ерөнхий сайд Бодоо бол өөрөө бичгийн өндөр чадвартайгаас гадна Ж.Цэвээн, О.Жамъян нартай номын сайн нөхөд, эрдмийн ажлыг ойлгох ухаантан байсан юм. Тэрээр бүр 1912 оны үеэс Гадаад явдлын хэргийг эрхлэн шийтгэх яамны дэргэдэх сургуульд дараа нь “Шинэ толь хэмээх бичиг” сонингийн редакцад Ж.Цэвээний хамт ажиллаж байсан. Тиймээс Судар бичгийн хүрээлэнг анхнаас нь дэмжин ихээхэн дэмжлэг үзүүлсэн хүн бол Догсомын Бодоо болно. Д.Бодоогоос гадна монголын томоохон ноёдууд Монголын шинжлэх ухаанд элэг сэтгэл, эд материалаар туслаж байсныг мартаж болохгүй. Тухайлбал, Түшээт хан аймгийн Дархан Чин ван Пунцагцэрэн өөрийн хашааны хойд талын хэсэг газарт байх давхар байшинг газартай нь хамт 3500 хан янчаанаар худалдаж [17] , Сэцэн хан Навааннэрэн эцэг өвгөдөөс байгуулсан ханы орд өргөөгөө хойчийн хүнд сонирхуулан үзүүлэх музей болгон бэлэглэж [18] байсан олон жишээ буй.
Илтгэлийн төгсгөлд төдий л ач холбогдол багатай голдуу танин мэдэхүйн шинжтэй хэдэн асуулт тавигджээ. Төлөөлөгч Гомбожаваас “Судар бичгийн хүрээлэнг Ардыг гэгээрүүлэх яам лугаа нийлүүлсэн учир юу буй”?, төлөөлөгч Лувсанчойгоос “Манай монгол гадаадын үнэтэй хувцас зүйлийг өмсхөд хохирол бүхий учирыг тусгай ухуулсан зүйл буй үгүй?”, төлөөлөгч Гунжаагаас “ гадаадын ном бичгийг орчуулан гаргасан дэвтэрүүдийг аливаа олон газар буюу хөдөө газраас ирж явдаг буюу ер өөр түгээн тархаадаг буюу?”, төлөөлөгч Цэндээс “ард түмнийг боловсруулах гэгээрүүлэх тухай хичнээн зүйлийн тустай бичиг ном хэвлэн гаргаж тархаасан буй?”, төлөөлөгчөөс “ Ардыг гэгээрүүлэх яам Судар бичгийн хүрээлэнгээс ард түмэнд ном судар хичнээнийг өгсөн мөн гэгээрсэн эссэнийг яахин мэдэж буй? [19] зэргийг лавлан тодруулжээ. Гэвч эдгээрт нэгэнтээ илтгэлт өгүүлснээр хариулт тодорхой байгаа бөлгөө. Харин Монголын төрөөс энэхүү илтгэлийн дараа хэд хэдэн арга хэмжээг аажимдаа авч хэрэгжүүлсэн юм. Мэдээж тэрхүү бодлого, үйл ажиллагаа нь гадаад дотоод зарим хүчин зүйлээс шууд хамааралтай. Дотоодын хувьд Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хувьд эрдэм судлалын ажлыг нарийн биш ч ерөнхий цар хүрээгээр нь ихээхэн дэмжин ойлгодог ба Ж.Цэвээнтэй мөн л хуучны сайн танил, түүнд ихээхэн итгэдэг байв, гадны хувьд Зөвлөлтийн Шинжлэх ухааны академид Монголыг судлах “Монголын комисс” байгуулагдаж манай улсад түүх, аман зохиол, хэл шинжлэл, археологи, байгалын ухаан, хөрс усны шинжилгээний эрдэмтдийн багууд ирж ажиллах болсонтой ихээхэн холбоотой.
Чухамдаа Ерөнхий сайд Д.Бодоо, Б.Цэрэндорж нарыг Ж.Цэвээний дотно нөхөр хэмээн дурдаж буйн тухайд гэвэл шинэ тутам байгуулагдаж буй энэ судалгааны газрын оршин тогтнох, эс орших нь тухайн төр засгийн шийдвэр, тэдний гаргаж хандаж буй хандлага, тэтгэлэг дэмжлэгээс шууд хамааралтай байдгийг илтгэнэ. Аль ч үед аль ч оронд ийм л хэв маяг байсан одоо ч оршсоор байгаа. Шинжлэх ухааны судлалын байгууллага нь тухайн улс орны төрийн бодлого, дэмжлэгээс ихээхэн хамааралтай оршдог нь тодорхой. Гэхдээ судалгаа шинжилгээний ажлын агуулгад улс төр хутгалдах ёсгүй бөгөөд 1926 онд Ж.Цэвээнээс С.Ф.Ольденбургт бичсэн “ Судалгаа шинжилгээний ажлаа улс төртэй хутгаагүй, хутгах ч үгүй” хэмээх үгийг үе үеийн судлаачид бид ямагт баримталж байх ёстой.
Энэ үед О.Жамъян түр хугацаагаар Бээжин, Хөх хотын газарт эртний судар ном цуглуулах, Данжуур судрыг Наянт вангаас залахаар Эрдэнэ Жонон ван Ширнэндамдин нарын хамт одоод ирсэн тул Судар бичгийн хүрээлэнгийн даргаар түр ажиллаж байсан Ж.Цэвээнээс 1925 оны 1 сарын 18-ны нэгдүгээр хурлаар даргын ажлыг О.Жамъянд хүлээлгэн өгсөн байна [20] . Харин Ж.Цэвээнийг “Их Орос, Герман, Франц [21] зэрэг улсад явах ажлыг түр хойшлуулсан ч 7 сард хуралдсан бүх гишүүдийн харлаас Ж.Цэвээнийг Түвэд үсгийн орчуулагч шагжийн хамт “ Их Орос улсын академи наук хэмээх хүрээлэнг байгуулсаар хоёр зуун жил болсны баярт төлөөлөгч [22] -өөр томилон явуулахаар шийдвэрлэжээ. Ж.Цэвээний энэ удаагийн айлчлал зөвхөн баяр ёслолд оролцох төдий үйл хэрэг байгаагүй бөгөөд Петрбург хотод суралцаж буй ирээдүйн боловсон хүчин болох Ринчин нарын 4 оюутантай уулзаж зоог барьж, орчин цагийн монгол улсад шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр өргөхийг захиж зөвлөж, эрдэмтэн багш нартайгаа уулзаж, тэд нартай санал бодлоосоо солилцож чадсан Европын шинжлэх ухааны салбарт айлчилсан Монголын шинжлэх ухааны албан ёсны төлөөлөгчид болсон юм.
Зөвлөлтөд айлчлаад тэнд хэсэг саатан эмчлүүлж ирснээс хойш Ж.Цэвээний хувьд ажил ундарч эхэлсэн юм. Ялангуяа хүрээлэнгийн гадаад харилцааг өргөжүүлэх, эрдэмтэдтэй холбоо тогтоох, судлаачдаа тэднийг дагалдуулах, эсвэл бие даасан судалгааг өөрийн боломжоор хийх зэрэг олон ажлыг энэ хэдэн жилд эрчимжүүлсэн билээ.
Монгол улсын олон газарт судлаачдыг урт богино хугацаагаар ажиллуулж эхлэв. Хүрээлэнгийн удирдлагууд ч өөрсдөө хээрийн судалгаа, хайгуулд идэвхтэй оролцжээ. Дарга О.Жамъян Хан хэнтий, Бурхан халдун хавь, Тугийн сүм, Барс хот, Баянтүмэнд [23] , Дэмчигийг Лхас, Гүнбүм зэрэг газарт [24] , Дамбадоржийг Холбоот улс ба Герман, Австри, Итали, Франц, Голланд, Англи, Дани, Швед, Финлянд зэрэг улсад [25] , Ширнэндамдинг Хөх хотын газарт [26] томилон одуулжээ. Ж.Цэвээн өөрөө эх түүхэнд холбогдох зүйлсийг шинжлэхээр Зая бандидагийн хүрээ, Дарвабандидагийн хүрээ зэрэг газарт оюутан Гомбожавын хамтаар 1926 онд явахаар тогтжээ. Энэхүү оюутан Гомбожав бол Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны засаг ноён бөгөөд энэ үед Судар бичгийн хүрээлэнд оюутнаар ажиллаж байсан бөгөөд дараа жил нь Ж.Цэвээний эхнэр Бадамжавын хамт Берлинд одож улмаар тэрээр Францад суралцах болсон. Түүнийг Ж.Цэвээн ихээхэн дэмжиж тусалдаг бөгөөд хожим Зөвлөлтөд Дорно дахины хүрээлэнд байхдаа судлаачаар авч ажиллуулахад туслаж байв.
