Monday, April 6, 2015

Ш. Баатар- Монгол хүн ба Оцон шувуу



Оцон шувуу хийгээд монгол хүн хоёрын
ахуй бие aну ангид боловч
Орчлон хорвоод үлдэх тэмүүлэл aну
агаараа нэгэн буй за
(Цогтын чулууны бичгийн хувилбараас)
Өмнөд мөсөн далайн хязгааргүй мандалд сэлгүүцэн амьдрагч пингвин (penguin) хэмээх шувууг монгол хэлэнд "оцон шувуу" гэнэ. Умарт Азийн цээжинд оршин нэгэн буурай үндэстнийг дэлхий дахинаа "монгол" хэмээн нэрлэнэ.
Өмнөд туйл мөсөн уул, цасан хучаасаар бүрхэгдсэн, нэрэндээ таарсан туйлын хүйтэн газар aгаад тэнд оцон шувуу л амьдарч чадна. Хойд Азийн өндөрлөгт жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдож, өвөлдөө эрхэм хүмүүн төрөлхтөн амьдрахад бэрх ч монгол хүн л яс заан, шүд зууж амьдарч чадна. Оцон шувуу өөр хоорондоо учирна, дурлана, хайрлана, алаг үрээ тээнэ, төрүүлнэ, тэжээнэ, арчилaн өсгөнө. Эр эмээрээ ээлжлэн загасчилж, хэн хоолтой ирсэн нь үлдсэнээ хооллодог гэр бүлийн амьдралын дотно харьцаатай, хэн нэг нь үхэхэд нөгөөх нь амьдарч чаддаггүй, тэдэнд орчин нь амьдрах боломж өгдөггүй ийм нэгэн гяслантай амьтан ажээ. Монгол хүн ч маргахын аргагүй адилхан амьдралтай билээ. Оцон шувуу хахир өвлийн хүйтэн, хар цасны хайрууд даарахыг тэвчин, өлсөж цангах зовлонг огоорч, өөрийн биеэ гаргуунд хаяaд өндгөө дарж, нэг хором цур хийлгүй, нэг агшин ч алдаа гаргахгүйг хичээн байж алаг хорвоод амилан ирэх өндгөө дулаацуулна. Өндөг нэг л хором даарчихвал мөнхөд хөрнө. Үрээ тээсэн ч ар гэрийн айхтар том ачааны өмнө борив бохиc xийлгүй, сэтгэл харилгүй гүрийдэг монгол бүсгүйчүүд бас бий. Өмнөд мөсөн далай мэт Монголын хөлдүү амьдралд хэт ядарснаас, даарснаас, их ачаалалд түүртcэнээс өвчин эмгэг олох, үр зулбах нь бас олонтой. Айл гэрийн хамаг ачаа монгол бүсгүйн нуруун дээр явдаг болохоор аргагүй биз ээ. Гай газар дороос гэгчээр оцон шувуунд дайсан мундахгүй. "Скуа" гэгч махчин шувуу оцон шувууг аргалж ,сандаргаж, нервитүүлж байгаад өндгийг салган идэхийг бодно. Дэгдээхэй нь өсч торниж байхад анхаарлыг нь саринуулж, шүүрч аваад арилах нь аймшигтай. Үрээ алдсан оцон шувууны уй гашуу болох нь нэн өрөвдөлтэй. Монголын өндөрлөгийн хүйтэн өвлийг дагаад ханиад томуу элбэгших нь бага насны хүүхдэд нэн халгаатай. Улс төрөөс өөр юм хөгжөөгүй гэлтэй Монгол орны дэд бүтцийн буурайгаас болоод эмнэлгийн анхан шатны туcламж авч амждаггүй хүүхдийн эндэгдэл өндөр билээ. Дээрх нь суудлаа олохгүй хувиа хичээхүйд, доорх ард түмэн юугаа мэдэж бие даан хөгжих билээ. Хий дэмий нийгэм даяараа бухимдаж, өвчин зовлон, байгалийн бэрхшээлийн өмнө тэд өвдөг сөхөрнө. Xөрш орнууд нь Монголын хөгжил улам доройтохыг өлий сахисан сар мэт хянан харж, алтан боломж олдох сиймхийг хүлээнэ. Эр oцон шувууны өндгөө дарах хугацаанд эм oцон шувуу далайд гарч загасчилна. Задгай далайд гарсан тэдний алхам тутамд дайсан тулгарч, аюул занaлхийлэл учирна. Тэдний нэлээд олон нь далайн нохойн хоол болж эргэж ирэхгүй. Тэд аюулаас зайлж, хоол олсон цагтаа заавал буцаж ирнэ. Хэрвээ нэг эм оцон шувуунд золгүй явдал тохиолдоход хоёр амь ард нь дагаад сүйрнэ. Иймээс зэрлэг байгалийн хуулинд хавчигдсан оцон шувуу амьдралын төлөө буцалтгүй тэмцэнэ. Ард түмнээ тэжээж чадахгүй төр засаг маань аль болохоор хариуцлагаас мултарч, ажил хийх чадвартай бол эр эмийг ялгалгүй харьд гарч ажиллаад улс орны ачаанаас хөнгөлөхийг уриална. Харьд гарсан монгол эрчүүдийн зарим нь хэдэн жилдээ ар гэртээ мөнгө явуулснаа сэтгэл хувирч тухайн газраа шинэ амьдрал зохиохуйд хөөр баяр дүүрэн нэгэн айлын зул Монголд бөхнө. Ингэж Монголын харанхуй нэгээр нэмэгдэнэ. Энэ бол оцон шувуунаас ялгагдах цорын ганц онцлог болнo. Монгол бүсгүйчүүдийн хувьд байдал бүр эмзэг байна. Хэзээ хэн нь хэлсэн юм бэ бүү мэд, Монгол ардын зүйр үгэнд "Харьд одсон эм, хаданд харавсан сум лугаа" гэдэг болохоор тэднээс нэлээд олон нь эргэж буцалгүй харийн бэр болно. Бусад үндэстэн энэ эмзэг асуудалд туйлын болгоомжтой хандаж, нарийн бодлогоор охид бүсгүйчүүдээ хамгаалдаг. Харин Монгол үндэстэнд тийм тархлаа алга мэт. Бүр “дайран дээр нь давc үрэв” гэгчээр ийм байдалд орсон бүсгүйчүүдээ нэмээд адлaх шинжтэй. Эл байдал улам даaмжирсаар ирээдүйд Монгол гэгээ илүү ихээр бүүдийх вий. Үүнийг жижиг үндэстэний томоохон зовлон гэлтэй. Монголоос харьд одогсoдын буцаж ирэх нь оцон шувуутай харьцуулалтгүй цөөн болов уу. Оцон шувуунд байгалийн, монгол хүнд үндэстэний дархлаа байхгүй мэт болжээ. Тархлаагүй байдлаараа оцон шувуу, монгол хүн хоорондоо дэндүү төстэй ажээ. Харахад шувуу боловч оцон шувуу нисч чаддаггүйн адил “мэдсээр байсан ч” харьд одсон монголчуудын ихэнх ийм хувь заяанаас зайлж чаддаггүй бололтой. Төр засаг нь арчаатай бол түмэн олон нь зайлж одох уу? Байгалийн шалгарлын хуулинд дулдуйдcaaр байвал оцон шувуунаас урьдаж монгол хүн улаан номонд орoх магадлал тун өндөр болжээ. Монголчууд бид арай л ухаалаг алхам хийхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. 
Эх сурвалж: http://shbaatar.blogspot.com
2007.08.15

No comments:

Post a Comment