Friday, February 27, 2015

Ураг төрлийн нэрийн толь

Аав – даруй эцэг хэмээх үг. Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын аав.
Нагац аав – Нагац эцэг хэмээх үг. Эхийн эцгийг энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг – өвөг аавын эцэг.
Элэнц эцэг – өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг – элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц эцгийн эцэг.
Хулан – элэнгийн эцэг.
Ээж ижий – даруй эх хэмээх үг. Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
Эмэг ээж – ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
Өндөр эмээ – эмэг ээжийн эх.
Элэнц эх – өндөр эмээгийн эх.
Хуланц эх – элэнц эхийн эх.
Төрөл – нэг овгийг төрөл гэнэ.
Хүй – даруй төрөл хэмээх үг. Төрөл хүй гэж холбон хэлэлцдэг.
Удам – нэг овгийн хүмүүсийг удам гэдэг.
Угсаа – нэг салаагаас төрсөн хүүхэд ачинцрыг нэг угсаа гэнэ.
Аглаг – төрлийн үе сунжирч холдсоныг аглаг гэдэг.
Аглаг салбар – үе сунжирсан төрлийн салаа салбар, төрлийн үе сунжирч холдсон салаа.
Аглаг төрөл – үе сунжирсан төрөл, үе холдсон төрөл.
Ууган (ахмад, том) хүү, охин – анхны хүү, охин, хамгийн том хүү, охин.
Отгон (бага) хүү, охин – хамгийн бага хүү, охин.
Ач – хүүгээс төрсөн хүү, охин.
Ач дүү – ах, эрэгтэй дүүгийн хүүхэд.
Зээ – охиноос төрсөн хүү, охин.
Зээ дүү – эгч буюу охин дүүгийн хүүхэд.
Зээнцэр – зээгийн хүүхэд.
Ачинцэр – ач дүүгийн хүүхэд.
Жичинцэр – ачинцрын хүүхэд.
Жич – ач хүүгийн хүүхэд.
Гуч – жичийн хүүхэд.
Дөч – гучийн хүүхэд.
Тач – дөчийн хүүхэд.
Жилийх – тачийн хүүхэд.
Талийх – жилийхийн хүүхэд.
Нагац (ах, эгч, дүү) – ээжийн ах, эгч, дүү.
Авга (ах, эгч, дүү) – аавын ах,эгч дүү.
Хадам аав, ээж – нөхөр (эхнэрийн)-ийн аав, ээж.
Хадам ах,эгч, дүү – нөхөр (эхнэрийн)-ийн ах,эгч, дүү.
Хүргэн – охин буюу дүүгийн нөхрийг хүргэн гэдэг.
Хүр ах – эгчийн нөхөр.
Хүр дүү – дүүгийн нөхөр.
Бэр (бэргэн) – хүү, дүүгийн эхнэрийг бэр гэдэг.
Бэргэн (бэр эгч) – ахын эхнэрийг бэргэн гэдэг.
Баз – эгч, дүү хоёрын нөхөр бие биеэ баз хэмээн дууддаг.
Авьсан – нэг айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан гэдэг.
Ажин – дүүмэд бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
Бөл – эгч, охин дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
Бөлөнцэр – хоёр бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
Үеэл (үеэлэд) – ах, дүүгийн хүүхэд хоорондоо үеэл болдог.
Хаяал (хаяалад) – үеэлийн хүүхэд.
Үенцэр – хаяалын хүүхдийг үенцэр гэдэг.
Худ ураг (худ худгай) – хоёр талын хадмууд бие биеэ ингэж дууддаг.

No comments:

Post a Comment