Судар бичгийн хүрээлэнгээс сүүлийн хэдэн жил хийсэн ажлуудаа 1927 оны 10 сарын 20-нд хуралдсан Улсын IV Их хуралд товч боловч тодорхой илтгэснээс мэдэж болно. Энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудын тоонд Хараагийн “Ноён” ууланд малтсан эртний булшнаас гарсан хятад бичгээр Хан улсын үеийн Пиндао хааны үеийнх болохыг баталж “Монгол Хүннү улс [27] болохыг гэрчилсэн байна. Мөн Зөвлөлтийн рашаан судлаач В.А.Смирнов [ биохимич, Зөвлөлтийн геологийн музейн судлаач, 1926, 1927, 1928 онуудад Монголын комиссын ангид ажилласан] Түвэд эмнэлгийн зүйлсийг судласан, Хан тайшир, Цэцэрлэгт Симуков [ 1923-1926 оны Монгол-Түвэдийн шинжилгээний ангид оролцсон. “БНМАУ-ын газарзүйн зураг” ном бичсэн, Монголын угсаатны судлал, газарзүйн чиглэлээр ажилладаг ]-ыг явуулж газар дэлхий, түмэн бодис судлуулсан, Хэнтийд С.А.Кондратьев [ 1923-1926 оны Монгол-Түвэдийн шинжилгээний ангид оролцсон.Монголчуудын хөгжим, аман зохиол судалдаг. 1925-1931 онд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан ]-ыг түмэн бодис тус тус шинжлүүлсэн байна. Өмнө цуглуулсан номын сангаа баяжуулах зорилгоор Хятад, Орос, Герман, Франц зэрэг орноос ном материалуудыг цуглуулж байв. Энэ удаад бол тэдгээрт суугаа тус хүрээлэнгийн ажилтанууд, хамтран ажиллагсад, оюутануудын хүчийг ашиглан цуглуулах болжээ. Монгол улсад нэн шаардлагатай зүйлийн нэг болох цаг уурыг шинжлэх явдлыг чухалчилж түүнийг хариуцах эрхийг хүрээлэнд авч Зөвлөлтөөс холбогдох тоног төхөөрөмжийг Ж.Цэвээний идэвхтэй хөөцөлдлөгөөр Монголд авчруулан хэд хэдэн газар салбаруудыг нээжээ.
Тус хүрээлэнгээс энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон эрх зүйн баримт бол Монгол улсад ажиллаж буй гадны судалгааны ангиуд заавал хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах болсон байна. Гэрээнд судалгааны эх үүсвэр, хамрах хүрээ, хугацаа зэргийг тодорхой заасан байдаг. Үүний тод жишээ бол П.К. Козлов [ 1923-1926 оны Монгол-Түвэдийн шинжилгээний ангийн тэргүүлэгч, нэрт аялагч, Төв Ази судлаач]-той Ноён уулын олдворын талаар байгуулсан гэрээ, Зөвлөлтийн Шинжлэх ухааны академитай байгуулсан 1925 оны 3 сарын 31-ны “БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэн ба ЗХУ-ын Шинжлэх ухааны академи [28] -ийн хамтын ажиллагааны гэрээ, АНУ-ын эрдэмтэн Р.Ч.Эндрюс [Палентологич, Амеркийн Байгалын Түүхийн музейн Төв Азийн шинжилгээний ангийн удирдагч ]-тэйзэргийг дурдаж болно. Энэ бол эрх зүйн чухал баримт бичиг бөгөөд одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй нэлээд асуудал буй. Ж.Цэвээн нарын зохион байгуулсан эдгээр ажлуудаас гадна цаашид анхаарах ажлын төлөвлөгөөнүүд, төр засгаас үзүүлж болох дэмжлэгүүдийг ч хүсчээ. Судар бичгийн хүрээлэнгийн цаашдын зорилгод:
“харьяат монгол улсын эх түүх ба газар дэлхийн байдал хийгээд цаг уурыг шинжлэх элдэв байгаль бодис жич эрт ба эдүгээгийн байдал төлөв зэргийг шинжлүүлэн үнэн магадыг олж ард олон ба бүх дэлхий дахины эрдэмтэнд дэлгэрүүлэн соёлыг бадруулах” [29]
гэдгийг тодорхойлохын сацуу сонирхолтой санал, төлөвлөгөөнүүдийг дэвшүүлж байжээ. Жишээлбэл, гадаад олон улсын эрдэмтэд бараг очоогүй баруун Түвэдийн орон мэтийн газар шинжилгээний анги ажиллуулах, дорнын соёлыг өрнөдөд түгээх гарцыг буй болгох зорилт болгожээ.
Судар бичгийн хүрээлэнгийн удирдлагын зүгээс тавьсан зорилгуудаа хэрэгжүүлэх, судалгааны газрынхаа бүтэц зохион байгуулалтын өргөжүүлэх, төрөлжүүлэх, чиглэл, салбаруудыг тодорхойлох зорилгоор тодорхой өөрчлөлтийг хийж эхлэв. Бүтцийн хувьд үндсэндээ гурван гол салбарт хуваагдаж салбар бүр нь дотроо ангиудад хуваагдаж байв [30] .Нэгдүгээр салбарт хүрээлэнгийн захиргаа, монгол хэл, гадаад хэлний ном судар хэвлэх, газрын зургийн салбар, бодисийн махбодийг ялгах ба салгах лабортари, булш болоод хуучины эд зүйлс, цаг уурын хэлтэсүүд, хоёрдугаар салбарт монгол болон гадаад хэл дээр бичсэн судрууд, гуравдугаар салбар нь дотроо дөрвөн ангитай ба 1-рт: газар орны зураг, чулуу ба шороо, эмт ус [рашаан], ургамал, адгуус амьтны зүйл, 2-рт: аж үйлдвэрийн анги бөгөөд дөрвөн зүйл мал, малын түүхий эд, тариалангийн ажил, монголчуудын гар урлалын зүйлс, 3-рт: хуучны анги буюу археологийн анги, 4-рт: этнограф хэмээх овог, яс бүрийн хүний ахуй байдлыг үзүүлсэн анги зэргээс бүрдэнэ гэжээ. Энэ бүтэц үндсэндээ 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны Академи байгуулагдах хүртэл төдий л өөрчлөгдөөгүй явагдсан билээ.
Улмаар 1929 онд дарга Жамъян, Ж.Цэвээн нараас Намын Төв хороонд явуулсан “ Намын Төв Хорооноо явуулсан судар бичгийн хүрээлэнгийн үндсэн бодлого ба жич хөдөлгөн бүхий хэргийн илтгэл [31] хэмээх хавсралт 40 зүйл бүхий маш дэлгэрэнгүй тайлан илтгэлийг ирүүлсэн байна. Тус илтгэлээс бид Ж.Цэвээний Судар бичгийн хүрээлэнд ажиллах үеийн дотоод үйл ажиллагааны байр байдлыг сайтар мэдэх боломжтой. Юуны өмнө тэд анх байгуулагдсан цагаас тавигдаж ирсэн зорилтуудыг сайтар тодорхойлон бичжээ. Анх 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулах үндэслэл “шинжилэх ухааны олон эрдэмийг дэлгэрүүлхийг гол болгосон”-оо дурдаад удалгүй 1924 онд эрхлэн товчоо хэмээхээс “ажил үйлдвэр хийгээд соёл эрдмий хөгжүүлэн дэлгэрүүлсүгэй” гэсэн зорилтыг тавьж “эрх биш шинжилэх ухааны гол газар байгуулах ”-аар зүтгэж ирснээ дурдан бичжээ. Энэ бол тэдний найман жилийн богино хугацаанд тавьж, хэрэгжүүлэхийн төлөө зорьж ирсэн байдал юм. Өнгөрсөн хугацаанд тус хүрээлэнгээс 1-рт: монголын оршиж суугаа газар орны шинжилгээ, 2-рт: харьяат улсын ард хүний шинжилгээ, 3-рт ард олны ажил үйлдвэрийн шинжилгээ гэсэн гурван чиглэлд багтааж авч үзжээ. Тайланд эдгээрийн хүрээнд ажилласан ажлуудыг тодорхойгоор тоочин бичиж, гарсан үр дүнг дурдаад эцэст нь хамгийн их тулгарч буй бэрхшээл болох “аливаа ажлыг боловсон ёсоор явуулахад тэнцэх хүн дутагдах”-ыг дурдаад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээс гадна байгаа ажилчдынхаа ажиллах нөхцөл, орон байраар хангаж, мэдлэг чадварыг дээшлүүлэхийг чухалчилсан байна. Ийнхүү өнгөрснөө дүгнэж дараагийн зорилтоо тавин ажиллах болов. Мөн энэ үед гадаад хамтын ажиллагааны хувьд ч 1929 оны намар Зөвлөлтийн Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны томоохон гэрээг байгуулжээ.
Судар бичгийн хүрээлэн анхан шатны зорилгоо амжилттай биелүүлж, дараагийн үедээ шилжиж байна хэмээн үзэж 1930 оны 12 сарын 20-нд Монгол улсын Засгийн газраас “Шинжлэх Ухааны хүрээлэн [32] хэмээх шинэ тамгаа шинэхэн дарга А.Амар хүлээн авав.
