Бор хоол
Аливаа улс үндэстний хоол хүнс нь тухайн орны байгал цаг уурын нөхцөлтэйгөө салшгүй холбоотой байдаг бөгөөд тэр ч үүднээсээ өөрийн дипломын ажилдаа энэ сэдвийг цухас боловч дурдсан болно.
Монголын нууц товчоонд Алунгоо эх таван
хөвүүндээ хаврын нэгэн өдөр “хонины хөншилмөл мах”[1]
чанаж өгсөн тухай өгүүлдэг бөгөөд хаврын улиралд хүн амьтны тамир тэнхээ
сульддаг тул тамир тэнхээг сайжруулах зорилгоор хонины шүүс шөлийг идэж байсны
тодорхой жишээ юм. Г. Рубрукийн тэмдэглэлд “Ундааны оронд шөлийг ходоодны
хэмжээгээр ууж болно. Махны шөлийг ханатлаа уухад бие сайхан тэнхрэх бөгөөд гэм
хоргүй, хамгийн өлтэй ундаа мэт санагдсан”[2]
хэмээн өгүүлсэн зэргээс хонины шөл нь ямар тэнхээ сэргээх чадал сайн болохыг
тодорхой харуулж байгаа юм. Мөн түүнчлэн Сорхон шар (§87 МНТ), Наху баян (§93 МНТ) нар Тэмүжинд замын хүнс болгож тэлээ хурга муулж
хүнс болгон өгдөг. Намрын цагт тэлээ хурга нь хамгийн тарга тэвээрэг сайтай
байх нь тодорхой юм.[3]
Богино хугацаанд буюу ганц хоёр өдөрчийн газрыг туулахдаа хурганы махаар хүнс бэлтгэдэг ажээ. Түүгээр ч
барахгүй яаралтай туулах шаардлагатай үедээ хурганы махыг туламлан авч явдаг
байсан бололтой. Жишээ нь Хэрэйдийн Ван хан Чингис хаанд халдахаар зэхэж буй
мэдээг хүргэхдээ Бадай, Хишлиг хоёр хурганы махаар хүнс бэлтгэдэг бөгөөд
ингэхдээ “хургаан алж, ороон эвдэн түлж чанаад”[4]
авч явсан байдаг. Хар татарын хэргийн
товчид “Шарж идэх нь 10-аас
9, чанаж идэх нь 10-аас 2, 3”[5]
гэсэн бөгөөд Монголын нууц товчоонд
Добу мэргэн тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарахад “Ой дотор Урианхадай хүн чөх
буга алж хавирга авидыг нь шарж бүхүйд золгов”[6]
хэмээн өгүүлсэн байдаг. Эдгээрээс үзвэл цаг уурын
нөхцөл, аж ахуй зэргээс шалтгаалан хоол хүнсээ хурдан болгох арга ухааныг
мэддэг байжээ.
Монголчууд үхрийн махыг ч мөн адил хүнсэндээ
хэрэглэдэг бөгөөд энэ тухай сурвалжид нарийн тодорхой тэмдэглэсэн зүйл үгүй
бөгөөд Хар татарын хэргийн товчид “Сюй Тин, би Монголд сар илүү болоход татаар хүмүүн үхэр
алж идэхийг эс олж үзэв”[7]
хэмээн өгүүлсэн байдаг. Харин Монголын нууц товчооны 214 дүгээр зүйлд
татарын Харгил Шар Чингис хааны отгон хөвүүн Толуйг хороохоор завдах үед
“гэрийн ард Жэтэй Зэлмэ хоёр мугал-зар хар үхрийг муулж”[8]
байсан тухай өгүүлдэг. Энэ нь монголчууд үхрийн махыг хүнсэндээ хэрэглэж байсны
жишээ бөгөөд “үхэр нь монголчуудын хүнс хоолны гол ирлийн нэг нь болж байжээ.”[9]
“Үхрийн махыг өвөл зунгүй иддэг бөгөөд цэргийн хүнсэнд хэрэглэх зорилгоор
хатаан борцолдог байжээ.”[10]
Борцыг авч явахад хөнгөний дээр шинэхэн махнаас дутахгүй чанартай байдаг.