Гэвч энэ үед Судар бичгийн хүрээлэнд хэд хэдэн шалтгаан үүсэж эхлэв. Юуны өмнө улс орон даяар Зөвлөлтийн Коминтерний үйл ажиллагаа хэрээс хэтэрч “ Зүүнтний нугалаа” гарч, үндэсний үзэл баримтлалтай хэсэг улс төрийн зүтгэлтэнүүд, томоохон сэхээтэнүүдийг баруунтан хэмээн гадуурхагдаж, түүний нөлөө ч Ж.Цэвээнийг тойрсонгүй. Хэвлэн нийтлэх явдлыг саатуулж, боловсон хүчин бэлтгэх ажил удааширч, гадаадад суралцагчдыг эгүүлэн татаж, зарим хүрээлэнгийн ажилтнуудыг хяхаж хавчих, сонгуулийн эрхийг нь хаах, хэт улс төрийн нөлөөг шинжлэх ухаанд оруулахыг санаархах явдал ихэсчээ. Гэтэл яг энэ үед нь бүтэн 10 жил анх үүсгэн байгуулахаас сэтгэл санаа, зорилго нэгдэн ажиллаж байсан “гавъяа бүхий” хүн Онходын Жамъян 1930 оны 5 дугаар сарын 1-ний өдөр таалал төгсөв [33] . Нөхцөл байдал ихээхэн хүнд ийм үед Ж.Цэвээн “Монгол Улсын эрдэм шинжилгээний ажлын ач холбогдол” хэмээх өгүүлэл”-дээ хатуухан шүүмжийг нийтлүүлэв. Тэрээр бичихдээ:
“Манай Монгол орон соёлын талаар европын соёлт бүх улс түмнээс олон зуун жилээр хоцорсон бөгөөд европын ард түмний эдэлж буй соёлын үр шимийг бид эдлэхгүй байна. Европын улс түмний дунд сав, шимийн ертөнцийн үзэгдлүүдийн шалтгаан, хуулийг нягтлан судалдаг тодорхой шинжлэх ухаанууд цэцэглэн хөгжиж байна. Дорно зүгийн соёл бүхий ард түмнүүд болох монгол, төвдчүүд бидний дунд европын нарийн шинжлэх ухаан хөгжсөнгүй. Шинжлэх ухаан цэцэглэн хөгжиж байгаа газар л амьдралын ая тохь бий болж, ард түмэн соёлын үр шимийг хүртдэг. Шинжлэх ухаангүй газар хүн байгалийн хүчний боол байдаг"
гэдгийг хатуухан тэмдэглэжээ. Удалгүй Ж.Цэвээн баруунтан хэмээгдэж эрдэмтэн нарийн бичгийн албанаас чөлөөлөгдөж хүрээлэндээ эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болоод байв. Энэ нь нэг талаас түүнийг ажлаас нь чөлөөлсөн мэт боловч нөгөө талаасаа харин ч олон жил тасалдсан эрдэм судлалынхаа ажилд эргэж орох таатай боломж болсон мэт харагддаг. 1921-1930 оны хооронд Ж.Цэвээний хувьд эрдэм судлалын дорвитой бүтээл ер гаргаж чадаагүй нь гагцхүү Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулахын төлөө бүхий л анхаарал амьдралаа зориулсныг илтгэнэ. Харин энэ удаа Ж.Цэвээнийг Шинжлэх Ухааны хүрээлэнд судлаачаар ажиллуулахад шинэ дарга хуучны сайн нөхөр А.Амарын нөлөө нэлээд байсан нь лавтай. Тиймээс түүнийг сул орхисонгүй тус хүрээлэнгийн “ соёл боловсролын ангийн эрхлэгчээр [34] томилсон байна.
Ж.Цэвээн энэ үеэс судалгааны болоод, хээрийн шинжилгээ, орчуулгын ажил, залуу судлаач нарыг дагалдуулан сургах зэрэг ажилд идэвхтэй оролцож эхэлсэн. Шинжлэх Ухааны хүрээлэнгийн ажилчин Ж.Цэвээнээс тус хүрээлэнгийн даргад хүссэн нэгэн өргөдөлд:
“Халхын феодалын байдлыг судлах шинжлэхэд гэрч баримт зүйлүүдийг боловсруулан шинжлэхэдтуйлын чухал болох ба Өндөр гэгээн дараахи наймдугаар богд Живзундамба хутагт хаан хүртэлт манж хятадын засгийн газар ба автономит засгийг газраас олгосон хятад, манж, түвэд үсгийн ба хэлний өгүүлэл бүхий алтан ба цагаан мөнгөн өргөмжлөл их бага хэд хэд бөгөөд цөм хосгүй. Эдүгээ Монгол улсын банк (Сангийн яамны мэдэлд) хадгалагдан байна. Иймийн тул энэ зүйлүүдийг мөн банкны газраа тэнцэх чадвартай хүмүүнийг явуулж фото зургийг татуулах ба хүнд хөнгөний хэмжээ хийгээд их багын хэмжээ ба төрх байдлын хэвийг зураглан авахаас гадна үсэг бичгийн үг тоо сэлтийг нэгэнд нэгэнгүй авахуулж Монголын шар фоедалын түүх гарлыг шинжлэхэд материал болгож хэрэглэхэд бэлэн болгомуй” [35]
хэмээн хүсэлт гаргаснаар Манжийн үеийн хаадаас Монголын ноёдод өгсөн өргөмжлөл сэлтийг хуулбарлан авах, Судар бичгийн Хүрээлэнгийн номын санд шилжүүлэх ажлыг хийлгэжээ. Хожим тэрээр энэ материалаараа өөрийн багш С.Ф.Ольденбургийн шинжлэх ухаан-нийгмийн үйл ажиллагааны 50 жилийн ойд зориулан гаргасан өгүүлэлийн түүвэрт “Лувсанбайдуб ламд өргөсөн Сэцэн ханы жуух бичиг” нэртэй маш сонирхолтой өгүүлэлийг гэрэл зургийн эхийн хамт нийтлүүлсэн билээ.
Тухайн үед бас нэлээд хэл аманд өртөж, тайж язгуураараа адлагдаж уруудаж явсан залуу судлаач, хожмын Монголын уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн дагуулан 1931 оны 2 сарын 11-нд Шинжлэх ухааны хүрээлэнгээс №37 тоот үнэмлэх бичиг аван Сэлэнгэ, Хэнтийн нурууны хавийн орон нутгийн олон ардын зан байдал, аж амьдралыг судлан шинжлэх ба Карл Марксийн хувьсгалын зохиол [Капитал] орчуулахаар хөдөө гарч түр суусан байна. Судлаачид үүнийг их төлөв Д.Нацагдоржийг архи уулгахгүй, хэл аманд өртөхөөс болгоомжилсон гэдэг боловч нөгөө талаар тэрээр өөрийн судалгааг тааваар хийх, хожим бичих номынхоо холбогдох материалуудыг цуглуулах, орчуулгын ажлаа сэргээх зорилготой байсан бололтой. Сэлэнгийн Хараа, Ерөөгийн буриад болоод хамниган нарын тухай хожим Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хүсэлт, зардлаар нийтэлсэн “ Дархад, Хөвсгөл нуурын урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд, мянгад, захчин, торгууд, хошууд, цахар, дарьганга, Алтайн урианхай, хасаг, хамниган нарын гарал үндэс байдлын өгүүлэл ” номондоо баялаг материал оруулсан нь энэ удаагийн шинжилгээний үр дүнтэй холбоотой.
Энэ үед Ж.Цэвээний албан газрын тодорхойлолтод “ тавин хоёр настай, Монгол, Орос дээд сургууль төгссөн, тус хүрээлэнгийн эрдэмтэн гишүүн арван жил явсан, 758 дөрвөлжин метрийн дунд зэргийн хашаа, 400 төгрөгийн байшинтай, намын гишүүн, монгол улсын харъяат, буриад язгуур угсаатай [36] хэмээн бичжээ.
Ийнхүү Ж.Цэвээн нь 1921-1930 он хүртэл судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллах үе бол хамгийн их эрчимтэй, эрдэм судлалын зохистой чиг баримтлалыг барьж, идэвхтэй гадаад харилцаа, эрэл хайгуул, дараа дараагийн энэ салбарын эрх зүйн үндэслэл, судлаачдын бэлтгэх хөрс, номын сан, музейн сан хөмрөг зэргийг бүрдүүлж чадсан үе байв. Түүнчлэн энэ үеэс Монголын шинжлэх ухааны байгууллагыг олон улсын Монгол судлаач эрдэмтдийн анхааралд хүргэж чадсан явдал нь Ж.Цэвээний үүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

Эрдэмтдийн анхаарал Монгол улс руу: захидал, итгэл, гэрээ
Ж.Цэвээнээс 1922 онд Зөвлөлтийн Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Ф.Ольденбургт бичсэн захидалдаа:
“Монгол улсын Судар бичгийн хүрээлэн байгуулсан уг зорилт болбоос олон боловсорсон улсын хэлээс манай Монгол дор анхан дэлгэрсэн элдэв соёл, эрдэм суртлын зэрэг бичгийг орчуулан дэлгэрүүлж, ард түмнийг жолоодон сурган таниулан, боловсруулсугай хэмээсэн боловч хараахан шинэ тутам үүссэн дээр угаас эрдэм сурталгүй түүхий монгол нэгэн хоёр хүмүүн санаа мэдэн хүрэлцэж дэлгэрүүлэн чадах нь үгүй, энэ хэр дан ганц бага сага сургууль дор хэрэглэх дэвтэр зэргийг тараахыг завдаж буйгаас ангид олон боловсорсон улсын эрдэмтнийг хүсэх нь ундаасан усыг хүсэх мэт бөгөөд эрхэм эрдэмтний их түшмэл, яруу алдрыг сонсож хүсэн баярлаж барахгүй, Одоо үүнээс хойш харилцан санаагаа нэвтрэлцэж үүрд тусламж үзүүлэхийг гуйваас зохих тул учрыг гаргаж хоосон бусын төдий бэлэг болгонмонгол үсгийн Гэсэрийн тууж дэвтрийг болхи захиа дор хамтатган эрхэм их эрдэмтний амрыг эрэх ялдам дор бариулан сонсгон гуйхуй нь. Манай Монгол дор холбогдох чухал хэрэглэгдэх орос, монгол, түвэд, хятад, энэтхэг хэлний эрдэм соёлын бичиг шастир ба сонин гайхамшигтай бодис зэргийг дараа дараагаар хүргүүлэн хайрлаж үүрд тусламж үзүүлэн найрамдаж харилцах ажаамуу” [37]
хэмээн түмэн газрын холоос ёслон мэндчилсэн байна. Оросын Шинжлэх ухааны талаас ч тун тааламжтай хүлээн авч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөн болохыг бид бүхэн сайн мэднэ.
Шинэ байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн гадаад харилцаа, дэлхийн Монгол судлаачдын сонирхолыг Монгол улсад татах, хамтран ажиллах, боловсон хүчин бэлтгэх асуудлыг Ж.Цэвээн гардан хийж байсан юм. Түүний зэрэгцээ “ Европ дахины хэлнээс энэ тэргүүн олон нийгэмд хэрэглэгдэх олон гадаад улсын түүх зэргийг орчуулмуй. энэ тухай Жамсаринов Франц ба Европын түүх хэмээх бичгийг Орос үсгээс орчуулахуйд Монгол үсгийг нь сайд гүн Жамъяан бичмүй [38] хэмээн анхны хурлын тогтоол түүний хамаарах ажлыг тодорхой заажээ. Тэрээр юуны өмнө хамгийн чухал гадаад хамтран ажиллах газраар Ленинградын Дорно дахины хүрээлэн, Улсын Их сургуулийн дорнын амьд хэлтэнүүдийн салбартай нягтран ажиллах зорилт тавьсан юм. үүний учир бол тодорхой. Тэрээр өөрөө энэ сургуулийг төгссөн, багш, эрдэмтэдтэй нягт харилцаатай, нөгөө талаас Оросын эрдэмтэд Монголыг судлах асар их сонирхолтой, түүхэн уламжлалтай төдийгүй тухайн үед хоёр орны улс төрийн харилцаа хамгийн эрчимтэй ойр байв. Ж.Цэвээний хувьд хэдий тийм ч эрдмийн харилцаа бол аливаа нэгэн улс төр, үзэл суртлын нөлөөгүйгээр цэвэр эрдэмтэн хоорондын шинжлэх ухаанч харилцаа байдгийг сайтар мэдэх хүний хувьд Европ, дорно дахины эрдэмтдийг ч татан ажиллуулах, харилцаа тогтоохыг эрмэлзэж байв.
Гадаадын эрдэмтэдтэй харилцах эхний шат бол юуны өмнө тэднийг монголд урин ажиллуулах, ном материалыг тэднээр дамжуулан цуглуулах, эрдэмтдийг дагалдуулан залуу Монгол судлаачдыг бэллтгэх, элдэв төрлийн зөвлөгөө авахад голлож анхаарч байлаа.
Тухайн үед Монгол улсад гадаадын хэд хэдэн томоохон шинжилгээний ангиуд хүрэлцэн ирээд байлаа. Р.Ч.Эндрюсээр удирдуулсан Америкийн Байгалын Түүхийн музейн Төв Азийн шинжилгээний анги, П.К.Козловоор удирдуулсан Монгол-Түвэдийн төв Азийн шинжилгээний анги, Н.Н.Рерихийн Төв Азийн шинжилгээний ангиуд Монгол нутагт, эсвэл Монгол улсын нутгаар дамжин өнгөрч Улаанбаатарт саатахад тэдний судалгааны ажилд Судар бичгийн хүрээлэн онцгой гавъяа байгуулсан юм. Тэдгээр шинжилгээний ангиудыг Монгол улсад ирэх бэлтгэлээс эхлээд орон нутагт саадгүй өнгөрөх албан бичиг, дагалдан ажиллах мэргэжилтэн, шаардагдах багаж төхөөрөмж, орон байр, хоол унд зэргийн бүхий л асуудлыг Ж.Цэвээн гардан зохион байгуулж байсан жинэхэнэ судалгааг ойлгодог эрдэмтэн хүний хандлага байв. Тиймээс тэдгээр эрдэмтэд Ж.Цэвээнд баярласан талархсанаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах дэмжиж туслахаа илэрхийлж байлаа.
Судар бичгийн хүрээлэнгийнхэн ч тэдгээр шинжилгээний ангиудаас тусламжийг авч байв. 1924 оны 7 сарын 2-нд Судар бичгийн хүрээлэнгийн дарга [ энэ үед түр орлож байсан] Ж.Цэвээнээс Монгол улс дахь Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчөөс Онон, Хэрлэн, Алшаад ажиллах хээрийн шинжилгээний ангид хэрэглэх ангийн буу, сум, казак эмээлийг П.К.Козловын шинжилгээний ангийн агуулахаас гаргуулан хэрэглэхийг гуйж [39] байжээ.
1924 оны 4 сарын 2-нд Эрхүүгийн Их сургуулийн профессор В.И.Смирновт бичсэн захидалдаа “ өөрийн улсын байгаль-түүхийн онцлог, нөхцөл байдлыг бүх талаас нь судлах явдал бол судар бичгийн хүрээлэнгийн нэг гол зорилт мөн. Дөнгөж хоёрхон жил болж байгаа ч олон түмэн болоод сурагчдын дунд европын мэдлэгийг түгээхийг ихээхэн анхаарч байна [40] хэмээгээд ургамал, экологийн судалгаа шинжилгээний баг ажлуулахыг хүсчээ.
1925 оны Судар бичгийн хүрээлэнгээс эрхлэх товчооноос гаргасан зорилтын дагуу дэлхийн улс орнуудын Шинжлэх ухааны газруудтай харилцаа тогтоох, эрдэмтэдтэй санал бодлоо солилцох, Монгол улсад хамтын судалгааг хэрэгжүүлэхийг чухалчилж эхэлсэн. Зөвлөлт холбоот улсын Шинжлэх ухааны Академид Монголын судлах “Монголын комисс” байгуулагдсан явдал үүнийг эрчимжүүлэх нэгэн үүд болсон. Монголыг судлах “Монголын комисс”-ын тухай Санктпетербургийн эрдэмтэн Т.И.Юсупова тун нарийвчилсан судалгааг хийсэн. Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн нэртэй эрдэмтдтэй хамтран судалгаа явуулах, тэднийг Судар бичгийн Хүрээлэнгийн Гадаад гишүүнээр сонгох, өрнөдийн хэл дээр гарсан бүтээлүүдээс орчуулах, гадны нэртэй эрдэмтэн нарт тусгайлан судалгааны ажил захиалах зэрэг ажлуудыг хийж эхлэв. 1925 оны 2 сарын 11-нд Ноён уулын Хүннүгийн малтлагаар нэрд гарсан эрдэмтэн П.К.Козловт “ Монгол, Түвэд газар орноор явж судалгаа хийсэн”, Б.Я.Владимирцовт “сул гишүүн”, 1925 оны 7 сарын 16-ны бүх гишүүдийн хурлаар Францын нэрт дорно дахин судлаач, монголын судлагч П.Пеллиог “эртний Монголын түүхийг хийж буй хүн”, Польш улсын эрдэмтэн Л.В.Котвичийг “ олон зүйлийн хэл бичиг мэдэх их эрдэмтэн бөгөөд манай хүрээлэн лүгээ харилцан бичиг солилцож байдаг [41] , Бээжинд сууж байсан чин ван Наянтыг “Монгол үсгийн данжуурыг манай хүрээлэнд тахиулхаар өгсөн гавъяа”-д зэрэг үндэслэлээр хүрээлэнгийн хүндэт гишүүн, жинхэнэ гишүүн болгосон нь тэдний эрдэм судлалыг хүндэтгэн үзэхээс гадна өөрийн улсын судалгааны байгууллагатай хамтран ажиллах боломжийг буй болгосон алхам байлаа.
Энэхүү хурлаар Зөвлөлтийн хэд хэдэн эрдэмтэнд Монголын Судар бичгийн хүрээлэнгээс өргөмжилсөн цол, бэлэг сэлтийг аван түвэд ч Шагжийн хамт Ленинград хотноо аль 1724 онд байгуулагдсан Оросын Шинжлэх ухааны Академийн 200 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор 1925 оны намар очсон тухай би дээр нэгэнтээ өгүүлсэн. Энэ айлчлалын дараа Ж.Цэвээн Ленинградад түр сууж ном материал үзэх, эрдэмтэдтэй уулзаж ярилцах, биеээ эмчлүүлэх зэрэг зорилгоор 1926 оны 4 сар хүртэл суухыг хүсэж дарга О.Жамъянд дараахь захидлыг ирүүлжээ.
Захидалд:
“миний бие өвчнийг аажим цагийн хугацаанд бие амар байж арга засал хийлгэвээс зохих гэх тул хойш буцах цаг болзоог ирэх жилийн дөрвөн сар хүртэл хойшлуулж, Ленинград хотноо бүхий сүм дээр Доржид [Дорж Балдано] гурван мянган таван зуун төгрөг мөнгө явуулах ажаамуу. Бас хуучины зүйлийг сахин хамгаалах дүрэм 10 хувийг Боровко лугаа явуулму. Орос улсын эрдмийн хүрээлэнд суух болчухуй. Цэвээн Арван сарын дөрвөнд ирсэн цахилгаан мэдээний үг [42]
гэжээ. Гэвч чухам тэрээр 1926 он гартал тэнд суусан эсэхийг одоо мэдэх баримт хараахан алга. Холбогдох баримт мэдээг үзэхэд Ж.Цэвээн ямартай ч 1926 оны дунд хүртэл Зөвлөлт холбоот улсад байсан бололтой. Лавтайяа 1926 оны 7 сарын 5-нд ЗСБНХУ-ын Засгийн газрын дэргэдэх Монгол орныг судлах комисс ба Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн хооронд Монголд явуулах экспедицийн талаар Улаанбаатарт гэрээнд гарын үсэг зурахад Ж.Цэвээн оролцсон. Гэрээний дараа Монголд ажилласан шинжилгээний ангиудын явцын талаар Ж.Цэвээнэс С.Ф.Ольденбургт бичсэн захидалдаа:
“монгол орон руу таны илгээсэн судалгаа шинжилгээний ангиуд ажлаа амжилттай дуусгаад буцах нь буцаж ажлаа үргэлжлүүлэх нь үргэлжлүүлж байна. Экспедицийн гишүүдээс манай байгууллагад хандах байдлын тухайд гэвэл бид тийм л хүмүүсийг илгээж байхтун гэж хүсэхээс өөр юм байхгүй...манайд байнга ажиллах тайван зантай, нухацтай сайн геологич-паленталогич хэрэгтэй”
гэсэн саналаа илэрхийлж байв.