Монголчууд “борцоо ширэн туламанд хийж хадгалах”[11]
бөгөөд өдөржин морин дээр буудаллах завгүй давхих үед дангаар идэж
хэрэглэхэд амттай, өл сайн даадаг байна.[12]
Ан ав нь цэрэг дайны бэлтгэлээс гадна монголчуудын
амь зуулгын нэг нь байжээ. Монголын нууц
товчоонд (§12, §26, §27, §76,§89, §90,
§109, §200) ангийн махыг хүнсэндээ хэрэглэж байсан тухай олонтаа
дурддаг. Монгол нутагт ирж байсан жуулчид ч мөн энэ тухай дурдсан байдаг.
Тэдний тэмдэглэлд монголчууд хулганы махыг иддэг хэмээн өгүүлсэн байдаг нь үнэн
хэрэгтээ тарвага байсан байж болох юм. Тарваганы махыг “зун намрын урин цагт
боодог, хорхог хийдэг байсан нь хий ядаргаа, сульдаа өвчнийг дарахад тустай”[13]
байдаг ажээ. Монголын нууц товчооны 90 дүгээр зүйлд Бэлгүдэй тарвагачилхаар явсан
тухай өгүүлдэг[14] бөгөөд
зуны цагт монголчууд цагаан идээгээр хооллох тул махассан үедээ хүнсэндээ
хэрэглэдэг байсан бололтой.
Мөн түүнчлэн Монголын
нууц товчооны 200 дугаар зүйлд Жамуха Найман аймгаас салж одоод Тагнын
ууланд угалз агнаж идсэн тухай өгүүлдэг.[15]
Угалзын мах нь хонины махнаас дутахгүй чанарлаг байдаг ажээ.[16]
Монголчууд бугын махыг
амтгүй (авын хүрээнд орсон буга амь тэмцэн зугтан гүйдэг. Гүйж тэмүүлсэн бугын
мах амтгүй хэмээдэг) хэмээн алдаггүй.[17]
Монголчууд малын махыг ихэвчлэн хэрэглэж байсан. Монгол
үхэр адууны булчинд агуулагдах үл орлогдох тосны хэмжээ нь бусад суурин
маллагаатай малаас 2-3 дахин их байдаг[18]
нь монгол цэргүүдийн тэсвэр тэвчээрийг илтгэх хүчин зүйлүүдийн нэг нь болох
тодорхой.
[1] МНТ,
2011:36.
[2] Г.
Рубрук., 2000: 80.
[3] Намар
цаг хэмээн үзэж буйн цаад учир нь Сорхон шарынх шөнөжин айраг бүлж хонох бүлгээ
хэмээн өгүүлэхээс гадна Боорчи хөвүүн
гүү саан сууж байдаг тул намар цаг болов уу хэмээн таамаглаж байна.
[5]
Сүйтэн, 2005:243.
[6] МНТ,
2011:19.
[7]
Сүйтэн, 2005:243.
[8] МНТ,
2011:188.
[9]
Сайшаал, Чингис хааны товчоон “дээд
дэвтэр”, 2004:434.
[10] Мөн тэнд.,
2004:434.
[12] Баясах Ж,
2005:71.
[13] Ууганбаяр Б, Монголчуудын махан хоол хүнсэнд холбогдох ёс
горим, зан заншлын уламжлал \XIX
зууны сүүл XX зууны
эхэн\, 2004:20.
[14] МНТ,
2011:60.
[15] Мөн тэнд.,
2011:167.
[18] Түвшинжаргал Б, Зарим
нэрийн уламжлалт махан хоолны химийн найрлагын судалгаа, “Химийн шинжлэх
ухааны магистрын зэрэг горилсон бүтээл”, 2000.
No comments:
Post a Comment