Энэ үеэс Зөвлөлтийн Шинжилгээний ангиуд Монгол улсад эрчимтэй ажиллаж, тодорхой чиглэл бүрээр Судар бичгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, монгол мэргэжилтнүүдийг дагуулан сургаж, гэрээ хэлэлцээрийн үндсэн зарчмаар тайлан, олдвор зэргээ хүлээлгэн өгч ажиллаж байв. Ж.Цэвээнийг Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаанд Зөвлөлтийн эрдэмтэд янз бүрийн шинжлэх ухааны чиглэлээр нийт 41 удаагийн хээрийн шинжилгээ явуулсан байна. Эдгээр шинжилгэний ангийн талаар Ж.Цэвээний илтгэлд:
“Гагцхүү академи наук ба тус хүрээлэнгийн шинжилж олсон зүйлүүдээс оновчтой чухалыг нь зохих газруудаас тосон авч үл хэрэглэх аваас ямар тус хэмээхээс гадна нийтийн шинжилгээ лүгээ хавсаран явж болох боловч юуны урьд ямар нэгэн ашиг тусыг олж бүтээсүгэй хэмээсэн шинжилгээ туршилгын зүйл байх бөгөөд жишээлбээс ямар өвс шимтэй эсэх ямар малд тустай хортой, ямар газар идээшлийг олон ургана ямар угсааны малыг хэрхэн сонгож сайжруулбаас ямар ашиг тус гарах эсэх ямар ямар төрлийн тариа будааны зүйлийг хэрхэн сонгож хаана хэрхэн ургуулж болох ба ашиг тус олох зэргийг магадыг олтол шинжилэх турших зэргийн явдлууд болбоос их л чухал бөгөөд эл зүйлийг аж ахуйн яамнаас эрхэлвээс зохих мэт. Хэрэв аж ахуйд холбогдох хадлан тариалан ба малын өсгөвөр зэргийг байнга туршилгын газруудыг харьяат яамнаас гүйцэтгэх нь болбоос эрхбиш судар бичгийн хүрээлэн лүгээ харилцан урьдаар төлөвлөгөөгөө нийлүүлэн давхар сүйтгэл гаргахыг хэмнэвээс зохистой буй за” [43]
гэж шинжлэх ухааны судалгааны үр дүнг улс орныг хөгжүүлэх, практикт хэрэглэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг.
1929 оны байдлаар Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний дагуу ажилласан шинжилгээний ангиудаас түүх, хэл шинжлэлтэй холбоотойгоос дурдвал, Ленинградын их сургуулийн оюутан В.А.Казакевич [Монгол судлаач, Ленинградын их сургуульд багш байсан. 1937 онд баригдсан.], оюутан Д.Нацагдорж [ тайж, зохиолч, түүхч]-тай хамт 1923 онд Дорноговь, 1924 онд Хэрлэн, Туулын савд тус тус хээрийн шинжилгээ хийж, голдуу археологийн судалгаа явуулсан тайлангаа судар бичгийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн нь эдүгээ ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн баримтын санд хадгалагдаж байна [44] . Мөн 1927 онд Дарьгангад ажиллаж тусгай ном хэвлүүлсэн. 1925 онд Г.И.Боровка [ археологич, түүхч, Эрмитажийн эртний скифийн урлагийг судалдаг. Ленинградын Их сургуулийн профессор. 1941 онд буудуулсан], туслах Барга Эрдэмбаяр [барга, Судар бичгийн хүрээлэнгийн туслах оюутан]-ын хамт Улаанбаатар хот-Төв аймгийн яам хүртэл Туулыг уруудаж–Цэцэрлэг-Улаанбаатар гэсэн чиглэлээр хуучны булшийн байдлыг үзэж, зарим булшийг ухах зэргээр нягтлан шинжилж үзэж, “Туулын хөндийн дунд урсгалын археологийн тандалт судалгаа ” өгүүлэлийг “Северная Монголия. Т. II. Л., 1927. Стр. 43-88”-т, 1926 онд Улаанбаатар хот-Ноён уул-Мандалын тосгон-Улаанбаатар хот гэсэн чиглэлээр ажиллаж “Ноён” уулын булшуудыг дахин ухаж шинжлэн үзснээс гадна Мандалын орчим бүхий булшуудыг ухаж шинжилж товч тайлан гэрэл зургийг авч Судар бичгийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Г.И.Боровкагийн энэхүү тайлан хожим Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн гар бичмэлийн санд байсныг хожим Археологийн хүрээлэн салбарлахад тийш нь шилжүүлсэн байна. Тус хүрээлэнд ажиллаж байсан А.Д.Симуков 1927 онд Ноен ууланд дахин малтлага хийж хятад үсэг бүхий аягыг олжээ, Л.А.Амстердамская [Ленинградын Их сургуулийн аспирант] Өндөр хаан, Хэнтийн нутагт угсаатны аман зохиолын судалгаа хийж хожим “Дорнод Монголчуудын аман домог” нэртэй ном хэвлүүлсэн. 1924 онд Б.Я.Владимирцов [ монгол судлаач, академич, Ленинградын их сургуулийн профессор], ажилтан Дэндэв [олноо чөтгөр хэмээн нэрлэгддэг музейн дарга байсан]-ийн хамт Хэнтийн хавийн угсаатнуудын угсаа соёл, аман зохиолыг судлаж, 1926 онд Туул, Орхоны хөндийд ажиллаж, Н.Н.Поппе [угсаатны зүйч, хэл шинжлээч, АНУ-ын Сиетлийн Их сургуулийн профессор], Б.Б.Бамбаев [ буриадын монгол судлаач, 1931 онд баригдсан ч хил даван зугтсан]-ын хамт Улаанбаатар, сэлэнгийн сав нутагт судалгаагаа явуулж, П.К.Козлов 1923-1926 онд Улаанбаатар-Хүрхийн уулс-Ноён богд уул-Эзэн гол, Арц богд, Мишиг гүн-Улаанбаатар хот: Улаанбаатар хот-Мишиг гүн-Сайн ноён-Их богд, Голт, Үйзэн ван-Улаанбаатар хот: Голт-Их богд, Эзэн голд ажиллаж ерөнхий географийн байдал, зоологи ба геологийн цуглуулга хийх, Ноён уулын онц сонирхон чухал бүхий булш уудалж орон газрыг нягтлан шинжлэх зэргийн шинжилгээний хэргийг явуулсан зэрэг Монголын түүх судлал, хожмын Монгол судлалд жинтэй судалгаанууд хийгджээ. Харин тус хүрээлэнд ажиллаж байсан А.Д.Симуков, Кондратеьв нараар ажилласан судалгааных нь дагуу тусгай тайлан бичүүлж авчээ [45] . Ж.Цэвээн эдгээр шинжилгээний ангиудад ихээхэн анхаарал тавьж, анги бүрт нэгээхэн бээр судлаачийг ядаж дагалдуулж байсан нь хожим ихээхэн тустай болж судлаачдыг бэлтгэх нэгэн дөгөө байсан юм. Зарим судлаачид эдгээр олон шинжилгээний ангийг судалгаа шинжилгээнээс илүүтэй “тагнуул”, “туршуул”-ын зорилготой хэмээн сэжиглэж боддог юм. Энэ бол ямар ч судалгаа шинжилгээний дур сонирхолгүй, тийм ажил хийж гүйцэтгээгүй ухвар мөчид хүний бодол болохыг шууд бичиж болно. Учир нь эдгээр шинжилгээний ангиуд бол хожим Монгол улсад шинжлэх ухааны олон салбар хөгжихөд үндсэн суурь болж, мэргэжилтэнг бэлтгэж, ихээхэн хэмжээний материалыг судлан шинжлэх, олон улсын түвшинд гаргахад чухал үүрэгтэйгээс гадна Монгол улсын өөрийн үндэсний шинжлэх ухааны байгууллага бие даан тэдгээр эрдэмтэдтэй харилцаж, тодорхой эрх зүйн гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж, чадвартай дэлхийд нэртэй эрдэмтдийн судалгааг монголд явуулж, олон чанартай бүтээлүүд хэвлэн нийтлүүлсэн явдал бол энэхүү ажлын үр дүн билээ. Тэр бүгдийг зохицуулж, судлаачдын таатай боломжийг бүрдүүлэх ажлыг эрдэм судлалын ихээхэн туршлагатай эрдэмтэн Ж.Цэвээний гүйцэтгэсэн чухал үүрэг байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Монгол дахь гадаад улс орнуудын шинжилгээний ангиудаас гадна гадны судалгааны газруудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг Ж.Цэвээн их төлөв гардаж хийж байв. Тодорхой хэд хэдэн гэрээг бид энд тэмдэглэх хэрэгтэй. 1922 онд Ерөнхий сайд Жалханзын баталгаажуулсан Америкийн Төв Азийн судалгааны ангитай байгуулсан гэрээ, 1924 оны П.К.Козловын удирдсан шинжилгээний ангитай байгуулсан гэрээ, 1927 оны 7 сарын 5-нд бахйгуулсан “Оросын ШУА-ийн Монголын комисс”-той байгуулсан гэрээ, 1929 оны “ЗХУ-ын ШУА-ийн Монголын комисс ба БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн байгуулсан” гэрээ зэргийн талаар дээр товч дурдсан билээ. Түүнээс гадна 1925 оны 9 сарын 4-нд “ Ленинградын Дээд сургуулийн Дорнын амьд хэлтэнүүдийн салбарын дэргэдэх Монголын тасгийн байдлын тухай ерөнхий байдал” гэсэн хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Гэгээрлийн яамны сайдын зөвлөх нэрээр Ж.Цэвээн, Түвэдийн бүрэн эрхт төлөөлөгч хамба Доржийн Агваан, ректор Александр Николаевич Самойлович [ нэрт түрэг судлаач, академич, 1938 онд буудан алуулсан] нартай гарын үсэг зуржээ. Гол нь энэ сургуульд Монголоос боловсон хүчинг түр хугацаагаар сургах гэрээ байсан төдийгүй үүний дараа хэд хэдэн залуучууд тус сургуульд суралцсан билээ. Тэдний суралцах эхний үүдийг ийнхүү Ж.Цэвээн албан ёсоор баталгаажуулсан нь энэ юм.
Ж.Цэвээнийг Судар бичгийн хүрээлэнгийн удирдлагын хувьд захидлаар харилцахаас гадна эрдэмтний хувьд түүнтэй найрсаг сайн номын хүрээнд харилцаж байсан эрдэмтэд олон байв. Зөвлөлтийн нэрт аялагч Г.Е.Грумм-Гржимайло, Б.Я.Владимирцов, Польшийн эрдэмтэн Л.В.Котвич, Германы Монгол судлаач Э.Хэиниш, Базар Барадин, В.А.Рязановский нарыг голлон дурдаж болно. Тэдгээр эрдэмтэдтэй нягт харилцаатай харилцахаас гадна Монголын Судар бичгийн хүрээлэнтэй ямар нэгэн байдлаар уялдаатай байлгахыг чармайж байв. Жишээлбэл, Нэрт аялагч, газарзүйч Г.Е.Грумм-гржимайлогийн олон жилийн судалгааны үр дүнд цуглуулсан материал дээр тулгуурлан “Урианхайн хязгаар ба Баруун Монгол” номны хоёрдугаар ботийг Судар бичгийн хүрээлэнгээс зардлыг гаргаж хүрээлэнгийн нэртэйгээр 1926 онд Ленинградад нийтлүүлсэн. Тус номыг гарсны дараа О.Жамъян, Ж.Цэвээн нарын Г.Е.Грумм-Гржимайлод бичсэн захидалд
“Гүн хүндэт Григорий Ефимович! БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэн “Баруун Монгол ба Урианхайн хязгаар” номын хоёрдугаар ботийг хэвлэсэн амаргүй ажлын тань төлөө Танд гүн талархлаа илэрхийлэхийг тааламжтай гэж үзэж байна. Таны ном улс орон, ард түмнийхээ өнгөрсөн үеийг сонирхон манай Монголын залуучуудын хувьд ерөнхий удирдлага болох юм” [46]
гэжээ. Энэ номыг марксист үзлийн үүднээс үгүйсгэн шүүмжилж байсан ч баримт материал, хамрах хүрээ зэргийнхээ хувьд одоо ч үнэ цэнээ алдаагүй чухал судалгаа болохыг ашиглаж үзсэн түүхчид нэгэнтээ мэднэ. В.А.Рязановскийтай Монгол хуучин эрх зүйн түүхийн судалгааны талаар сонирхолтой захидлуудыг бичиж, түүний бичиж байсан [47] “Монголын эрх зүй”[Монгольская права. Харбин. 1931] номонд үнэтэй саналаа өгч байсан төдийгүй өөрөө ч бас Монголын уламжлалт эрх зүйн тогтолцоог ихээхэн сонирхож хожим “Халх журам”-ын гар бичмэлийг нийтлүүлсэн билээ.
Ж.Цэвээнээс 1925 оноос Германы Монголч эрдэмтэн Э.Хеништэй захидлаар харилцаж, эрдмийн ажлын санал солилцож, Германд залуу судлаач бэлтгэхийг ихээхэн эрмэлзэж байжээ. 1925 оны 8 сарын 5-д бичсэн захидалд “алтан товч”, “алтан гэрэл”, “үлгэрийн далай”, “гэсэр хаан”, “Шидэт хүүр” зэрэг сурвалж зохиолуудыг үзэхийг хүссэн байна.Францын нэрт Монголч эрдэмтэн П.Пелльод “Юань-чао-би ши” буюу Монголын нууц товчоог хэвлэхээс өмнө түүнд хэд хэдэн захидал бичиж, шинэ олдоод байсан Алтан товчийн мэдээг хүргэж, Б.Я.Владимирцовтай мөн эрдмийн ажлын талаар ихээхэн санал солилцож байв. Түүний Б.Я.Владимирцовт бичсэн нэгэн захидалд
“Чингисийн цадигийг Бээжинд хэвлэсэн гэж сонслоо. Монголын нууц товчоог өнөөдрийг хүртэл хятад эхээс сэргээсээр иржээ. Монгол эхэд тулгуурлалгүй иржээ....Ямартай ч бид ойрын хугацаанд алтан товчийг хэвлэхийг хичээж байна. Одоогоор Жамъян гүн гар бичмэл дээр сууж байна. Монголын шинжлэх ухаан-танин мэдэхүйн Шинэ толь сэтгүүлд таны Цогт тайжийн тухай өгүүлэлийг тусгайлан монгол уншигч нарт зориулж нийтлэхийг хүснэ. Хэсэг байшингийн бичээсийг бид хамт зарим тайлбар хийхийг бодно” [48]
гэх зэргээр олон мэдээлэл өгуулсан захидлуудыг бичиж харилцаж байв. Ийм эрдэм шинжилгээний мэдээлэл агуулсан захидлуудыг Н.Н.Рерих, С.Ф.Олльденбург, Базар Брадин, Лихтман, Э.Хэйниш нарт бичсэн захидлууд өдгөө Монголын Үндэсний Төв Архивын 23 дугаар сан хөмрөгийн 120 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж байгааг нягтлан үзвээс ихээхэн сонирхолтой. Дээрх эрдэмтдийн зүгээс ч олон захидлууд Ж.Цэвээн болон Судар бичгийн хүрээлэнгийн нэр дээр ирсээр байв.
Түүнээс гадна Ж.Цэвээний нэгэн онцлог бол Судар бичгийн хүрээлэнгийн дотор явагдаж буй эрдэм шинжилгээний байр байдал, зорилт, төлөвлөгөө, шаардлагатай ном материал зэргийг маш тодорхойгоор гадаадын эрдэмтэн нарт нээлттэй бичиж, тухай бүрт зөвлөгөөг авч, эрдмийн нарийн холбоог тогтоож байлаа. Түүнээс гадна Германд суугаа багш Ишдоржин, Ленинградын Их сургуульд сургахаар явуулсан Дорж Балдано, Францад байсан мэргэн Гомбожав нартай байнга харилцаатай байж Монголын судлалтай хамаатай мэдээлэлийг авч, ном материалыг цаг үргэлжид мөнгийг нь өгч захиалан авч, тэдгээр орны эрдэмтэдтэй харилцаа үүсгэж байсныг бид архивын баримтаас тов тодорхой мэдэж болно.
Тэдгээр захидал харилцааны дотроос Ж.Цэвээний ажлыг нягт нямбай, бусад эрдэмтдийн өмнө үнэнчээр чин сэтгэлээсээ хандах байдал, уйгагүй хөдөлмөрийг харахын зэрэгцээ бичгийн соёлыг ч үзэх бололцоотой. Түүний захидлуудын дотор дэлхийн цартай том эрдэмтдээс эхлээд жирийн оюутан суралцагч хүртэл хүнтэй эрдэм мэдлэгийг харамгүй хуваалцсан захидлууд, цахилгаан, зурвас буй. Ж.Цэвээний дэмжлэгтэйгээр Ленинградын Их сургуульд суралцуулахаар явуулсан Балданы Дорж, Гарсай Абидайн хоёрыг өөрийн төгссөн Петрградын Дорнын амьд хэлтэнүүдийн хүрээлэнд Монгол-Түвэд хэлний хичээл үзүүлэхээр холбогдох зохих зардлыг гаргаж илгээж [49] суулгаад түүгээр дамжуулан эрдэмтдийн судалгааны чимээ мэдээ авах, шинэ хуучин ном материалыг худалдан авч цуглуулах ажлыг хийж байжээ. Энэ тухайгаа В.И.Котвич, Б.Я.Владимирцов нарт “...гурван ядуу залуу буриад, судар бичгийн хүрээлэнгийн хоёр судлаач нарыг хүлээн авна уу [50] хэмээн 1923 оны 8 сарын 25-нд цахилгаанаар мэдэгджээ. Багш шавийн ийм амьд харилцаа бол тухайн судалгааны газартаа нэмэртэй төдийгүй цаад залуу судлаачдаа бодит үр дүнгээ өгдөг тун сайн талтай. Тэр хэмжээгээр уг судлаач ном бичигтэй, эрдэмтэн мэргэдтэй танилцаж өөрийн мэдлэгийг тэлдэг юм.
Тэднийг Петроградад очсны дарааханаас л Ж.Цэвээн “Плано Карпини”-ы номны зураг, дундад болон шинэ, нэн шинэ түүхийн ном, хэвлэлийн дардас, Улаан-Үдэд байсан Базар Барадинд Радловын толь [Опытъ словаря тюркскихъ наречiй В.В.Радлова. СПб., 1893. Том. I-II] бичиг, Паллас [Путешествiе по разнымъ провинцiямъ Россiискаго государства. 1772 и 1773 годовъ. СПб., 1788 года]-ын ном, Рашид-Ад-дины [И. Н.Березина. История монголов" и "История Чингиз-хана", персидский текст, русский перевод и примечания). Труды Восточного отделения Российского Археологического общества, (ТВОРАО), тт. V. VII, VIII, XV, СПб., 1858, 1861, 1868, 1888], Тимковский [Путешествие въ Китай чрезъ Монголiю], Иакинф [Записки о Монголии. Т.1-2. СПб., 1828. — 339 с.] зэрэг номнууд захиж авч байжээ. Эдгээр ном нь өдгөө цагт нэн ховордсон бөгөөд Монголын Үндэсний Номын санд буй хувь бол Ж.Цэвээний энэ үед захиж олж аваад хожим 1932 оны 4 сард Ленинград явахдаа орхиж үлдээсэн номнуудын дотор зарим нь байсан [51] .
Өнөө үед ч Ж.Цэвээний үед цуглуулсан гадаад олон улсуудаас хураан цуглуулсан ном судрууд, судалгааны эх хэрэглэгдэхүүн, сэтгүүлүүд бол манай улсын Үндэсний номын сангийн хамгийн чухал ховор номын сан хөмрөг болж байна. Ховор эрдэм шинжилгээний ном бүтээлүүдийг хэдийгээр тухайн үед бүрэн дүүрэн ашиглах судлаач, мэргэжилтэн нэн хоьвор байсан ч хожмын үед тусыг бодож алсыг харан цуглуулсан ба олдохуяа бэрх ховор материалуудыг ч эрж хайж, захиж байж олж авдаг, зарим чухал ном хэрэглэгдэхүүнд мөнгө үл хайрлаж байсныг баримтаас мэдэх бололцоотой.
Ж.Цэвээн 1930 онд эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлаа өгч “салбарын эрхлэгч” нэртэй судлаачаар ажиллах болсноос хойш 1932 оны 5 сар хүртэл ажиллаад өөрийн багш С.Ф.Ольденбургийн дэмжлэгээр Ленинградын Дорно дахины хүрээлэнгийн Монголын тасагт шилжин ажиллласан билээ. Түүний ийнхүү шилжин ажилласныг зарим эрдэмтэд Монголын төрөөс шахаж хавчсан, түүнийг баруунтан хэмээн шийтгэсэн, Цэвээн эх орондоо [Зөвлөлт холбоот улсыг хэлж байна. С.Ч] ирж ажиллах болсон гэх зэргээр бичдэг юм. Харин Монголын архивын мэдээг анзаарвал тэрээр “холбоот улсын ШУА-д судалгааны ажлаар томилолт аван” явах анхны шийдвэрээр явжээ. 1932 оны 3 сарын 29-ний өдрийн ШУХ-гийн эрхлэх товчооны 6-р хурлын тогтоолд:
Монголын феодалын байдал ба ангийн хагарал зэргийг шинжлэхэд чухал хэрэгтэй хуучин “Халх журам”-ын бичиг ба мөн тэр үеийн энэ тухай холбогдолтой хууль дүрэм зэргийг орос болгон бэлтгүүлэх ба бас тус хүрээлэн академи хоёроос удаа дараа хавсарсан шинжилгээний зарим чухал материалаас боловсруулан гаргах нь чухал бөгөөд үүнээс хэрхэн гүйцэтгүүлэх тухай. Нэгийг хэлэлцээд Холбоот улсын ШУА-ийн харьяа эрдэмтэн Владимрцовын бэлтгэн боловсруулж байсан үүний тухай ном дэвтрүүд үлэмжхэн буй эдээр Жамсрановын тэнд бэлтгэн цуглуулж хадгалсан ном дэвтрүүд нилээд буй учир тус хүрээлэнгийн эрдэмтэн Жамсрановыг мөнхүү Холбоот улсын ШУА-ийн харьяа илгээж тэнд суулган энэ тухай ажлыг боловсруулан гүйцэтгэвээс дав дув болох тул Жамсрановийн замын зардал цалин зэргийг олгож нэн даруй явуулахаар тогтов” [52]
гэсэн шийдвэр албан ёсоор гарч түүний хамаарах зардал, ажиллах чигийг тодорхой заасан юм. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 1932 оны 4 сарын 4-нд түүнийг ийнхүү шинжилгээний ажлаар явах болсны тул олон газрууд түүний учрыг мэдэж аль болох тусламжийг үзүүлж өнгөрүүлэхийг хүссэн дарга А.Амарын тогтоол гарчээ. Харин Ж.Цэвээнийг явах яг энэ мөчид багш С.Ф.Ольденбург нь Ленинградын Дорно дахины хүрээлэнд ажилд авахуулахаар идэвхтэй хөөцөлдөж 4 сарын 21-нд ЗХУ-ын ШУА-д ажиллах шийдвэр гаргуулсан байв.
Ж.Цэвээний авч явах зарим ном зохиол зэргийг Гаалийн газарт задлан үзүүлэхгүйгээр нэвтрүүлэх үнэмлэх бичгийг хүсэж БНМАУ-ын Худалдаа ба Аж үйлдвэрийн яаманд илгээж, нэг хэсгийг нь бүртгэн авч үлдээгээд явжээ.
Тэрээр ийнхүү Монголын Шинжлэх ухааны хүрээлэнгийн албан томилолт авч ЗХУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнд шилжин ажилласан бөгөөд дахин эргэж ирээгүй юм. Мэдээж түүний хувьд эрдэм шинжилгээний ажлаа эрчимжүүлэх, судалгааны төлөвлөсөн ажлуудаа дуусгах нэн чухал үе байсан төдийгүй Монголын улс төрийн нөхцөл байдал ч нэн ээдрээтэй болж ирсэн билээ. Хэдий тийм боловч Ж.Цэвээн төрөлх хүрээлэнтэйгээ байнгын холбоотой байж, ЗХУ-д суралцах залуу судлаачдад туслах, ном материал солилцохоос гадна Шинжлэх Ухааны хүрээлэнгээс түүнтэй байнга харилцаж янз бүрийн зөвлөгөө болоод тусыг авч байв. Хожмын Монголын нэртэй судлаач Ц.Дамдинсүрэн 1930-аад оны үед ЗХУ-д суралцах үедээ Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Л.Дэндэвт бичсэн нэгэн захидалдаа “цэвээн абугай бидний төлөө энд тэнд гуйж их тус болов” гэж бичжээ.
Монголын Шинжлэх ухааны хүрээлэнгээс Ж.Цэвээний Монголд байхдаа бичиж эхэлсэн “Хөвсгөл нуурын Урианхай, Дарьганга, Өөлд, Дархад, Мянгад, Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Захчин, Хошууд, Дарьганга, Хамниган зэрэг үндэстэний гарал үүсэл”, “ Хөх Монголын хөх тус” зэрэг номуудын зардлыг гарган нийтлүүлж, Рашид-Ад-диний зохиолын орос орчуулгаас орчуулга хийлгүүлэхээр тохирч зохих төлбөрийг төлж зохих тус дэмийг үзүүлсээр байсан.
Түүгээр зогсохгүй Монголын Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс эрдэмтэн Ж.Цэвээний Монголын шинжлэх ухаанд гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлэн Үндсэн хууль батлагдсаны 10 жилийн ойгоор түүнд:
үүнийг баригч Жамсраны Цэвээн болбаас тус шинжлэх ухааны хүрээлэнг Монголын ардад анх зохион байгуулах их хэрэгт тэргүүлэн санаачилж удирдан байгуулалцсан ба мөн тэр цагаас эхлэн эдүгээ хүртэл шинжлэх ухааны ба үндэсний соёл боловсролыг хөгжүүлэн мандуулах хэрэг ажилд туйлын шударгуу, хичээнгүйгээр зүтгэж тусалсан гавьяа зүтгэлийг ардын үндэсний хувьсгалт засгийг байгуулсан 13 жилийн ой ба Бүгд найрамдах засгийг байгуулж үндсэн хуулийг баталсны 10 жилийн ойн их баяраар тохиолдуулж эрдэмтэн Цэвээний бүтээсэн гавъяаг илэрхийлэн дурдаж сайшаан тэмдэглэсүгэй. Иймийн тул сайшаалын үнэмлэх олгов. Товчооны дарга Дэндэв” [53]
гэсэн үгтэй сайшаалын үнэмлэх бичгийг бусад эд өлгийн хамт шагнан явуулсан даруй Ж.Цэвээнээс хүлээн авч талархалын захидлыг 1935 оны 5 сарын 22-нд бичсэн захидалдаа:
“миний зүтгэлийг тэмдэглэж олгосон сайшаалын үнэмлэх бичиг ба шагнасан бичгийн сав дээлийн торго сэлтийг энэ оны 3 сарын 15-наас хүлээн авлаа. Үүнд өтөлс буурсан миний бие ихэт баярлан сэтгэл сэргэж болхи бие молхи ухааны хирээр хүчээн шавхаж Монгол үндэсний соёл боловсролыг мандуулах хэрэг үүлст оролцсугай хэмээмүй” [54]
гэж хариу талархалаа илэрхийлсэн байна.
Ж.Цэвээн хэдийгээр харь улсад сууж байсан ч Шинжлэх ухааны хүрээлэнд өөрийн чадлын хирээр тус нэмэр болохыг хичээж, түүний үйл ажиллагаа, ном бүтээлд үргэлж чих тавин анхаарч байсан бөгөөд тухайн үед ЗХУ-д суралцаж байсан Мэргэн гүн Гомбожаваас Хүрээлэнгийн дарга Л.Дэндэвт бичсэн захидалд
“Цэвээн авгайн бие сайн таны хэлсэн ёсоор хүрээлэнгээс сүүлийн үед хэвлэн гаргасан зүйлүүдийг хянан үзэж санал онолоо өгсүгэй гэнэ. Гагцхүү Цэвээн авгай 22 оноос хойш эдүгээ хүртэл хүрээлэнгээс хэвлэн гаргасан ном дэвтрүүдийг хувьдаа олж аваагүй учир тус бүр нижгээд хувийг эрхбиш ирүүлмүй гэнэ” [55]
хэмээн гуйсныг дамжуулжээ.
Ийнхүү Монголын орчин цагийн түүхэнд Шинжлэх ухааныг хөгжүүлэх түүхэн үүрэг Жамсраны Цэвээнд оногдож, түүнийг нэр төртэй хийж, хожмын түүхэнд өөрийн нэрийг үлдээж чаджээ. Ж.Цэвээн улс төр, нийгмийн зүтгэлтэн гэхээс илүүтэй Монгол улсад шинжлэх ухааны бүхэл бүтэн өв, хөгжих эрх зүйн орчин, түүхэн уламжлал, эрдэм судлалын бүтээлүүд, эрдэмтэн мэргэдийг бэлтгэх ажлыг бүтэн 10 гаруй жилийн туршид амжилттай хийж гүйцэтгэснийг Монголын Үндэсний архивт хадгалагдаж буй түүхийн баримт илтэд нотлоно. Хэрвээ тухайн үед Монголын Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө өрнийн боловсролтой, дорнын ухаантай, монголоо харах нүдтэй энэ эрдэмтэн 10 жилийн хүчээ өргөөгүй бол хожмын Монголын Шинжлэх ухааны их айл үүсэн бүрэлдэх, төлөвшин тогтох, дурсах түүх ямар нэгэн хэмжээгээр хойшлон саатах байсантай санал нийлэх хэрэгтэй биз ээ.


[1] ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор
[2] Энэ өгүүлэл Олон улсын Монгол судлалын холбооны “Монголика” сэтгүүлд нийтлэгдсэн болно.
* тухайн үед Бичиг Судрын хүрээлэнгийн дарга нь эрхэлсэн сайдын зиндаатай байсан бөгөөд хүрээлэнгийн эрхэлсэн сайд хэмээн нэрлэж байв.
[3] Монгол Улсын Үндэсний Төв архив. [цаашид МҮТА гэнэ]. ф.23, д.1, хн.3, эх бичмэл.
[4] МҮТА. ф.23, д.1, хн.2, нугалбар 1. Богд хаан улаан бийрээр бичиж, мутарын тэмдэг дарсан
[5] МҮТА. ф.23, д.1, хн.2, нугалбар. 4, эх бичмэл.
[6] Мөн тэнд.
[7] Мөн тэнд.
[8] Мөн тэнд.
[9] МҮТА. ф.23, д.1, хн.22, хуудас 1.
[10] МҮТА. ф.23, д.1, хн.22, хуудас 17.
[11] МҮТА. ф.23, д.1, хн.22, хуудас 14.
[12] МҮТА. ф.23, д.1, хн.22, хуудас 27.
[13] МҮТА. ф.23, д.1, хн. 48.
[14] МҮТА. ф.23, д.1, хн. 48.
[15] МҮТА. ф.23, д.1, хн. 48, дээрээ “нууц” гэсэн тамгатай.
[16] Мөн тэнд.
[17] МҮТА. ф.23, д.1, хн.79, хуудас17. //Энэ үед 3500 янчаан нь хэдийгээр нэлээд мөнгө боловч 1926 онд Зөвлөлтийн эрдэмтэн Г.Е.Грумм-Гржимайлогийн “Западная Монголия и Урянхайский край. Том второй. Исторический очерк этих стран в связи с историей Средней Азии. // Л.: 1926. VI+900 с.” номыг хэвлүүлэхэд 5000 янчаан орж байлаа.
[18] МҮТА. ф.23, д.1, хн.79, хуудас 22.
[19] МҮТА. ф.23, д.1, хн.48, дээрээ “нууц” гэсэн тамгатай.
[20] МҮТА. ф.23, д.1, хн.79, хуудас1-4.
[21] МҮТА. ф.23, д.1, хн.79, хуудас 1-4.
[22] МҮТА. ф.23, д.1, хн.79, хуудас 12-15.
[23] МҮТА. ф.23, д.1, хн.115, хуудас 13.
[24] МҮТА. ф.23, д.1, хн.115, хуудас 14-15.
[25] МҮТА. ф.23, д.1, хн.115, хуудас 14-15.
[26] МҮТА. ф.23, д.1, хн.79, хуудас 17.
[27] МҮТА. ф.23, д.1, хн.144.
[28] ГАРФ. Ф.5446. Оп. 37. Д.10. листов 256-257.
[29] МҮТА. ф.23, д.1, хн.144.
[30] МҮТА. ф.23, д.1, хн.145, хуудас 9.
[31] МҮТА. ф.23, д.1, хн. 222.
[32] МҮТА. ф.23, д.1, хн.291, хуудас 10.
[33] МҮТА. ф.23, д.1, хн.275, хуудас 6.
[34] МҮТА. ф.23, д.1, хн.345.
[35] МҮТА. ф.23, д.1, хн.502, хуудас 103.
[36] МҮТА. ф.23, д.1, хн.345.
[37] МҮТА. ф-23, д-1, хн-9, хуудас 2.
[38] МҮТА. ф.23, д.1, хн.3, эх бичиг.
[39] МҮТА. Ф. 23. Д.1. хн. 51. хуудас 50.
[40] МҮТА. Ф. 23. Д.1. хн. 51. хуудас 31.
[41] МҮТА. ф.23, д.1, хн.79, хуудас 12-15.
[42] МҮТА. Ф. 23. Д.1. хн. 51. хуудас 75.
[43] МҮТА. ф.23, д.1, хн.222.
[44] Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн баримт мэдээлэлийн төв. Гар бичмэлийн сан. Хөмрөг 7. Д. 3. ХН-1. Гар бичмэл. хуудас 86. //В.А.Казакевич. Центральная Гоби и Золотой караул. Работы гобийской партии Учёного комитета летом и осенью 1924 г. - В.А.Казакевич. Отчёт сотрудников учёного комитета В.А.Казакевич и В.И.Лисовского о поездке на водораздел р.Толы и Керулена 5-17 июня в 1924 г. 10 хуудас.
[45] МҮТА. ф.23, д.1, хн.222.
[46] АРГО. ф.32, оп.2, д.61. Эх.ҮТА. сх.23, оп.1, д.135, х.104.
[47] МҮТА. Ф-23. Д-1. Хн-219. хуудас 130-131.
[48] МҮТА. Ф-23. Д-1. Хн-120. хуудас 74.
[49] МҮТА. Ф-23. Д-1. Хн-51. хуудас 21. //1923 оны есдүгээр сард ДОРЖИ БАЛДАНО, ГАРСАЮ АБИДАЙН хоёрт тодорхойлолт хийж өгөн Петроградад томилон явуулжээ. Энэ бол магадгүй Үндэсний ардчилсан хувьсгалаас хойш Монгол улсаас анх удаа гадны их сургуульд суралцахаар явсан Монгол хүмүүс байж болох юм.
[50] МҮТА. Ф-23. Д-1. Хн-51. Хуудас 16.
[51] ЗХУ-ын ШУА-д томилолтоор ажиллахаар явсан Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ажилтан Цэвээн Жамцараногийн эрдэм шинжилгээний материал, номын бүртгэл Үндэсний архивт хадгалагдаж байгаа.
[52] МҮТА. ф.23, д.1, хн.383, хуудас10.
[53] ОХУ-ын Санктпетербург хотын Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн. Ф-62. Опись 3. Ед/хр-4. Энэхүү захидлыг С.Чулуун миний бие анх 2010 оны 11 сард тус архив ажиллахдаа олж гараар хуулбарлан авсан ба Олон улсын Монгол судлалын холбооноос эрхлэн гаргасан “mongolica-43” дугаарыг Ж.Цэвээнд зориулан гаргах болсныг сонсож Хэл зохиолын хүрээлэнгийн Э.Пүрэвжавт өгснийг тэд дээрх сэтгүүлд нийтлүүлсэн. ОХУ-ын Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор ирина Феодаровна Попова С.Чулуун надад уг захидлын эхийг хуулбарлуулан өгсөнд талархал илэрхийлж байна.
[54] МҮТА. ф-23, Д-1, ХН-497, хуудас 13.
[55] МҮТА. ф.23, д.1, хн.497, хуудас 13.

No comments:

Post a Comment